Friday, July 22, 2016

Салхилсан нь (Өгүүллэг)

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.


А. П.Чехов

Өглөөний 09 цаг болж байлаа. Нарыг чиглэн бөөн хар үүл хөвж айсуй. Үүлэн дунд энд тэндгүй гялалзаж цахилгаан цахина. Алс холд тэнгэр нүргэлнэ. Бүлээн салхи өвсөн дээгүүр үлээж, моддыг нахилзуулан тоос шороо босгоно. Удахгүй таван сарын бороо асгаж, жинхэнэ шуурга дэгдэх гэж байлаа. Тосгоны дундуур зургаан настай ноорхой Фекла охин гуталчин Терентийг хайн гүйнэ. Цагаан шаргал үстэй, хөл нүцгэн охины царай цонхийн цайжээ. Нүд нь томорч, уруул нь чичигнэнэ.
- Ах аа, Терентий хаана байна? гэж охин таарсан болгоноосоо асууж явав. Хэн ч түүнд хариу эс хэлнэ. Бүгд л ирж яваа шуурганаас өрсөн харих гэж яарч байлаа. Эцэст нь Терентий өвгөний анд дуганч Силантий Силыч таарав. Тэрбээр салхинд ганхан бүдчин явах аж. 

- Ах аа, Терентий хаана байна аа?
- Тариан талбай дээр гэж Силантий хариулав.
Ноорхой охин модон байшингуудын цаана байх тариан талбай дээрээс Терентий өвгөнийг олов. Цоохортсон эцэнхий нүүртэй, урт хөлдөө гутал өмсөөгүй, эхнэрийнхээ уранхай цамцыг угласан гуталчин өвгөн Терентий эгнүүлж тарьсан тариан дунд зогсоод нойрмог, халамцуу нүдээр бараан үүл рүү ширтэн зогсож байлаа. Тогорууных шиг урт хөл дээрээ дэнжигнэн байх нь шувууны үүр шиг харагдана.
- Терентий ах аа! гэж цайвар үст ноорхой охин дуудав.  - Ах минь!

Терентий Фекла руу тонгойход түүний ширүүн царайд ямар нэг жижигхэн, тэнэгхэн, инээд хүрэм, тэгсэн атлаа хайр татам зүйлийг харсан хүний нүүрэн дээр бий болдог тэрхүү инээмсэглэл тодорлоо.
- Өө... Бурханы боол Фекла минь! гэж өвгөн бага зэрэг тультран хэллээ. - Бурхан чамайг хаанаас аваад ирэх нь энэ вэ?
- Терентий ах минь, гэж Фекла өвгөний  энгэрээс угзрангаа эхэр татуулан хэллээ. - Данилка ахад гай тохиолдлоо! Явъя!
- Ямар гай байдаг билээ? Хай, энэ тэнгэрийн дууг ээ! Ээ, сахиус минь. Ээ, сахиус минь... Ямар гай тохиогоо вэ?
- Данилка гүнгийн ойд модны нүхэнд гараа хийчихээд авч чадахгүй байна. Ах минь, та очоод гарыг нь гаргаад өгөөч дээ. Тэгж буян болооч!

- Яах гэж тийшээ гараа хийчихсэн хэрэг вэ? Яах гэж?
- Надад модны нүхнээс хөхөөний өндөг авч өгөх гэсэн юм.
- Өдөр эхэлж амжаагүй байхад та хоёр хэрэг тарьчихсан байдаг... гэж Терентий зөөлөн нулимаад толгой сэгсэрлээ. - Одоо би чамайг яалтай билээ? Явахаас... Чоно идмэрүүдийг дээ! Явъя, өнчин ишиг минь! Терентий урт хөлөө дээш өргөн тариан талбайгаас гарч, гудамж даган явлаа. Тэрбээр араасаа туугдах мэт хурдан алхалж, эргэн тойрноо ч харалгүй зогсолгүй явна. Түүний араас ноорхой Фекла гүйцэж ядан дагана.
Аянчид тосгоноос гарч, алсад цэнхэртэн байх гүнгийн шугуйг чиглэн шороотой замаар алхаж гарлаа. Нэг бээр орчим газар байв. Гэтэл үүл нарыг халхалж, удалгүй тэнгэрт нэг ч цэлмэг хэсэг үлдэхээргүй болжээ. Харанхуйлж байлаа.

- Гэгээн минь, гэгээн минь! гэж Фекла Терентийн араас яаран алхахдаа бувтнаж явав.
Бороо орж эхлүүт хүнд том дуслууд шороотой зам дээр хар толбо үүсгэн унаж эхэллээ. Нэг том дусал Феклагийн хацар дээр унаад нулимс мэт эрүү рүү нь урсав.
- Бороо орлоо! гэж гуталчин бувтнаад нүцгэн ясархаг хөлөөрөө тоос бужигнуулан алхлаа. - Энэ сайн хэрэг шүү, Фекла найз минь. Бид талхаар хооллодгийн адил өвс, ногоо бороогоор хооллодог юм шүү дээ. Харин аянганаас айх хэрэггүй ээ, өнчинхөн минь. Ийм өчүүхэн амьтныг яалаа ч гэж ниргэх билээ?
Бороо орж эхэлмэгц салхи зогсов. Зөвхөн шинэхэн ургасан хөх тариа, хуурай замыг бороо услах чимээ л сонсогдоно.

- Бид ч норж гүйцэх нь дээ, Фекла минь! гэж Терентий бувтнана. - Хуурай газар үлдэхгүй нь дээ... Хо-хо, найз минь! Хүзүү рүү урсаж байна! Гэхдээ айлтгүй ээ, тэнэгхэн минь... Өвс хатна, газар хатна, чи бид хоёр ч хатна. Бид нэг л нартай шүү дээ. Аянчдын толгой дээр хоёр алд хэртэй урт цахилгаан цахив. Нүргэлсэн их дуу гарахад Феклад ямар нэг аварга том, хүнд, бөөрөнхий зүйл тэнгэрээр өнхрөн толгойн дээхнэ нь тэнгэрийг урж байгаа мэт санагдаж байлаа!
- Гэгээн минь, гэгээн минь..! гэж Терентий залбирна. - Битгий ай, өнчин үр минь! Тэнгэр хилэгнэсэндээ ингэж байгаа юм биш ээ.

Гуталчин, Фекла хоёрын хөл зузаан нойтон шаврын хэлтэрхийгээр бүрхэгджээ. Явахад хүнд, халтиргаатай болсон ч Терентий улам хурдлан алхсаар байлаа... Бяцхан, турьхан охин амьсгаадан, унан алдан явна. Арайхийж тэр хоёр гүнгийн шугуйд орж ирэв. Бороонд норж, салхинд цохиулсан модод бөөн бөөн усаар тэр хоёрыг шүршиж байлаа. Терентий хожууланд тээглээд цааш аажуу алхаж эхэллээ.  
- Данилка хаана байна? гэж тэр асуув. - Алив дагуулаад яваарай!
Фекла түүнийг шигүү ой руу хөтөлж, саахалт газар хэртэй яваад Данилка ахыгаа заав. Ах нь гэж найман настай, зосон шар үстэй, өвдсөн мэт цонхигор царайтай жижигхэн хүү мод налаад, толгойгоо гилжийлгэн тэнгэр рүү хяламхийн зогсож байлаа. Нэг гартаа элэгдэж муудсан малгайгаа атгаж, нөгөө гар нь хөгшин хар модны нүхэнд шургасан байв. Жаалхүү нүргэлж байгаа тэнгэрийг ажин өөрт тохиолдсон гайг огт тоож байгаа шинж алга. Хөлийн чимээ сонсоод, өвгөн гуталчинг харсанаа муухан инээмсэглэн байж ийн хэллээ.

- Ямар хүчтэй цахилгаан бэ, Терентий! Төрснөөсөө хойш ийм цахилгаан үзсэнгүй...
- Чиний гар чинь хаана байгаа юм?
- Нүхэн дотор... Гаргаж өгч буян болооч, Терентий!
Нүхний ирмэг нь хугарч Данилагийн гарыг боомилсон байв. Цаашаа орж болох ч наашаа гарахааргүй болсон байлаа. Терентий хугарсан хэсгийг цохиход хүүгийн улайж үрчийсэн гар суллагджээ.
- Тэнгэр ямар их дуугарч байна аа! гэж хүү гараа илэнгээ давтан хэллээ. - Ямар учраас ингэж дуугардаг юм бэ, Терентий?
- Үүлнүүд хоорондоо мөргөлддөг юм аа... гэж гуталчин эр хариулав.

Аянчид шугуйгаас гарч, захыг нь даган харлан байгаа замыг чиглэн явлаа. Тэнгэрийн дуун бага багаар замхарч, нүргээн нь тосгоны зүгээс алсад сонсогдож байв.
- Терентий, эртээр энүүгээр нугас нисэж өнгөрсөн... - гэж Данилка гараа илсэн хэвээр ярина. - Өмхий Займищийн намагт л буудалладаг байх. Фекла, би чамд гургалдайн өндөг харуулах уу?
- Битгий оролд оо, айлгачихна... гэж Терентий малгайныхаа усыг шавхангаа хэлэв. - Гургалдай бол дууч шувуу, ямар ч гэм хоргүй амьтан. Бурханыг магтаж, хүнийг баясгаж байг гэж түүнд сайхан хоолой заяасан юм даа. Айлгавал нүгэл болно. 

- Тэгвэл бор шувуу?
- Бор шувууг бол болно. Хорон санаатай өөдгүй шувуу. Толгой дотор нь яг л луйварчин шиг бодлууд байдаг. Хүний сайн явахыг харах дургүй. Христийг цовдлох үед жүүд нарт хадаас зөөж, "Амьд байна, амьд байна" гэж хашгирч байсан гэдэг шүү...
Тэнгэрт цагаан цэнхэр толбо харагдана.  
- Тэрнийг хараач! Шоргоолжны үүр задарчихаж! Золигнуудыг усанд живүүлчихэж! гэж Терентий хэлэв.
Аянчид шоргоолжны үүрэн дээрээс тонгойв. Усан бороо шоргоолжнуудын оромжийг угаагаад өнгөрсөн байв. Шавьжнууд сандралдан шавар дээгүүр нааш цааш гүйлдэх агаад бороонд үйсэн төрөл нэгтнүүдээ тойрон эргэлдэнэ.

- Зүгээр ээ, та нар үхчихгүй! гэж гуталчин инээмсэглэнэ. - Нар ээж эхэлмэгц л та нар ухаан орцгооно... Тэнэгүүд минь, энэ та нарт сургамж боллоо доо.  Дараагийн удаа намхан газар гэрээ барихгүй байх аа мэднэ биз...
Тэд цааш явцгаалаа.
- Энд бас зөгийнүүд байна! гэж Данилка залуухан царс модны мөчрийг заан хашгирав.
Мөчир дээр норж, дагжсан зөгийнүүд бөөрөөрөө наалдан сууцгаасан байлаа. Тэд маш олон байх тул цаанаас нь мөчир навч ч үл харагдана. Зарим нь нэг нэгэн дээрээ давхарлан суужээ.
- Энэ зөгийн сүрэг байна гэж Терентий хичээл заав. - Эд гэр орон хайн нисэж явтал бороо орж, энэ мөчир дээр суусан хэрэг. Зөгийн сүрэг нисэж байвал усаар цацахад л ингээд суучихдаг юм шүү дээ. Эднийг хурааж авъя гэвэл суусан мөчиртэй нь хамт уутанд хийгээд сэгсрэхэд л бүгд унаад өгнө.  
Бяцхан Фекла гэнэт хөмсгөө зангидаж, хүзүүгээ ширүүхэн маажиж гарав. Ах нь хүзүүгий нь харсанаа том цэврүү байхыг олж харлаа.

- Хэ хэ! гэж гуталчин инээв. – Фекла, найз минь. Яагаад наадахь чинь ийм болсныг мэдэж байна уу? Шугуйд хаа нэгтээ модон дээр цэврүү ялаа сууж байж. Тэднээс дуссан ус чиний хүзүүн дээр унаад тэгээд л ийм цэврүү гарчихаж дээ.
Үүлний цаанаас нар гарч, ой тал болон манай аянчдыг илчит гэрлэндээ умбууллаа. Бараан үүл аль хэдийн холдон одож, аянга цахилгаан ч түүнийг даган замхарсан байлаа. Агаар дулаан бөгөөд сайхан үнэртэй болжээ. Монос, зөгийн бал, сараана цэцгийн үнэр анхилна.
- Энэ ногоог хамрын цус тогтооход хэрэглэдэг юм хэмээн Терентий нэгэн сэгсгэр цэцгийг заан хэлэв. - Тустай байдаг юм...

Исгэрээн, нүргээн сонсогдсоор байсан ч бараан үүлтэй хамт одсон тэр нүргээн биш болжээ. Терентий, Данила, Феклагийн өмнүүр ачааны галт тэрэг хурдална. Зүтгүүр нь аахилан, хар утаа хаялан араасаа хорь гаруй галт тэрэг чирэн зүтгэнэ. Түүний хүч тэнхээ гайхалтай ажээ. Хүүхдүүд амьгүй тэр зүтгүүр морины тусламжгүйгээр яаж хөдөлж, яаж тэр их ачааг чирч байгааг мэдэхийг хүснэ. Терентий ч тэдэнд тайлбарлах ажилдаа шамдан оров.
- Энд, хүүхдүүд минь, хамаг учир ууранд байгаа юм... Уур л ажиллуулж байгаа юм... Уур нь тэр дугуйны ойролцоо байгаа зүйлийг халааж, тэр нь цаадахыгаа... тэрийгээ... тэгээд л ажиллана даа...  
Аянчид төмөр замын даланг хөндлөн гарч гол руу уруудан явлаа. Тэд ямар нэг ажил бүтээхээр бус зүгээр харсан зүг рүүгээ зогсолтгүй ярьсаар явцгаана. Данила асууна, Терентий хариулна...

Терентий асуулт болгонд хариулна. Түүнийг мухардуулж чадах ямар ч нууц байгаль дэлхийд үгүй ажээ. Тэр бүхнийг мэднэ. Тал дээр ургасан ургамлуудын нэрийг, амьтдыг, чулуунуудыг мэднэ. Өвчнийг ямар өвсөөр эмчилдэгийг, морь, үхэр хэдэн настай болохыг түвэггүй хэлнэ.  Нар жаргахыг хараад, сарыг, шувуудыг ажаад маргааш цаг агаар ямар байхыг хэлж чадна. Ганцхан Терентий ч ийм ухаантай юм биш.  Силантий Силыч, уушийн газрын эзэн, тариачин, малчин, ер нь тосгоныхон тэр аяараа түүний мэддэг бүхнийг мэддэг ажээ. Эдгээр хүмүүс номноос тэр бүхнийг сурсангүй, тал дунд, ойд, голын эрэг дээрээс л бүгдийг мэдэж авцгаажээ. Шувууд өөрсдөө дуу дуулж өгч, нар жаргаж байхдаа ухаа ягаан туяа татуулж, өвс модод өөрсдөө л тэдэнд хичээл зааж өгдөг юмсанж.

Данилка Терентий рүү ширтэж, хэлсэн үг бүрийг нь шуналтайяа шүүрэн авч байлаа. Хавар дөнгөж эхлэн халуун дулаан улирлаас, нэгэн жигд өнгөтэй ногоон талаас уйдаж амжаагүй, бүх зүйл шинэхэн, анхилам үнэртэй байх үед таван сарын алтан цохны тухай, тогорууны тухай, амуу тарианы тухай, горхины хоржигнооны тухай сонсохыг хүсэхгүй хэн байх билээ дээ?

Гуталчин, өнчин хүү хоёр тал дундуур алхахдаа ам хуурайгүй ярих боловч эцэж цуцах нь үгүй ажээ. Тэд ийнхүү зогсолтгүй явсаар дэлхийг тойроход ч бэлэн аж. Яриандаа халсан хоёр эр байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг ардаа яваа өөдөсхөн, туниагүй охиныг ч үл анзаарна. Охин хүндхэн алхаагаар амьсгаадан явна. Нүдэнд нь нулимс цэлэлзжээ. Ядрахыг мэддэггүй хоёр тэнүүлчинг охин дуртайяа орхиод явахад бэлэн байлаа. Гэвч хаашаа, хэн рүүгээ ч явах билээ? Түүнд гэр орон, ойр дотны гэх хэн ч байсангүй.  Хүссэн, хүсээгүй тэдний яриаг сонсож, дагаж алхахаас өөр зам түүнд байсангүй.

Үдийн хэрд гурвуулаа голын эрэг дээр суулаа. Данила хүүдийнээс нороод будааны зутан шиг болсон талх гаргаж, аянчид идэцгээв. Талх амссан Терентий Бурхандаа залбираад эргийн элсэн дээр хэвтэв унтаад өгөв. Түүнийг унтаж байх хооронд жаалхүү голын усыг харан бодол болон суулаа. Толгойд нь олон бодол эргэлдэнэ. Дөнгөж сая тэрбээр аянга цахилгаан, зөгий, шоргоолж, галт тэрэг харсан бол одоо нүдний нь өмнө олон жижиг загаснууд бужигналдан байлаа. Зарим нь гурван хуруу, тэрнээс ч илүү урттай байхад зарим нь хумсны толионоос уртгүй байх аж. Нэг эргээс нөгөөд толгойгоо өргөн усны могой сэлнэ.

Манай тэнүүлчид орой болсон хойно л тосгондоо буцаж ирцгээв. Хүүхдүүд урьд нийтийн тариа хураадаг байсан хуучин саравчин дахь хэвтэр лүүгээ явж, харин Терентий хүүхдүүдтэй салах ёс хийгээд уушийн газар руу зүглэлээ. Сүрлэн дээр хэвтсэн хүүхдүүд нэг нэгэндээ наалдан зүүрмэглэнэ. Хүү унтсангүй. Харанхуй руу ширтэн, өдөр үзсэн бүх зүйлээ дахин харна: үүлс, хурц нар, шувууд, загаснууд, янхигар Терентий. Сэтгэлийн хөөрөл, ядаргаа, өлсгөлөн түүнийг бүрэн эзэмджээ. Бие нь галд шатах мэт болж, нэг талаас нөгөө тийш эргэн хөрвөөнө. Сэтгэл дотроо эргэлдэж буй бүхнийг хэн нэгэнд яримаар санагдавч сонсох хүн байсангүй. Фекла хэтэрхий балчир тул ойлгохгүй.

"Маргааш Терентийд ярина даа..." - гэж жаалхүү бодлоо. Хүүхдүүд тэнүүлч гуталчныг бодсоор унтацгаажээ. Харин шөнө тэдэн дээр Терентий ирж адислаад, толгой дор нь талх тавив. Энэ аугаа хайрыг хэн ч олж харахгүй аж. Зөвхөн саран авхай л тэнгэрт хөвөнгөө хуучин саравчны цоорхойгоор зөөлөн шагайж тэднийг ажиглана.
Эх сурвалж www.wikimon.mn

орчуулсан Г.Уянга

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment