Wednesday, August 24, 2016

Интернэтээр машин захиалаад 520 сая төгрөгөө алджээ

Интернэтээр машин захиалаад 520 сая төгрөгөө алджээ

34 минутын өмнө


Японоос автомашин оруулж  ирэх нэрээр иргэдээс 520 сая төгрөг залилсан хэрэг гарсан талаар өнөөдөр хохирогч иргэдийн төлөөлөл мэдээллээ. Автомашины захиалгыг интернэтээр авдаг "Алтан харилцаа" компани өөрийн цахим хуудсаар дамжуулан 98 иргэнээс 30-60 хувийн урьдчилгаа төлбөр авч, автомашин оруулж ирнэ гэж мөнгө аваад алга болсон байна. Иргэн Э.Эрхэмбаярын хувьд "Приус 20" автомашин худалдан авахаар тус компанийн дансанд дөрвөн сая төгрөгийн урьдчилгаа байршуулжээ. Гэвч захиалсан автомашин нь одоог хүртэл монголд ирээгүй байгаа аж. Энэ мэтчилэн 2015 оны арванхоёрдугаар сарын 8-наас хойш 98 иргэний 520 сая төгрөгийг залилан авч, нэг ч машин оруулж ирээгүй аж.

С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарын тухайд "Автомашин нь ирж байгаа. Хил, гааль дээр гацчихлаа" гэх шалтгаан хэлж,  хагас жилийн нүүр үзжээ. Тиймээс эл хэргийн хохирогч гэх нэгэн иргэн хуулийн байгууллагад 2016 оны тавдугаар сард хандсан байна. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж,хохирогчдыг тогтоон улмаар 2016 оны зургаадугаар сарын 15-ны өдөр С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Гэвч сэжигтэн этгээдүүд шалгагдаж байх хугацаандаа 60 иргэнийг дахин залилсан бөгөөд компанийх нь үйл ажиллагааг зогсоогоогүй байсан талаар хохирогч иргэдийн нэг А.Алтангэрэл ярилаа. Тэрээр 5.7 сая төгрөгийн урьдчилгаа хийж, мөнгөө залилуулсан аж. Иргэд цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалт удаашралтай байгаа учраас Өргөдлийн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг дээд шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment