Олон жил эмнэлгийн сахиул хийж чөтгөрүүдтэй нөхөрлөсөн Одвогмэд-3
Өчигдөр 17 цаг 59 минут

Одвогмэд нэгэн орой эмнэлгийнхээ эргэн тойронд явж байтал "Аав аа" гэх жаал хүүгийн дуу чихэнд нь хаджээ. Тэр үед мань эрийн хүү 7 настай байсан байгаа юм. Одвогмэд эхнэрээ цай, хоол авчрахдаа хүүхдээ дагуулж ирсэн юм байх гэж бодоод ийш тийш харсанд хэн ч харагдсангүй. "Хий юм сонсдог болоо юу, хар барам чинь" гэж өөрийгөө дотроо зүхээд цааш эргэтэл дахиад л "Аав аа" гэх дуу часхийгээд явчихав. Дуу гарсан зүг рүү харахад эмнэлгийн урд талын сүүдрэвчин дотор нэг юм хөдлөх шиг болов. Очвол хүүхдийн тоглоомон самосвол хоёр тийш хөдөлж байв. Тэвшин дээр нь нойтон шороо "ачсан" байжээ. Чөтгөрөөс айх байтугай архиддаг болсон Одвогмэд "За, энэ чинь хүүхэд байх нь. Чөтгөр-хүүхэд яаж тоглодгийг хардаг хэрэг ээ" гээд сүүдрэвч доторх сандал дээр суугаад харжээ. Тэгэхдээ үл үзэгдэгч хүүхдийн хаана байгааг олох гэж тоглоомын хөдлөх бүрийг ажиглаж байж. Тэгж байтал гэнэт тоглоомын дэргэдээс "Аав аа" гэх нь сонсогдож, мань эр ч давхийж цочжээ. Эмнэлгийн хүлээн авахын хаалганы урд зогссон "69"-ийн хаалга онгорхой бөгөөд савхин хүрэмтэй өндөр эр тийшээ орох гэж байв. Одвогмэд тэр хүнийг таньдаг байлаа. Аймгийн усны аж ахуйн инженер Батцэрэн гэгч мөн.
Одвогмэд яаран очоод "Би тантай уулзах гэсэн юм" гэхэд Батцэрэн нүдээ том болгон гайхаж, сахиул эрийн муу хувцас руу сонжих мэт хараад машинаасаа дуртай дургүй бууж ирсэн байна. Одвогмэд түүнийг дагуулан хүнээс зайдуу очоод "Танд хэлэхэд эвгүй юм" гэж түгдэрснээ "Та зүгээр намайг дагаад яв" гэжээ. Батцэрэн нөгөө сүүдрэвчний хажууд очсоноо "Хүү минь, бурхан минь" гэж дуу алдан том алаг нүдээ цагаанаар эргэлдүүлээд ухаан алдан унажээ. Одвогмэд Батцэрэнгийн таван настай хүү өнгөрсөн хавар менингит өвчнөөр халдвартын тасагт хэвтэж байгаад нас барсныг мэддэг байж. Хэсэг хугацааны дараа тэр ухаан орж нөгөө тоглоомон самосвалыг авч элгэн тушаагаа тэврээд Одвогмэд рүү харж "Чамд баярласан шүү. Хүү минь амьд байна ш дээ. Яг урьдынх шигээ хөөрхөн тоглож байна" хэмээн үглэж байв.
Одвогмэд чөтгөрийн талаар бараг доктор болчихсон нэгэн болохоор Батцэрэн нөгөө тоглоомыг машиндаа хийгээд хөдөлж, төв зам руу гарах хүртэл хойноос нь харж байв. Эмнэлгийн зүүн тал дахь дөрвөн замын уулзвар дээр эмнэлгийн хашаанаас гарсан Батцэрэнгийн машин Барилга трестийн шороо ачсан самосвалтай яах ийхийн зуургүй мөргөлдөж замын цаад руу хажуугаараа уначихжээ. Ойр байсан хүмүүс осол болсон газар руу гүйлдэн очиход Батцэрэнгийн толгойноос цус гарч байв. Тэр шархаа ч үл анзааран нөгөө тоглоомон машиныг барьчихсан "Хүүг минь аваатах. Би яахав" гэж байжээ.
Эмнэлэгт ойрхон байсан болохоор дамнуурга барьсан хүмүүс гүйлдэн ирж Батцэрэнг өргөөд явлаа. Тэр үед нөгөө хүүхдийн тоглоом алга болчихсон байсныг Одвогмэд л анзаарч байв. Төдөлгүй инженер Батцэрэнгийн эхнэр сандарч амьсгаадсан амьтан гүйж ирлээ. Эмч, сувилагч нар хөөрхий эмэгтэйг ихэд өрөвдөж байв. "Хүүхэд нь хэдхэн сарын өмнө нас барсан. Одоо нөхөр нь энэ" гэж хэн нэгний харамсангуй хэлэх ч сонсогдов.
Батцэрэн гэмтлийн тасгийн орон дээрээс "Хүү минь хаа байна?" гэж хэлээд ухаан алджээ. Эмч нар түүнийг тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Хөдөлгөж болохгүй, бас өвчнийг нь намдаах хэрэгтэй гэлцэнэ. Одвогмэдээс өөр түүнийг яагаад осолд орсон талаар мэдэж байгаа хүн байсангүй. Хуучин туршлагаараа мань эр "Эд нар нас барсан хүүхдийнхээ тоглоомыг буруу газар л хадгалсан юм байна" гэж бодоод өөрийнхөө үзсэн харсан бүхнийг хэлжээ. Эхнэр нь гайхаж "Ямар өнгөтэй тоглоом байсан бэ?" гэж асуув. "Улаан толгойтой, хөх тэвштэй" гэж Одвогмэдийг хэлэхэд айж тэвдсэн бүсгүй "Үгүй байлгүй. Та чинь манайд орж байл уу?" гэв. Мэдээж Одвогмэд Батцэрэнгийнд орох нь бүү хэл, хаана байдгийг нь мэдэхгүй аж. Зовсон хүн хэнээс ч гэсэн тус горьддог болохоор бүсгүй "Та мэргэн хүн байх нь ээ. Та манайд байгаа тоглоомыг яг өнгө зүсээр нь хэлж байна" гээд Одвогмэдийг гэртээ дагуулан аваачжээ. Үнэхээр эмнэлгийн урд талын сүүдрэвчинд байсан, Батцэрэнгийн тэврээд элгэндээ нааж явсан тоглоомон самосвал тэдний том өрөөний хоймор талд байжээ.
Бүсгүй ч "За, та харав уу? Энэ мөн үү?" гэж түгшингүй асуув. Тэгээд ноорхойдуу хувцастай "мэргэн" эрийн юу гэж хэлэхийг тэсч ядан хүлээнэ. Одвогмэд "Наад тоглоомонд чинь хүүгийн сүнс хоргодсон байна" гээд өөрөө ч мэдэлгүй хэлээд хаячихав. Нөгөө тоглоомыг гэрээсээ гарган, лам залж аваачин ном уншуулж засал хийлгэжээ. Тэр үед ухаангүй шахам хэвтсэн Батцэрэн юу ч болоогүй юм шиг "Би яасан удаан унтав аа. Нас барсан хүүтэйгээ уулзаж, загасанд дагуулж явж байна гэж зүүдэллээ" гэж ярьсаар босч иржээ. Түүний шанааны шархнаас цус шүүрэхгүй болсон байсан байна. Энэ талаар Одвогмэд гуай яриад сүүлдээ намайг чинь бүүр мэргэн түргэн хүн гэх болж, хол ойроос хүмүүс зорьж ирэн урьж залдаг байлаа шүү хэмээсэн юм. Намайг шалаад байхаар мань эр нэг удаа айлд очиж, ямар гай барцад байгааг үзэж харсан талаараа товчхон ярилаа.
Хүмүүс намайг буруу өтөлсөн амьтан гэх вий гэж үнэхээр тэгж бодох хүн хажууд нь байгаа юм шиг хоёр тийш болгоомжлох мэт хараад ярьсан нь:
Аймгийн төвөөс холгүй нэг цөөн тооны малтай айл суурин шахуу амьдардаг байж. Хэдэн хонь, ямаа, үхэртэй. Тэдний нэг хүүхэд хонь, ямаагаа хариулж яваад хээрээс нэг жижиг гарын мөнгөн аяга олж ирсэн байна. Түүнээс болж хамаг юм эхэлсэн юм шиг байгаа юм. Орой нь хүү "Ам цангаж байна" гээд болдоггүй гэнэ. Унтах гэж байж шингэн юм ихээр уугаад хэрэггүй. Ор дэвсгэрээ норгож орхих ч юм бил үү?" гээд ээж нь хориглоод "Унт, унт" гэж загнасаар хүү ч унтахгүй уух юм нэхнэ. Тэгж байгаад хүүхэд тэсэхгүй үсэрч босоод дөчийн бидонтой ус руу толгойгоо хийх шахам байж залгилж гарчээ. Уугаад л байж, уугаад л байж. Хүүгийн гэдэс дүүрч цүрдийхгүй. Нөгөө том савтай ус нь хариугүй дуусах дөхжээ. Ийм байдлаар хүүхэд нь байнга шингэн юм нэхэж, түүний "амны цангааг" тайлах гэж гол руу аль л том саваа барьж гүйлддэг болсон байж.
Үхсэн хойно оо. Миний мэддэг чаддаг гэж юу байхав. Үнэндээ бол юу ч мэдэхгүй, тэгээд тэр шөнө ээлжтэй байсан болохоор цааргалахад нөгөө "цангасан" хүүгийн эцэг нь хүчээр чирэх шахам авч очсон хэрэг л дээ. Хүүтэй ярилцлаа. Нөгөө мөнгөн аяга нэг өндөрлөг газрын энгэрт дээшээ харааж байж байсан гэв. Хүүг аавтай нь дагуулж аяга олсон газар очиход хажууханд нь хэн нэгний шарил байна. Хүүгийн аав ч намайг яахнав гэж нүд салгалгүй харж байв. Би юугаа ч хийх билээ. Нөгөө аягыг нь яг байсан гэх газар нь доошоо харуулаад амсрынх нь гурван өнцөгт гурван хөх чулуу тавьчихлаа.
Тэгэхдээ зэрэг уруул нь омголтож, шуухитнаж байсан нөгөө хүүхэд чинь суун тусаад годгодтол бөөлждөг байгаа. Тэгээд л тэр дахиж шингэн юм ууна гэж нэхээгүй юм. Аав, ээж нь намайг "Ачтай буянтай мэргэн хүн" гэж дээлийн торго, шил архиар гарыг минь цайлгахад ичсэндээ торгыг нь буцааж өгсөн юм. Авахгүй гэхээр нь хүүд дээл хийгээд өгчихөөрэй гэсэнд "Энэ лам ямар нэгэн учиртай болоод ингэж хэлсэн байх" гэж бодов бололтой авдар дээрээ аваачаад тавьчихсан юм. Харин шил архийг нь задалж хүүгийн аавтай хувааж уугаад болсон явдлын талаар өөр хүнд битгий хэлээрэй гэж гуйхад тэр зөвшөөрч билээ. Тэр ямар учиртай аяга байсан юм, бүү мэд. Хажууханд байсан шарилтай холбоотой л зүйл байсан юм болов уу.
Үргэлжлэл бий... Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment