Шига НаояаЯпоны уран зохиолд "Уран зохиолын бурхан", "Богино өгүүллэгийн мастер" гэгддэг Шига Наояа 1883 онд Мияаги мужийн Ишиномаки хотод төржээ. "Шига өнгө аяс" гэсэн хүнлэг, ёс зүйтэй, уран мэргэн товч зохиолууд нь уян зөөлөн, өрөвч уяхан сэтгэл хийгээд оюун санааны гэгээрлийг магтан дуулдгаараа алдартай. Шига Наояагийн өвөг эцэг самурай, эцэг нь банкны ажилтан байжээ.
Тиймээс Шига Гакшуин дунд сургуулийг төгсгөн Токиогийн Эзэн хааны их сургуульд элсэн орж суралцсан ч орхиод 1912 оноос зохиол бүтээлээ дагнан туурвих болжээ. Тэрбээр шашин шүтлэгээсээ болж эцэг, эхтэйгээ тангараг тасарч байсан үе байдаг бөгөөд үүнийгээ "Эвлэрэл" гэдэг өгүүллэгтээ бичсэн түүхтэй. Бас зохиол бүтээлээ туурвихын тулд 28 удаа нүүсэн гэдгээрээ алдартай нэгэн билээ.
Түүний 1910 онд бичсэн "Сахлын хутга" өгүүллэг ихэд алдартай бөгөөд энэ өгүүллэгт тэнэг мунхаг, уур уцаартай хүнд эрх мэдэл атгуулах ямар муу үр дагаварт хүргэдгийг уран сайхны аргаар өгүүлжээ. Хүн, байгаль хийгээд амьд амьтныг хайрлах нинжин сэтгэлийг магтан дуулсан алдарт "Киносакид" өгүүллэгээ бичсэн халуун рашааны газар өдгөө түүний гэр музей болж алдаршсан нь хүмүүс түүний уран бүтээлийг хэрхэн үнэлэн хайрлаж хамгаалдгийн илэрхийлэл юм. Түүний зохиол бүтээлийг Акүтагава Рюүносүкэ, Дазай Осамү нар өндрөөр үнэлж "Багш аа" хэмээн хүндэлдэг байжээ.
Яманотэ шугамын галт тэрэгт би дайруулж унаад бэртсэн удаатай билээ. Түүнээс улбаатай нурууны гэмтлээ эдгээхээр Тажимад байдаг Киносакигийн халуун рашаан руу ч явж байлаа. Эмч "Нурууны чинь гэмтэл ужигран ясны сүрьеэ болвол үхэхээс өөр замгүй. Гэхдээ арай тийм дээрээ тулаагүй байна. Цаашид хоёр, гурван жил өвдөхгүй байвал сэтгэл зовох зүйлгүй. Гол нь биеэ сайн анхаар" гэсэн юм. Тиймээс би Киносаки руу явсан билээ. Тэнд гурван долоо хоног тэвчээртэй байх, болж өгвөл таван долоо хонохоор шийдэв. Миний толгой олигтой ажиллахгүй, юм их мартана. Гэхдээ сүүлийн хэдэн жил байгаагүй тайван, сэтгэл санаа тогтвортой байлаа. Тариа хураах цаг эхэлсэн болохоор цаг агаар сайхан байсан юм.
Киносакид би ганцаараа байж, хэнтэй ч ярьж хөөрсөнгүй. Гагцхүү ном уншиж, юм бичихээс өөрийг үл хийв. Заримдаа гадаа сандал дээр суун уул юм уу зам руу харна. Эсвэл алхана. Замаар өгсөөд алхахаар дэргэд горхи урсах нь урамтай байдаг. Уулын бэлийн тохойд хулд загас цуглардаг цөөрөм бий. Тэр цөөрөм рүү ойртон харвал тунгалаг усанд нь том сахалтай хулд загасны сарвуунууд хар чулуу шиг хөдлөхгүй байх нь харагдана. Оройн хоолны өмнөхөн би тийнхүү алхдаг байлаа.
Намар оройн сэрүүнд тунгалаг горхийг даган алхах бүрийд надад ихэвчлэн гунигтай бодол орж ирнэм. Дандаа л харамсалтай дурсамжууд бодогдоно. Гэхдээ тэрхүү гунигт дурсамжууд бас амар амгаланг авчирдаг байж билээ. Миний осол надад үе үехэн санагдана. Би ганц л алхам буруу гишгэсэн бол өдгөө Аоямагийн оршуулгын газар өөдөө харан үүрд нойрсож байх байлаа. Цонхийж цайсан царайтай, хөрчихсөн, нурууны минь яс хэд хэд хугарчихсан амьтан өвөг эцэг болон ээжийнхээ шарилтай зэрэгцээд нойрсож байх байсан. Гэлээ гээд би тэдэнтэй ярьж, санаа бодлоо хуваалцаж чадахгүй, тэд ч намайг яахин сонсож чадах билээ дээ. Харамсалтай хэр нь гайхалтай тэр бодол намайг төдийлөн айлгаагүй юм. Би үхэх байсан ч амьд мэнд үлдсэн. Ямар нэгэн зүйл намайг аварчээ. Надад хийж дуусгах олон зүйл байсан болохоор л би амьд үлдэж дээ гэж бодлоо. Хаа байсан дунд сургуульд байхдаа Лорд Клайвын тухай нэгэн номыг уншсан юм. Тэр номын утга санаа надад амьд байхын утга учир, хүчийг өгсөн ажээ. Үнэндээ би тийм гайхалтай хүчийг мэдрэхийг хүсэмжилж байлаа. Тэгээд ч тийм мэдрэмжийг мэдэрсэн буй за. Тиймээс зүрх сэтгэл минь гайхалтай гэгч тайвширсан юм. Бас үхлээс айх бус харин ч дотносох хандлага бий болсон. Би зочид буудлын хоёр давхарт тусгай өрөөнд байв. Хажуугийн өрөөнд хүнгүй тул анир чимээгүй, нам гүм аж. Харин би ном уншиж, юм бичихгүй үедээ саравчин дээрхи сандалд тухална. Доод давхрын саравч надад харагддаг байлаа.
Байшингийн дэргэдэх модонд соно үүрлэжээ. Цаг агаар сайхан бол өдөр бүр эрээн сононууд өглөөнөөс орой болтол дүнгэнэнэ. Тэд бөөн бөөнөөрөө сүрэглэн үүрээ тойрон дүнгэнэж, эвэр, хөл гараа авчилгүй тун чиг нямбай нисэх нь гайхмаар ажээ. Том том алцайж алхах нэгэн байхад, солонгорсон далавчаа хумин дээш хөөрч дүнгэнэх нь ч бас бий. Бөөндөө дээш нисэхдээ хол хөөрнө. Тэр үед яцүдэ3 (Жижиг дэлбээтэй цагаан цэцэг) цэцэглэсэн хэвээр байсан тул сононууд цэцэгс дээр бөөнөөрөө шавна. Уйдвал би тагтан дээрээс тэдгээр соныг хардаг байлаа. Нэгэн өглөө манай цонхны тавцан дээр үхсэн соно хэвтэж байхыг олж харав. Хоёр хөлөө гэдэс рүүгээ хумин атийж, өөр ямар ч соно тэгж атийхгүйгээр атийн эвхэрч, тэмтрүүл нь хүртэл нүүр рүү нь замбараагүй гүн шигджээ. Бусад сононууд үүрнээсээ гарч, зам мөрөө хөөн хажуугаар нь эргэлдэж, үхсэн нэгнийгээ сонирхох нэгээхэн бээр ч алга аж. Завгүйхэн эргэлдэн нисэх сононууд амьд амьтан байна гэсэн мэдрэмжийг төрүүлж, амьд явах итгэл сэтгэлийг өөрсдийн хичээл зүтгэлээр харуулж билээ. Түүний хажууд байхад үхсэн соно өглөө, өдөр, оройгүй нөгөө л нэг газраа огт хөдөлгөөнгүй, өөдөө харан атийж хэвтэх нь яах аргагүй үхэл гэдгийг мэдрүүлэв. Тэрхүү үхсэн соно чив чимээгүй, нам гүм байдал бас гунигт сэтгэлийг төрүүлэв. Үдэш болсон хойно бусад соно үүрэндээ ороход үхсэн ганц жижиг соно хүйтэн дээвэр дээр ганцаар хэвтэн үлддэг байлаа. Харин тэр дүр зураг надад амар тайван сэтгэлийг төрүүлнэ. Нэг шөнө ус ихтэй бороо орлоо. Өглөө болж, тэнгэр цэлмэтэл байшингийн дээврээс өгсөөд газар, модны навчис хүртэл угаагдан өнгө орж гялалзах ажээ. Харин үхсэн соно алга болсон байв.
Бусад сононууд хүч дүүрэн ажилдаа гарах гээд зав чөлөөгүй байхад үхсэн соно өчигдрийн борооны дээврээс буусан усанд урсаад бохирын хоолой дамжаад алга болжээ гэж бодогдлоо. Хоёр хөлөө эвхэн, нүүрээрээ шавар шавхайд унаж шалбаагт хутгалдсан байхдаа, хөөрхийс. Өөр нэг амьтан түүнийг шалбаагнаас чирч гаргаж ирэхгүй бол тэр газартаа л хэвтэж буй биз ээ. Жишээ нь, шоргоолж чирээд ч юм уу... Ямар ч гэсэн нам гүм болсон байлаа. Завгүй, тун завгүй ажиллаж байсан соно огтхон ч хөдлөхгүй байх аваас арга ч үгүй биз ээ. Тэрхүү нам гүм байдалд дотносох сэтгэл төрөв. Киносакид ирэхийн өмнөхөн би "Ханы өдүүлсэн гэмт хэрэг" нэртэй зохиол бичсэн билээ. Хан гэдэг хятад хүний өнгөрсөн явдал бөгөөд тэрбээр өөрийн эхнэр, хуучин найз хоёрын хоорондох нарийн харилцааг харддаг юм.
Тэрбээр хардлагаасаа болоод эхнэрээ егүүтгэдэг тухай өгүүлсэн зохиол билээ. Уг зохиолд би гол нь Ханы сэтгэлийн өөрчлөлтийг илүү тусгаж бичсэн юм. Харин одоо Ханы амьсгал хураасан эхнэрийн сэтгэл, түүний зүгээс харсан юмс үзэгдлийн чиг хандлага, эцэст нь хороогдоод авсан дотор орсон нам гүмхэн харууслыг нь бичих юмсан гэж бодож билээ. Би "Ханы алагдсан эхнэр" гэдэг зохиол бичье гэж бодлоо. Гэвч энэ санаа маань санаагаараа дууссан ч үнэхээр тэгж бичих эрмэлзэл төрж байв. Бичиж чадаагүй гол шалтгаан нь нэлээд дээрээс бичиж эхэлсэн зохиолын гол баатрын үзэл бодол тэс ондоо бодол санаатай байсанд оршино. Тиймээс бичих хүслээсээ ухарч буцсан бөлгөө. Үхсэн сонын хүүр борооны усанд урсаж, миний нүднээс далд ороод удаагүй үе байлаа. Нэгэн өглөө би Япон тэнгист цутгадаг Маруяма голыг харах гэж Хигаши уулын цэцэрлэгт хүрээлэн орохоор халуун рашааны газраас гарч явав. Халуун рашааны "Ичиною" буудлын урдаас урсах горхи Маруяма гол руу цутгадаг юм. Намайг тэнд очиход гүүр хийгээд голын хоёр эргээр баахан хүмүүс шавж зогсоод гол руу харан баясалдан инээлдэж байлаа. Тэд голын усанд унасан том үхэр хулганыг харж байхдаа баяртай байх ажээ.
Хулгана хамаг байдгаараа тэмцэн уснаас гарах гэж оролдох нь үзэгдэв. Үхэр хулганы хүзүүг хориод сантиметр урт уяагаар оосорложээ. Толгой, бас хүзүүн доогуур нь есөн сантиметр уяа уяжээ. Үхэр хулгана цөөрмийн чулуун хашлага дээр гарах гэж зүтгэнэ. Хоёр, гурван хүүхэд бас дөч орчим насны тэрэгчин эр хулгана руу чулууг харамгүй шидэлнэ. Чулуу түүнийг тийм амар онохгүй, тэдний шидэлт чулуун хашлаганд цохиод буцаж ойно. Тэгэх бүрт гүүрэн дээр зогсох хүмүүс баяртай нь аргагүй чанга чанга инээлдэнэ. Гэтэл хулгана арай гэж нэг юм чулуун дээр урд хоёр сарвуугаа тавилаа. Тэрбээр өөдөө авирах гэтэл уяатай шор нь чулуунд тээглээд эргээд унав. Хулгана яаж ийгээд гарах гэж зүтгэнэ. Нүүрний хувирал нь төдий анзаарагдаагүй ч нүүрний булчин нь хулганыг өөрт буй хамаг хүч чадлаа шавхан тэмцэлдэн зүтгэж буйг илэрхий харуулж байлаа.
Хулгана хаашаа ч хамаагүй зугатвал аврагдана гэж бодож байгаа бололтой, шортой уяатай чигээрээ зүтгэсээр чадал нь хүрэлгүй гол руу түрэгдсэн юм. Харин өнөө тэрэгчин эр хүүхдүүдийн хамт улам баясаж, түүн рүү хайр найргүй чулуу нүүлгэж байж билээ. Голын эрэг дээрхи угаалгын газрын дэргэд өгөөш хайж байсан хоёр, гурван тэжээмэл нугас шидэгдэж ирэх чулуунаас цочиж, урт нарийн хүзүүгээ өргөн ийш тийш харж байснаа айж мэгдэн гуаглалж, голын дээд урсгал руу яаран сандран сэлсээр зугтаж билээ. Хулганы сүүлчийн мөчийг харах зүрх надад байгаагүй юм. Хулгана амьд явахын төлөө үхэлд тун ойр хүрсэн хувь заяагаа үүрээд хамаг чадлаараа тэмцэлдэн зугтаж буй үйлдэл яагаад ч юм миний ой ухаанд тодоос тод үлджээ. Надад ганцаардмал, гунигтай сэтгэл төрөв. Харсан зүйл маань бодит явдал байсан юм.
Өөрийн хүсэх амар амгалангийн өмнө тиймэрхүү зовлон мэдрэх нь хамгийн аймшигтай зүйл ажээ. "Үхлийн дараахь амгалан нойронд таатай хандах байлаа ч үхэл хүртэлх ийм зам тун аймаар юм" гэж бодогдож билээ. Амиа хорлохыг үл мэдэх амьтад сүүлчийн амьсгал хураатлаа хамаг чадлаараа тэмцэж, цамнахаас өөр замгүй байдаг ажээ. Хэрэвзээ би энэ хулгана шиг нөхцөлд орвол яах бол? Ийм явдал тохиолдвол энэ бие минь юу хийх бол оо? Саяны хулгана шиг тэмцэх болов уу? Би осолд орсон үеэ бодоод хулгана шиг нөхцөлд тун ойр байжээ гэдгээ ойлгов. Тэр үед би хамаг байдгаараа л амьд гарахыг хичээж байсан юм. Хэвтэх эмнэлэгээ би өөрөө сонгов. Бас тийшээ яаж явах замыг ч заалгаж билээ. Арай гэж нэг юм эмнэлэгт хүртэл хэрэв эмч нь эзгүй, шууд мэс засал хийх бэлтгэл байгаа эсэхийг юуны түрүүнд эмнэлэг рүү утасдаж лавлахыг гуйж билээ. Хожим бодоход, оюун ухаангүй болчихсон шахам байж нэн түрүүнд хэрэгтэй чухал зүйлийг яаж тэгж хурц сэтгэж, шийдсэнээ одоо бодохоор гайхдаг юм. Тэр ч байтугай үхэх, сэхэхийн аль нь вэ гэдгийг би л мэдэх зүйл шүү дээ. Тэгсэн мөртлөө үхэх, сэхэхийн ирмэг дээр тулчихсан хэр нь үхэл гэх айдаст нөмрөгдөөгүй нь тун хачирхалтай. "Амь насанд хүрэх гэмтэл үү, үгүй юу? Эмч юу гэж байна?" гэж дэргэд зогсох найзаасаа би асууж билээ.
"Эмч чамайг үхэх дээрээ тулчихаагүй байна гэсэн" гэх нь намайг хоромхон зуур баясгав. Тэрхүү баяслаас би үгээр хэлж барамгүй эрч хүчийг авсан билээ. Хэрэв надад "Амь насанд аюултай" гэсэн бол би яах байсан бол оо? Өөрийгөө тийм байдалд орсноор төсөөлж үл чаднам. Тэгвэл ч гүн гуниг, цөхрөлд умбах байсан биз ээ. Гэвч жирийн үед төсөөллөөс хар дарсан үхэл гэдэг үгэнд цочирдоогүй юм. Би "Үхэх юм байна" гэж хэлүүлсэн ч яаж ийгээд өөрийгөө аваад гарахыг хичээж, чармайх байсан даа. Би ямар ч эргэлзээгүйгээр өнөөх үхэр хулганаас өөрцгүй хичээх байсан биз. Тийм болохоор би дахин осолд орвол яах бол хэмээн төсөөлж, хулганы хийсэн үйлдэлтэй ер өөрцгүй байх байсан гэж бодох юм. Шууд нөлөө үзүүлэхгүй байх. Тэр ч байтугай, хоёр тал хоёул үнэн зөв, нөлөө үзүүлэх тохиолдолд, сайн нөлөө үзүүлэхгүй тохиолдолд ч яах вэ гэдгийг хүртэл бодож үзэв.
Би тэр үхэр хулганы явдлаас хойш нэгэн орой хотын нөгөө талын голын эргийг даган алхаж явлаа. Ямакагэ шугамын газар доорхи хонгилын засмал зам дууссан ч тэр зам нарийсан салж, горхи жирэлзэн урсаж өнгөрөхөд надад нэг ч хүн, нэг ч байшин барилга харагдсангүй. "Буцдаг юм уу даа" гэж бодсон ч "Тэр харагдах газар хүртэл..." гэх маягаар нэг булан, хоёр булан хэмээн урагш алхсаар л байлаа. Тэгсээр бүх зүйл түнэр харанхуйд уусаж эхлэв. Арьс жихүүцүүлэх агаар жиндүүхэн хүйтэрсээр ямар ч чимээ анир гарахгүй болоход яагаад ч юм би ихэд догдолсон юм. Замын дэргэд том ялам мод байв.
Тэр модны нэг мөчир замын хашлаганы эсрэг тал руу ургасан бөгөөд мөчрийнх нь навчис нэгэн хэмнэлээр намилзана. Салхигүй байсан тул горхиноос бусад бүх зүйл анир чимээгүйд умбах агаад тэрхүү навч цор ганцаар жигтэйхэн завгүй дэрвэнэ. Эхэндээ би гайхан алмайрч байснаа сүүлдээ түгшиж эхэлсэн юм. Гэсэн ч догдлох сэтгэл минь хэвээр байлаа. Нөгөөх модны дор очиж зогсоод навчийг сониучирхан харав. Навч салхинд сэрчигнэж эхэлснээ салхинд таг хөдлөхөө болив. Шалтгааныг нь ойлгов. Ийм нөхцөл байдлыг би улам сайн ойлгодог гэж бодсон билээ. Харанхуй боллоо. Яаж ч урагшилсан зам харгуй дуусахгүй, үргэлжилсээр л байлаа. "Буцъя даа" гэж бодох мөчид хажуугаар урсах горхи руу санамсаргүй харав. Цөөрмийн нөгөө эрэг дээр уснаас үл ялиг цухуйх толгодын хагас татамигийн хэмжээтэй хад чулуун дээр хар өнгийн жижигхэн амьтан үзэгдэв. Сайтар ажвал усны гүрвэл байлаа. Гүрвэл байдгаараа норчихсон, гоё өнгөтэй солонгорч бас толгойгоо гудайлган хажуунаас урсах урсгалыг ширтээд хөдөлгөөнгүй болжээ. Хуурай чулуун дээр түүний биеэс ус дусална.
Тэр бүх үзэгдлийг би харж зогссон билээ. Чингэхдээ олон юм бодолгүй зөвхөн усны гүрвэлийг өрөвдөн хайрлах сэтгэл төрж байв. Би хорхой шавьж гэх жижиг амьтдаас жижиг гүрвэлд хамгаас дургүй. Усны гүрвэлд дуртай ч биш, бас дургүй ч биш билээ. Арван жилийн өмнө Аши нуурын эрэг дээр усны гүрвэл үй түмээрээ цугларахыг хараад дахин төрвөл усны гүрвэл болвол яах бол гэж төсөөлсөн чинь цээж давчдаад, дотор харанхуйлсан юм. Түүнээс хойш усны гүрвэл харахаар л нөгөө бодол дахин төрөх аваас усны гүрвэлийг харахыг ч хүсдэггүй болов. Гэвч одоо тэгж бодохоо больжээ. Би усны гүрвэлийг цочоож, ус руу оруулъя гэж бодлоо. Түүний эв хавгүйхэн биеэ хөдөлгөх төрх төсөөлөгдөв. Би хайж байгаад эрэг дээрээс хэдэн жижиг чулуу түүж аваад, түүнийгээ усны гүрвэл рүү шидэв. Надад түүнийг онох санаа ерөөсөө байгаагүй юм. Бай байсан ч бараг онодоггүй, аливаа нэг юмыг бай болгож байгаад онохдоо муу амьтан чинь гүрвэлийг тэр чулуу оночихно чинээ бодсонгүй. Чулуу ус руу унах чимээтэй хамт усны гүрвэл хажуу тийш үсрэх шиг болсон юм. Тэрээр арваад сантиметр хэртэй сүүлээ өргөөд гозойлгов. Би "Яасан бол?" хэмээн хэсэг харлаа. Анхандаа оносон гэж ч бодсонгүй. Гэтэл гүрвэлийн гозойсон сүүл алгуурхан буулаа. Чингээд урд хоёр хөлөө жигтэйхэн тэнийж, гөлгөр чулуунаас зүүгдсэн сарвуу нь дотогш хумигдсан усны гүрвэл ямар ч хүч үгүй суларсаар урагш унах нь тэр. Сүүл нь чулуунд цохигджээ. Усны гүрвэл хөдөлсөнгүй. Тэр үхжээ. Би ямар аймаар зүйл хийчихэв ээ? Амьтны цус гаргах санаа ч үгүй мөртлөө амийг нь тасалчихсандаа өөрийгөө зүхэв. Үндсэндээ миний хийсэн гай мөн ч санаатай хэрэг биш билээ. Усны гүрвэлийн хувьд хэзээ ч төсөөлөөгүй сүүлчийн мөч байлаа.
Хөл маань чулуу шиг хөшиж, гишгэсэн газраасаа ч хөдөлсөнгүй. Усны гүрвэл бид хоёр хамт байгаа мэт сэтгэл төрж, өөрийгөө би усны гүрвэл болсон мэт төсөөлөв. Өрөвдөх сэтгэл ундрахаас гадна амьд амьтны гуниг зовлонг бие сэтгэлээрээ бүрэн мэдэрлээ. Цагтаа осолд орсон ч азаар би үхээгүй. Харин усны гүрвэл тун азгүй байдлаар үхчихэв. Гуниглах сэтгэл оволзсон ч ирсэн замаараа эргээд л халуун рашааны буудал руугаа сажилсан билээ. Хотоос зайдуухан гэрэл туяарч харагдана. Үхсэн соно яасан бол? Тэр соно үхээд борооны усанд урсаж шороонд шингэсэн биз ээ. Өнөөх хулгана яасан бэ? Далай руу цутган орсон усаар хийлсэн бөмбөлөг бүхий бие нь хогтой хамт эрэг тийш шидэгдсэн байж мэднэ. Харин өнөө болтол үхээгүй би ийнхүү алхаж явна даа гэж бодлоо. Энэхүү нөхцөл байдалд би талархаад баршгүй. Гэвч бодит байдал дээр ямар нэг баяр баясал цээжинд дүрэлзсэнгүй. Тийнхүү би үргэлжлэх амьдрал, дууссан үхэл хоёрын зааг эсрэг, тэсрэг талд байдаггүйг ойлгосон билээ. Бас энэ хоёрт онцын зөрүү байдаггүйг ч олж мэдсэн юм. Алсад харагдах хотын гэрэл рүү харж явсан ч цардмал зам дээр гишгэх хөл минь харцанд гадуурхагдан тогтож ядан явлаа. Гагцхүү толгой минь л дур мэдэн ажиллаж, намайг чиглүүлэн хөтөлж билээ. Киносакид би гурван долоо хоног орчим саатаад цааш явсан юм. Түүнээс хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд би ясны сүрьеэ өвчин тусахаас наагуур юм болов. Чингээд бодохул гагцхүү түүнээс л аврагдсан ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан С.Оюунбилиг
0 comments:
Post a Comment