М.Энхболд, У.Хүрэлсүх нарын тохироо талаар болов
1 цаг 3 минутын өмнө

Дөрвөн жил сөрөг хүчин хийсэн МАН УИХ болон Орон нутгийн сонгуулиар олонхи болмогц УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолыг нэн даруй зохион байгуулж, тэр өдөртөө багтаан МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонгож, төдөлгүй Сэлэнгийн Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад санал болгохоор Удирдах зөвлөлөөс шийдвэрлэн Бага хуралд нэрийг нь оруулсан. Мэдээж хэрэг, танхимаас түүнтэй сөргөлдөж нэр дэвших хүн олдохгүй бөгөөд МАН л болсон хойно 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар батламжлах нь гарцаагүй юм.
Сонгуулийн өмнө намын дарга М.Энхболдыг У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрч "Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тул би УИХ-ын даргаа хийе, чи Ерөнхий сайд бол" гэсэн яриа чих дэлсэж байсан ч хоёр хүний ярианаас илүүтэй намын Удирдах зөвлөл нэр цэвэр хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул У.Хүрэлсүх Шадар сайд болж, тэдний хийсэн гэх тохироо ийнхүү талаар болов.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын даргаа шүүмжилж, "Ялсан намын дарга сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Ерөнхий сайд болдог жамтай. Гэтэл та яагаад энэхүү үүргээсээ татгалзаж, УИХ-ын дарга болж байгаа юм бэ?" гэж чуулганы анхны өдөр хатуухан үг чулуудсан нь М.Энхболдод зөв зүйтэй хариулт хэлэх боломжийг олгосонгүй. МАН-ын даргын хувьд ард түмний өгсөн сүүлчийн боломжийг тэрбээр улс орны эрх ашгийн төлөө ашиглах уу, аль эсвэл ирэх жилийн сонгуульд Ерөнхийлөгчид нэр дэвшин өөртөө ашигтайгаар эргүүлэх үү гэдэг нь жилийн дараа тодрох юм. УИХ-ын сонгуулийн өмнө Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, М.Энхболд нар төрийн албан хаагчдыг орвонгоор нь халж, зөвхөн хотоос 60 тэрбумыг босгоно гэж байсан бичлэг үнэн эсэх нь тун удахгүй батлагдах гэж байна. Ц.Сандуйг НИТХ-ын дарга болгосноор хотын бүтээн байгуулалтын ажил хэр зэрэг урагшлах нь тодорхой болох бөгөөд өнгөрсөн сонгуулийн царцааны нүүдэл лугаа төрийн албан хаагчдыг үй олноор нь хоморголон ажлаас нь халах аваас МАН-ын ирээдүй бүрхэг болох юм.
Нөгөөтэйгүүр, Төв аймагтаа сонгогдох магадлалгүй болсон Су.Батболд дүүгээ хотын дарга болгосноор М.Энхболд дарга өөрийнхөө багийг хэрхэн бүрдүүлсэн нь тодорхой харагдаж байна. Ирэх дөрвөн жил М.Энхболд хийгээд МАН-д олгосон ард түмний сүүлчийн боломж юм. Хэрэвзээ тэд хэлж, ярьсан шигээ хийж бүтээх аваас эргээд сонгогдох нь тодорхой. Харин АН-ынхантай барьцаж, идэж уух асуудлаа хэтрүүлбэл 2020 онд тэр чигээрээ хүйс тэмтрүүлэх нь тодорхой юм.
МАН-д амжилт хүсье!
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment