АН-ын даргаар Лу.Болд сонгогдох магадлалтай
14 минутын өмнө

АН-ыг өвдөг сөхрүүлж, шившгийг нь дэлгэсэн З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын улс төрийн буг чөтгөрүүдийг ард түмэн өнгөрсөн сонгуулиар улс төрөөс арчиж хаясанд олон хүн талархаж буй. З.Энхболдын хувьд намын дарга асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, улмаар түүний оронд АН-ыг толгойлох болсон бөгөөд ҮЗХ-ны хурлыг хийлгэхгүй байсаар өнөөг хүрсэн билээ. Нэг хэсэг нь түүнийг АН-ын албан ёсны дарга биш гэж байсан бол одоо нэгэнтээ тэр огцорч урьд өмнө тус намын генсек байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьж, удахгүй ҮЗХ-ны хурлаа хийж, ирэх дөрвөн жил АН-ыг толгойлох хүнийг сонгох асуудал ид яригдаж байна. Одоогоор УИХ-д суудал авсан Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Я.Санжмятав нарын нэрс намын даргад нэр дэвших магадлал өндөр гэж ажиглагчид үзэж буй ч саяхан АН-ыг ялагдалд хүргэсэн С.Эрдэнийн хувьд З.Энхболдын "Шонхор фракц"-ын гишүүн тул намын даргад нэр дэвшлээ ч сонгогдох магадлал тун доогуур байгаа юм.
УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд дотроос бусдаасаа илүү боловсролтой, хэл аманд бага өртдөг, нэр цэвэр гишүүн нь Лу.Болд юм. Тэрбээр 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийх үеэр Монголын Оюутны холбоог толгойлон их улс төрд хөл тавьж байснаас хойш нэг ч удаа ялагдалгүй нэр дэвшсэн сонгууль бүртээ ялалт байгуулж ирсэн агаад Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайдын албыг нэр төртэйгээр хашиж байснаас биш намын даргад нэр дэвшиж байсангүй. Түүнийг АН-ын дарга боллоо гэхэд гайхах хүн байхгүй. Өнөөдөр цэвэрлэгээ хийх дээрээ тулаад буй АН-ын хувьд хэнээр намаа удирдуулахаас ирээдүй нь шалтгаалахад хүрчээ. Харин саяхан Баянхонгорт шившигтэй ялагдсан МоАХ-ны дарга "Женко" Х.Баттулгын хувьд намын даргад нэр дэвших сонирхол багагүй байгаа нь тодорхой юм. Тэрбээр АН-ын дарга болохын төлөө үхэн хатан зүтгэж ч мэднэ. Тэгж байж гэмээнэ 2020 онд АН-ыг олонхи болгож, Ерөнхий сайдын сэнтийд сууснаар Нүүрсчдийн нам гээчээс хариугаа авах нууц төлөвлөгөө боловсруулсныг үгүйсгэх аргагүй.
Эс бөгөөс, тэрбээр олон түмэнд мартагдаж дөрвөн жилийн дараа хэн ч биш болоход хүрэх магадлалтай. Тиймээс АН-ын шинэ даргад Баянхонгороос гаралтай Лу.Болд, Х.Баттулга нар хоорондоо өрсөлдөж мэдэхээр байна. Д.Эрдэнэбатын хувьд 2012 оны сонгуульд АН-ыг олонхи болгоход чадах бүхнээ хийснийг нь үнэлэх нэгэн бий ч намын нийт гишүүд шинэ тутам хүнийг үгүйлж байна. Тиймээс АН-ын даргад нэр дэвшвэл ирээдүйд тус намыг ялалтад хүргэж мэдэх цорын ганц хүн бол Лу.Болд л байгаа юм.
Харин намынхаа ирээдүйг тодорхойлогч ҮЗХ энэ бүх асуудлыг эцэслэн дэнслэх буй за.
Эх сурвалж: сонин Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment