М.Энхболд аваргыг "тонгоров"
5 минутын өмнө

Өчигдөр шөнө дунд хүртэл хуралдсан УИХ-ын чуулганаар Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 11 гишүүнийг баталлаа. Нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч 4 сайдын нэрийг татсаны эцэст ийнхүү дээрх 11 "азтан" сайдын суудалд залрав. Тэдний дунд Батлан хамгаалахын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнэ аварга анхаарал татсан юм.
Учир нь, тэрбээр 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид найман хувийн саналын зөрүүгээр ялагдсан. Аваргад "Шударга ёс" эвслээс нэр дэвшигч Н.Удвал "шавар хаагаагүй" бол сонгуулийн дүн арай өөр байх магадлалтай байсан. Тэгэхээр тэрбээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхэд гарч ирэхгүй гэх газаргүй байсан билээ.
Гэтэл түүнд Батлан хамгаалах яамыг хариуцуулснаар энэ нь талаар болов бололтой. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр МАН-ын дарга маань нам доторх хүчтэй өрсөлдөгчөө сайдын суудлаар "хуураад" замаасаа холдуулчихав уу даа гэсэн бодол төрөөд байгаа юм.
Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН-ын "Мэргэжлийн" Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд олигтой ажиллаж чадахгүй бол М.Энхболд даргын Монгол Улсын №1 болох мөрөөдөл нь замхрах байх даа.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment