Олон жил эмнэлгийн сахиул хийж чөтгөрүүдтэй нөхөрлөсөн Одвогмэд-2
36 минутын өмнө

Үргэлжлэл. Өмнөхийг ЭНДЭЭС...
Манай этгээд араншинтай "найз" Одвогмэд зөвхөн эмнэлгийн газарт оршин суугч чөтгөрүүдтэй нөхөрлөөд зогсохгүй. Жижүүрийн эмч нартай ч заримдаа дөрөө харшуулах нь байдаг л зүйл аж. Тэр үнэхээр эмнэлэгтээ итгэлтэй нэгэн байсан байгаа юм. Нэг удаа эмэгтэйчүүдийн эмч Жамсран гэгчтэй өвлийн шөнийн уртыг хороохоор ганц лонх юм тавиад сууж байжээ. Жамсран эмч тухайн эмнэлгийн урдаа барьдаг сайн эмч нарын нэг. Жирэмсэн эмэгтэйчүүд "Жамсран эмчийн ээлжин дээр төрөх юм сан" гэж залбирах нь холгүй байдаг.
Жамсран эмч ч хийж сураагүй ажил биш гэсэн шиг тоохгүй. Тэр өдөр л гэхэд Одвогмэдийг "Чи өчигдөр хөдөө сумаас ирсэн эмэгтэйг очиж эргээд ир! 17-р өрөөнд байгаа шүү. Тэр л жаахан хүндрэлтэй төрөх гэж маяглаж магадгүй. Гэхдээ Жамсранг байхад манайх эх нялхсын эндэгдэл гэж мэдэхгүй дээ" гэж дөрөө чангалсан эрийн дөмөгхөн үгийг хэлжээ. Одвогмэд 17-р өрөөний хаалгаар шагайхад бүсгүй орныхоо төмөр толгойг түшээд сууж байв. Царайд нь бяцхан шаналгаа байх шиг санагдсан тул эмнэлэгт олон жил ажиллаж мэдэхгүй ч мэддэг юм шиг царайлдаг болсон Одвогмэд тэр бүсгүйг жаахан ажиглая гэж бодоод үүднийх нь сандал дээр сууж хуруугаа час час дуугаргаж байв.
Бүсгүй хэн нэгэнтэй ярьж байв. Хажуугийнх нь бүсгүй унтсан байсан болохоор гайхсан Одвогмэд босч хаалганы завсраар шагайвал бүсгүй цонхон дээр оччихсон арц уугиулж байна. "Хөөрхий амьтан, зовохгүй төрөх гэж арга чарга хайж байгаа хэрэг. Үхэх, төрөх хоёр адилхан гэдэг шүү дээ" гэж бодсон ч бүсгүйгээс өөр хэн нэгэн эрэгтэй хүний дуу гарахыг дахин сонсохдоо Одвогмэд долоовор хуруугаараа чихээ ухаж үзэв. Гэсэн ч танихгүй эрэгтэй хүний дуу улам тодхон сонсогдож байв. "Наад хүүхэд чинь эрэгтэй байгаасай. Тэгвэл хоёулаа дахиад хүүхэд төрүүлэхгүй. Сайхан амьдарна даа" гэх үг хаа нэгтэйгээс сонсогдох аж. Эмэгтэйн царай шарланги зовуурьтай болж байлаа. Хэрэгт дуртай Одвогмэд 17-р өрөөнд болж байгаа эзэнгүй яриаг сонирхож, нүд салгахгүй харж байлаа. Гэнэт чийдэнгийн бүрхүүл савлан хөдөлж, харанхуй цонхны цаана хэн нэгэн үл таних эрэгтэй нүүрээ наачихсан гараа хөдөлгөн, нүдээрээ ямар нэгэн дохио өгч бүсгүй түүнийг харахгүй байгаад бухимдаж байв.
Бүсгүй арц уугиулж, ногоон дарь эхийн зүрхэн тарнийг "Ум дари дүү дарий" гэж амандаа бувтнаж байв.
Ингэж байтал сувилагч бүсгүй ирсэн тул Одвогмэд жижүүрийн эмч Жамсрангийн өрөө рүү явсан байна. Одвогмэд очоод "За даа, цаад хүүхэн чинь ч ямар юмныхаа хүүхдийг төрүүлэх гэж дүлж байгаа амьтан юм бол. Арай чөтгөрийн хүүхэд төрүүлэх гэж байгаа юм биш байгаа" гэхэд Жамсран эмч тачигнатал хөхөрч "Одвогмэд ээ, чи энд ингэж сахиул хийж байснаас хот орж Ганданд суувал яасан юм" гэжээ.
Тэр хоёрыг үлдсэн жаахан архиа өргөчихөөд нүдний хор гаргахаар хэвтэх гэж байтал сувилагч ирж "Нөгөө хүүхэн өвдөж эхэллээ. Орон дээр гаргасан нь дээр байх" гэжээ. Хүүхэн шөнийн 02 цагаас маргаашийн 17 цаг хүртэл тасралтгүй өвдөж зовуурилсан ч амаржиж хоёр яс хагацсангүй. Хүндрэлтэй төрөх эхийн амь насыг аврах гэж эмнэлгийнхэн эрвийх дэрвийхээрээ зүтгэж байв. Жамсран эмч жирэмсэн эхийн дэлгэрэнгүй анкетыг авч үзэхэд нөхөр нь өнгөрсөн намар мотоциклтой явж байгаад ослоор нас барсан байв. Тэгмэгц хашир эмч Одвогмэдийг дуудаж урьд шөнийн үзсэн харсан зүйлийг нь яриулжээ.
Жамсран эмч шүтлэгтэй хүн байлаа. Өөрийнхөө албан өрөөнд улаан Жамсран бурхан тахиж аравнайлаад өглөө болгон зул барьж, арц хүж уугиулна. Түүнд өөр ямар ч арга байсангүй. Бүсгүйг төрөхийн орон дээрээс буулгаж өөрийнхөө өрөөнд аваачив. Бүсгүйг эмчийн өрөө рүү түрж орсон хоёр сувилагч "Бидний хормойноос нэг юм татаад, тэрэгний дугуйг хөшиж зогсоож байсан. Хүүг минь та нар яах гэж байна гэж хүртэл хэлэх шиг санагдсан" гэж хожим ярьсан байна. Бүсгүй Жамсран эмчийн өрөөнд оруулахад нэг чанга хашгираад л нялх хүүхдийн часхийтэл уйлах дуу түүний аймшигт орилооныг залгаж авчээ. Одвогмэд нас барсан залуугийн сүнс жирэмсэн эхнэртээ, ялангуяа эхийн хэвлийд байсан хүүдээ хоргодсон байсан гэж жирийн амьдралд болсон хэрэг явдлыг гэрчлэх мэт баталгаатай хэлж байв.
Зуурдаар нас барсан тэр залуугийн сүнс хүүхдийг нь "алах" гэж аваад явчихсан гэж бодсон уу бүсгүйг эмнэлгээс гарах хүртэл дахин ямар нэгэн шинж тэмдэг үзүүлээгүй гэдэг.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment