Тэр Эзэн хааны гэр бүлийн ивээлээр эмч болсон юм. Тэр 1945 онд Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг анагааж байсан бол хожим Жак Ширак, Майкл Жексоныг ч эмчилж байв. Тэр Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас 100 сая иенийг шүүхдэлцэн авч чадсан. Тэр бол Японд үлдсэн хамгийн сүүлчийн "хөгшин оросуудын" нэг - Евгений Аксенов эмч байлаа.Токиогийн нэр хүндтэй дүүрэг болох Азабуд гадаадын иргэд болон дипломат төлөөлөгчдөөр дүүрсэн гэлтэй. Энд хүн ам ихтэй Иикура-Катамати дүүрэгт моддын сүүдэр, толгой дээр шуугих хайвэйгийн дор англи маягийн хоёр давхар хуучны харш сүндэрлэжээ. Пайзан дээр нь Internationаl Clinic, Dr. Eugene Aкsenoff гэж бичээстэй байх ажээ.
Октябрийн их хувьсгалын дараа хэдэн зуун орос гаралтай иргэд Манжуур болон Алс Дорнодоор дамжин Японд цагаачлан очсон билээ. Гэвч Аксенов эмч тэдэн дундаас харийн энэ нутагт нэлээдгүй их юманд хүрсэн цорын ганц хүн гэхэд болно. Тэрбээр Японы бодит амьдралд тун гүн нэвчсэн авч дотоод сэтгэл, яс махаараа орос хэвээр үлдсэн юм. Дашрамд энэ бол түүнтэй танилцсан хүн болгоны хамгийн түрүүнд ярьдаг л зүйл.
Энд найман настай балчираас наян настай өвгөд хүртэл бүгд түүнийг мэднэ. Мөн чанартаа Аксенов гадаадын иргэдэд үйлчилдэг Токиогийн ганц чухал эмч нь юм. Тэрбээр хүмүүнлэгийн эмнэлгийн тусламж үзүүлж байсныхаа төлөө хүмүүнлэг зохиолч Ёсикава Эйзигийн нэрэмжит шагнал хүртэж байсан, Японы Улаан загалмайн нэгдүгээр зэрэглэлийн одонтой, мөн Гэгээн Владимирын одонг тэргүүн хамба Хоёрдугаар Алексийгээс биечлэн хүртэж байжээ.
Хүлээлгийн өрөөнд савхин буйдан, номын шүүгээ, чихарсан модон шалан дээрх цэцэгтэй хивс зэрэг байх агаад нэг талдаа тэр чигтээ цонх болсон, өндөрсгөсөн таазтай ажээ. Энэ бүхэн Чеховын цаг үеийг санагдуулах мэт. Олон түмэн өөрийн ээлжийг тун тэвчээртэй хүлээнэ. Хар арьст ээж бужгар хүүхдүүдээ тэврэн сууна. Түүнийг үүдэнд хүлээж буй лимузин машинаас харвал ямар нэг Африк тивийн улс орны Элчин сайдын эхнэр гэдэг нь илт. Мөн байдаг л нэг англи эр, нүцгэн хөлөндөө сандаал углаж, майк өмссөн америк маягийн дурлалт хосууд, загвар үзүүлэх тайзан дээрээс дөнгөж сая буусан болов уу гэмээр сайхан бүсгүй гээд л. Хонгилын хаа нэгтээ эмэгтэй хүн оросоор ярих нь сонсогдоно. Өргөн энэ хонгилд гагцхүү япончууд л алга. Зарлалын самбар дээр томоо гэгчийн үсгээр "Япон даатгалыг хүлээн авахгүй" гэж бичсэн байх аж.
Эмч биднийг саруулхан өрөөндөө хүлээн аваад инээмсэглэн байж "Hello" хэмээн англиар мэндчилэв. Ханан дээрх бүх хоосон зайг бүхий л арьс өнгөтэй хүүхдүүдийн зургаар дүүргэсэн нь шууд нүдэнд тусав.
-Энэ бүгд таны үйлчлүүлэгчид үү, эмч ээ?
-Тийм ээ, юу гэж? Би хүүхдэд хайртай. Гэхдээ би дан ганц хүүхэд үздэггүй. Миний амьдралд маш олон сонирхолтой хүмүүс тааралдсан. Лепешинская Ольга Васильевна надаар эмчлүүлж байсан, бас Вишнёвская нөхөр Ростроповичийн хамт, Постникова гээд мэдэх үү, төгөлдөр хуурч? Тэр Рожденственский гэх Ленинградын удирдаач, алдартай, эстон эртэй, овгийг нь мартчихаж, ирж байсан. Бүгдийг шууд л нэг дор санана гэж байхгүй шүү дээ. Америк жүжигчин Жон Вейныг мэдэх үү? Би түүнд хагалгаа хийсэн, гайгүй сайн хийсэн шүү. Дараа нь тэр ахин над дээр ирж бид дурсгал болгон зургаа татуулсан юм /гээд зургаа үзүүлэв/.. Бас энэ.. тэр үед Парисын хотын дарга байсан эр.
-Жак Ширак биш үү?
-Тийм ээ. Тэр Москвад очихдоо Японд хайртай тухайгаа, бас Японд өөрт нь маш их тус болсон орос эмч байдаг тухай хүн бүхэнд л ярьж байсан. Оросын Элчин сайд хожим нь надад зориулж надаас зөвлөгөө авч эмчлүүлэх хүсэлтэй Оросын улс төрчидтэй уулзалт зохион байгуулсан. Нэрийг нь хэлэхээ болъё л доо. Хэрэв эрүүл мэнд нь асуудалтай гэдгийг хэн нэг нь мэдчих аваас тэд сэтгэл дундуур байх байлгүй. Ширакийг би энд хажууханд байдаг "Окура" зочид буудалд нь үзлэг хийдэг. Тэр хотын дарга байхдаа л над дээр ирдэг байсан, дараа нь ерөнхийлөгч болчихоод хүртэл саяхан ирсэн.
Ерөнхийлөгч болчихоод тэр Японд айлчлахдаа Францын Элчин сайдын яаман дээр хүлээн авалтанд урьж билээ. Тэнд очиход Элчин сайдын эхнэр "Эмч ээ, энд байгаа хүмүүсийг, тэр дундаа Японы Гадаад хэргийн сайдыг хүртэл манай нөхөр урьсан, харин таныг ерөнхийлөгч биечлэн урьсан билээ. Тиймээс би танд онцгой хандах хэрэгтэй" гэж билээ. Би ч яахав, идэж уух гэж ирсэн хойно. Ширактай ердөө гуравхан хором ярилцав. Тэр завгүй байсан юм. Энэ зурган дээр хэн байгааг та мэдэж байна уу?
-Энэ чинь Майкл Жексон байна шүү дээ.
-Тийм ээ, тэр гурван удаа над дээр ирж байсан юм. Тэр Capital Tokio-д буудаллах дуртай. Хоёр удаа Принс, Пэрис гэх хүүхдүүдтэйгээ ирсэн. Над руу утасдаж зөвлөгөө авдаг байсаан. Оросын цагаачдын дунд ч сайн танилууд олон бий: Павел Виноградов, Скрябины шавь энд сургууль байгуулсан, Украинаас ирсэн Сергей Виштак агуу саятан болсон, Виктор Старухин Японы домогт бейсболч болчихоод байна. Сонсч байсан уу?
- Евгений Николаевич, энэ бүх алдартнууд яаж танай эмнэлэгт ирдэг юм бэ?
- Би энд цорын ганц гадаадын эмч, тэгээд олон хүний бодож байгаачлан өөрийгөө магтаж байгаад уучлаарай, манай эмнэлэг Токиод хамгийн сүүлд орчихоор доод зэрэглэлийнх биш л дээ. Үйлчлүүлэгчид маань намайг өөрийн найзууд болон дэлхийн өнцөг булан бүрт тархсан орос баян цагаач нараар дамжуулан олж ирдэг. Тэгээд ч би Эзэн хааны теннисний клубын гишүүн. Энүүхэн ойрхонд Арисугава цэцэрлэгт байрладаг юм. Бас Дарсанд дурлагчдын нийгэмлэгт хамаарагддаг /Amities Gastronomiques International/ - Энэ бол элитийн хаалттай клуб. Тэнд томоохон "хөзрийн тамганууд" цугларч, амттан идэх дуртай. Энэ бүхэн миний үйлчлүүлэгчдийг "нийлүүлдэг" гэх юм уу даа.
- Жон Вейн юун хагалгаа хийлгэсэн юм бэ? Жексон ч мөн хэрэв нууц биш бол ямар асуудлаар танаас зөвлөгөө авдаг байв?
- Энэ тухай бидний нууц байгаасай гэж тэд хүсч байсан байх л даа. Гэхдээ мэдэхгүй, Ширак Москвад байхдаа энэ тухайгаа цухуйлгасан байж магадгүй л юм. Майклыг надад Америкийн Элчин сайдын яамнаас санал болгосон юм. Томоохон бүх зочид буудлуудад намайг мэддэг, тэгээд ч алдартнуудтай юу л тохиолдоно, жаахан найтааж, хамрын ханиад тусч, халуурахад л шууд над дээр ирдэг.
- Жексонд тэгээд яг юу тохиолдсон нь сонин байна...
- Ер нь бол тэр тийм ч эрүүл хүн биш байсан л даа. Тэр над дээр дандаа л хүүхдүүдээ авчирч, энэ тэрийг асуудаг. Энэ нь яасан юм бол, тэр нь яачив, одоо хэрхэх вэ гээд л... Харин Вейны хувьд тэр цусандаа ноцтой халдвар авсан байсан. Ширакт юу тохиолдсоныг би хэлж чадахгүй ээ, ерөнхийлөгч шүү дээ. Гэхдээ тэр надад маш их талархаж явдаг, тэр цагаас хойш над руу найз нөхөд танилуудаа явуулах болсон. Япончууд ч надад ханддаг байсан. Тухайлбал хуучин Ерөнхий сайд байсан, Японы хамгийн алдартай улс төрчдийн нэг Какуэя Танакигийн гэр бүл байна. Түүнийг Японы хамгийн нэр алдартай эмч нар эмчилж байсан боловч ямар ч амжилт олоогүй. Надад маш их мөнгө амласан боловч би татгалзсан. Учир нь түүнд туслах ямар ч боломжгүй болсон байсан.
- Таныг генерал Макартурыг эмчилж байсан гэж сонссон?
- Үгүй ээ, энэ бол худал зүйл. Гэхдээ олон хүн тэгж ярьдаг л юм. Би цэргийн мэс засалч ч гэсэн Макартурын штабт би орчуулагчаар ажиллаж байсан юм. Эхэндээ бүр номын санчаар гээч.
СЭТГЭЛ ДҮҮРЭН ХАЙР ӨВӨРТӨЛСӨӨР...
- Энэ бол урт түүх. Бид Манжуурт, Харбинд амьдарч байсан. Намайг зургаан настай байхад би амьдралдаа анх удаагаа өвдсөн юм шиг байгаа юм. Ээж маань намайг герман эмнэлэгт аваачсан. /тэр Оросын германы эрлийз байсан/ Ингээд би цагаан халат өмссөн залуухан сайхан эмчийг харсан. Дэргэд нь бас л цасан цагаан халаттай, малгай өмссөн хоёр сувилагч байсан. Эмийн үнэр таатай гэгч нь ханхлаад, эргэн тойрон янз бүрийн эд хэрэгсэл, бүх зүйл гоёмсог, гялалзаж байв. Надад маш амттай чихэрлэг сироп өгсөн юм. Хоолой өвдсөн байж. Энэ бүхэн хүүхэд насны минь дурсамжинд тодхон үлдсэн байдаг билээ.
- Таны эцэг, эх ямар хүмүүс байдаг вэ?
- Аав маань Оросоос морь унаж зугтсан гэдэг. Тэр мориндоо тун гарамгай нэгэн байсан. Ээж маань Харбин руу галт тэргээр ирсэн юм. Алс Дорнодод аавын минь таван алтны уурхай үлдсэн гэдэг. Ленад дуулиантай том бослого болсон, гэтэл аавын бүх зүйл нам тайван байсан. Тэр анхны том худалдаачны нэг байсан. Аав минь Николай Иванович, эмээгийн талаар хамгийн сүүлчийн Хаант засгийн газрын сайд байсан Львов тайжийн хамаатан. Тэр их өвөрмөц хүн байсан. Өөрийн орос хүн гэдгийг онцлон тодотгох дуртай байж билээ. Москвагийн "Яр"-д орос хувцас, түрийтэй гуталтайгаа ирээд л малгайгаа аваад шууд таван рублийн торгууль төлж байсан гэж аав минь ярьдаг байж билээ. Ийм байдалтайгаар тэр газар орж болдоггүй байж л дээ. Бүгд л фрак, үдшийн гоёлтой суудаг байж.
Цагдаа дуудахаар нь "Энэ чинь орос фрак шүү дээ. Ямар ч фракнаас дутахгүй, хамгийн сайн нь" гэж тэр хэлдэг байлаа. Аав маань өөрийгөө бусдын хөдөлмөрийг шулагч гэж тооцдоггүй байв. Ард түмэндээ хайртай нэгэн байсан. Улс төрд оролцдоггүй, зөвхөн Орост бүх зүйл сайн сайхан, хүмүүс хүн шиг амьдраасай л гэж хүсдэг байв. Ээж минь Нина Николаевна, хүүхэд ахуйн нэр нь Ламм. Цагаачилснаас олон жилийн дараа түүний том ах Борис Ламм Зөвлөлтийн флотын адмирал байсан гэдгийг мэдсэн. Хар далайд усан онгоцны багийг удирдаж, 1945 онд Солонгост десант буулгах ажлыг хариуцдаг байв. Насан эцэслэх хүртлээ Ерөнхий штабт хүчин зүтгэсэн гэдэг.
ЭЗЭН ХААНЫ ИВЭЭЛ ДОР
- Аав маань, түрүүн хэлсэн шүү дээ, моринд дуртай, мэргэжлийн морь унагч байсан. Манжуур руу япончууд түрэмгийлэн орж ирэхэд тэрбээр ой мод худалдаалдаг Ковальскийн компанид ажиллаж байв. Ажил хэрэг эвгүйдэж, бид Баруун зүг рүү, Халхын Голын зүг рүү явсан. Тэнд сул чөлөөтэй газар их байлаа. Аав маань морины аж ахуй нээхээр шийдэж, хөдөө аж ахуй эрхлэв. 1937 онд Япон Хятад руу халдсан. Тэр даруйд маш их морь хэрэг болсон. Бид монгол жижиг морьдыг англи-арабын морьдуудтай эрлийзжүүлдэг байлаа. Дундаас нь маш сайн морь гарна: маш тэвчээртэй, хурдан, армийн хэрэгцээ, Хятадын хойд хэсгийн цаг уурт яг зохицсон. Ингээд нэг удаа дайны өмнөхөн буюу 1940 онд би амралтаараа аавын морины аж ахуйд ирлээ. Гэнэт цагдаа нар ирээд Японоос Эзэн хааны гэр бүлийн хамаатнууд, өндөр хэргэмтэй зочид айлчилсан, Оросын морины аж ахуйг үзэхийг хүсч байна гэж хэлэв. Энэ бол Гакусю Ин буюу Пэруудын сургууль, дээдсүүдийн сургууль төгсөгчдийн бүлэг байв. Тэр сургуульд эзэн хаан Хирохито болон түүний гэр бүлийнхэн ч сурч байсан гэлцдэг. Тэдний дунд Эзэн хааны ахын эхнэр, гүнж Хитатигийн аав болон гүнтэн Ёситака Цугару ч байсан. Би тэгэхэд орчуулга хийхэд хүрсэн юм. Би багаасаа л япон хэл мэддэг байсан.

Манай байшинд япон гэр бүл амьдарч байсан, бас Харбин дахь франц лицейд ч япон хэл заадаг байлаа шүү дээ. Гүнжийн аав тус бүлгийн ахлагч байсан бөгөөд намайг японоор ямар ч аялгагүй сайн ярихад их гайхаж билээ. Оросууд зочдыг хүлээн авч чаддаг улсууд хойно тэрхэн даруйд олон жил хадгалагдсан оргилуун дарс гарч ирж, араас нь орос архи ч дагалдлаа. Зохих ёсоор нь ууж идээд дараа нь морьд үзэхээр явлаа. Сүүлд нь гүнтэн миний ирээдүйн талаар надаас асуув. Би ч түүнд Франц явж эмч болохоор сурахыг хүсдэг тухайгаа хэлэв. Тэр үед манай лицейгээс Парисын их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан юм. Тэгтэл тэр "Чамд ямар нэг Парис ямар хэрэгтэй юм бэ" гээд улмаар аавд хандаж: "Та хүүгээ Японд сургахаар явуулах уу?Манайд сайн сургууль маш олон бий. Анагаах ч маш өндөр түвшинд хөгжсөн" гэж хэлэв. Аав ч гэсэн "Яагаад болохгүй гэж. Би Японд хайртай, сайхан улс орон" гэж ирээд л...
Би энэ яриаг нухацтайгаар хүлээж аваагүй юм. Найр цэнгүүнээр яригддаг л яриа. Гэхдээ л хаягаа гүнтэнд үлдээв. Ингээд 2-3 сарын дараа улаан лацтай нэгэн илгээмж хүлээн авлаа. Захиаг би бүтнээр нь ойлгосонгүй, япон хэлнийхээ профессор багш дээрээ очиход хүрэв. Тэгтэл "Бурхан минь, та яаж энэ хүмүүстэй танилцаж чадсан юм бэ? Энэ чинь Эзэн хааны ордноос ирсэн захидал байна шүү дээ?" гээд энэ бол Японд ирж суралцах тусгай урилга байна гэж тайлбарлав.
- Та тэр даруй шийдсэн үү?
- Тийм ээ. Эцэг, эх хоёр минь намайг адислаад би Японы Элчин сайдын яам руу явсан. Өнөө цаасаа өгөхөд нарийн бичиг нь тэр даруй хоёр давхар руу гүйж гараад ерөнхий консулыг дуудаж ирэв. Тэр ч "Та энэ хүнтэй яаж уулзсан юм бэ?" гэж асуув. "Тэр манайд зочилж ирсэн" гэж би хариулав. Консул ч гэсэн "Бид бүгдийг ойлгосон" гэв. Ингээд л надад виз өгсөн. Хожуухан гүнтэн надад ахин нэг захидал ирүүлсэн нь дайн эхэлсэн тул ийш ирэхийг татгалзахыг зөвлөсөн байлаа. Гэвч виз халаасанд байв. Одоо болтол тэр дардас Манжуурын паспортон дээр минь байдаг юм. 1943 оны гуравдугаар сард буюу дайн ид өрнөж байх үед намайг Пусанаас Симоносэкид усан онгоцоор ирэхэд боомтон дээр надад хүссэнээрээ л Японд амьдар гэсэн хугацаагүй дардас дарж өглөө. Тэгэхэд би 19-тэй байсан. Хожмоо намайг тус улсад нэвтэрсэн хамгийн сүүлчийн гадаад иргэн байсан гэж хэлж билээ.
- Та анагаахын сургуульд яаж элссэн юм бэ?
- Гүнтэн намайг улсынхаа хамгийн шилдэг сургууль болох Jikei Teach College-д оруулсан. Энэ бол эрэгтэйчүүдийн сурдаг анагаахын академи байсан. Эндхийн бүх хичээл англи хэл дээр явагддаг байв. Харин бусад сургуульд герман хэлээр заадаг байсан л даа. Тэндээс бүх төгсөгчид нь англи, америкчуудтай далайд тулалдахаар флот руу томилогддог байлаа. Гүнлэгийн асар их хамгаалалт дор намайг ч элсүүлсэн. Би 100 авахаас ердөө 43-г авч чадсан юм шүү дээ. Гэтэл элсэлтийн доод оноо 70 байсан юм.
Гэвч тэд бүгдийг маш ухаалгаар, гоё хийсэн гэх үү дээ. Ректор намайг хүлээж авахдаа амаар шалгалт авав. Тэр цэвэр англи хэлээр надаас асуулт асууж байлаа /Тэр Англид сурч байсан гэх/ Тэр надад хэлж байна: "Таны төлөө би юу хийхийг мэдэж байна уу? Би аман шалгалтын дүнг 100 гэж тавина. Нөгөө шалгалтанд 43 авсан, тэгэхээр нийлбэр 143 болно. Хоёрт хуваахад 70-с дээш болох нь ээ дээ. Гэхдээ надад шаргуу суралцаж биеэ зөв авч явна гэж амла" гэж билээ. Би ч сайн сурч эхэлсэн.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment