Friday, August 26, 2016

Бичтэй үзэлцсэн хавчийн түүх (Өгүүллэг)

Бичтэй үзэлцсэн хавчийн түүх (Өгүүллэг)

Өчигдөр 20 цаг 2 минут

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/70161.shtml#sthash.huJ2UJam.dpuf

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/70161.shtml#sthash.huJ2UJam.dpuf

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/70161.shtml#sthash.huJ2UJam.dpuf

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/70161.shtml#sthash.huJ2UJam.dpuf

Акутагава Рюносүкэ

Хавч эцэстээ атгын чинээ будаа булаасан бичээс өшөөгөө авахаар шийджээ. Хавч уур нүдүүр, жоом, өттэй элбэн заналт дайсан бичийг дарсан аж. Энэ талаар одоо яриад хэрэггүй биз ээ. Харин хавч болоод түүний нөхдөд бичээс хойш ямар хувь заяа учирсан бол гэдгийг ярих нь чухал гэж бодлоо. Яагаад гэвэл үлгэр домогт энэ тухай гардаггүй шүү дээ. Үлгэрт харин хавч нүхэндээ, уур нүдүүр хоёр галын өрөөний тавиурын буланд, жоом шалны хөвөө модон дор, өт будааны хальстай хайрцаг дотроо эв найртай, амар тайван аж төрөн суудгаар гардаг бус уу?

Тэгвэл энэ бол худал яриа шүү. Тэд бичийг хөнөөсний дараа бүгд цагдаад баригдан шоронд суужээ. Шүүх бүрэлдэхүүн олон удаа хуралдаад гол хэрэгтэн болох хавчийг цаазаар авч, хам хэрэгтэн уур нүдүүр, жоом, өт гурвыг насаар нь гянданд хорих ял оноохоор шийдсэн гэнэ. Үлгэрт итгэдэг хүмүүс тэдний хувь заяа ийн эргэсэнд гайхаж зэвүүцэх буй за. Гэхдээ энэ бодит үнэн юм. Хөдөлшгүй баримттай үнэн билээ.
Хавчийн үгээр бол бичтэй атгын чинээ будаагаа илжгэн чихээр солихоор тохиролцсон гэдэг. Бич болсон байтугай түүхий илжгэн чих ч өгөлгүй, тэр бүү хэл хавчийг шархдуулах санаатай түүхий илжгэн чихээр учиргүй цохиж гарсан гэдэг юм. Гэтэл бич, хавч хоёрын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй байв. Тэгээд ч атгын чинээ будааг илжгэн чихээр сольё гэж тохиролцсон боловч болсон илжгэн чихээр сольё гэж тусгайлан тохиролцоогүй байсан ажээ. Эцэст нь хавч түүхий илжгэн чихээр цохиулсан ч бич муу санасандаа тэгсэн үү, үгүй юу гэх нотолгоо хангалтгүй байсан аж. Мөн хавчийг хамгаалсан цэцэн цэлмэгээрээ алдартай өмгөөлөгч шүүгч нарын сэтгэлийг хөдөлгөн өөрийн талд оруулахаас гадна ур чадвараа хаана, хэзээ гаргахаа мэдээгүй бололтой. Өмгөөлөгч хавчийг өрөвдөн нулимсыг нь арчин байж "Эвлэрчих л дээ" гэсэн гэдэг. Гэхдээ "Эвлэрчих л дээ" гэсэн нь цаазын ялтайгаа эвлэр гэсэн утгаар хэлсэн үү, эсхүл өмгөөлөгч их мөнгө авсантай эвлэр гэсэн үү гэдгийг хэн ч тодруулж чадахгүй билээ.

Сонин хэвлэлээр гарах олон нийтийн санаа бодолд хавчийг өрөвдөж, хаацайлсан сэтгэгдэл ганц ч байгаагүй юм. Хавч бичийг хороосон нь ердөө хувийн хонзонгоос өөр юу ч биш. Тэр байтугай хувийн өс хонзон, мэдлэг боловсролгүй, хөнгөн хуудуугаас болж хавч бичийг алсан нь гаслантай явдал биш үү? Ер нь тэгээд тэнэг юм уу галзуу л биш бол хүчтэй нь хүчгүй нэгнээ хороож байдаг хорвоо биз дээ? Тийм өнгө аясаар шүүмжилсэн төрлийн бичлэгүүд багагүй гарсан юм. Жишээ нь, худалдаа арилжааны хурал зөвлөлийн нэг эзэн хавч бичийг хороосон нь орчин үед түгээд байгаа "Аюултай сэтгэлгээн"-д (1917-1930 оны үед Барууны чиглэлийг баримтлагч хэвлэлүүд дэвшилтэт санаа бодлыг ийн дүгнэдэг байжээ)  автсаны хэлбэр гэж дүгнэсэн юм. Тиймээс ч дам сонсоход энэ хүн хавчийн өшөө авалтаас хойш сэлэмнээс гадна арван бух нохой авч тэжээсэн гэдэг.

Мөн хавчийн өшөө авалт сэхээтэн гэгдэх хүмүүст таалагдаагүй юм. Нэгэн их сургуулийн профессор "Ёс зүйн онол талаас нь авч үзвэл хавч бичийг хороосон нь атаа жөтөөнөөс үүдэлтэй нь яах аргагүй үнэн. Атаа жөтөөг яагаад ч сайн явдал гэж хэлж үл чаднам" гэжээ. Дараа нь социалист нийгмийн нэгэн зүтгэлтэн "Хавч хувийн өмч болох илжгэн чихийг, атгын чинээ будааг ч гүнээ хүндэтгэдэг байсан тул уур нүдүүр, жоом, өт бүгдээрээ бичийг үзэн ядах сэтгэлд автсан байх. Цаашилбал Кокүсүкайн (1919-1945 онд байсан "Дайнихон кокүсүкай" гэдэг нөлөө бүхий үндэсэрхэг үзлийг баримталдаг байгууллага) гишүүн ч байж мэдэх юм" гэжээ. Дараа нь шашны төлөөллийн тэргүүн "Хавч шашны номлох өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийг үл мэддэг нэгэн байж. Өрөвч нигүүлсэнгүй сэтгэлтэй нэгэн байсан бол түүхий илжгэн чихийг авч, бичийг үзэн ядах сэтгэлээр хандах нь бүү хэл харин ч бичийг өрөвдөж хайрлах байсан юм. Хөөрхий дөө, би хавчинд ганц удаа ч болов номлол сургаалиа сонсгосон бол яав ч тийм хэрэг үйлдэхгүй байсансан" гэжээ.

Дараа нь салбар салбарын төлөөллүүд өөр өөрийн дүгнэлтийг хийхдээ бүгд хавчийг буруутгасан юм. Харин парламентын архичин, шүлэгч нэг гишүүн хавчийн талд орсон билээ. Тэр хавчийг "Бүшидогийн үзэл баримталжээ" гэсэн юм. Гэсэн ч энэ хуучирсан нотолгоо хүмүүсийн чихний хажуугаар өнгөрсөн билээ. Тэр бүү хэл, сонины шар мэдээний буланд парламентын гишүүн хэзээ ч юм урьд өмнө амьтны хүрээлэнгээр явж байтал нэгэн бич өөдөөс нь шээж түвэг чирэгдэл учруулсанд хонзон санасан бололтой гэж гарсан юм.

Үлгэр домогт итгэдэг уншигч нэгэн магадгүй хавчийн гунигт хувь заяаг өрөвдөн нулимс дуслуулах байх. Гэхдээ хавчны үхэл бол хууль ёсных юм. Хэрэв гашуудлын нулимс унагаж байгаа бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийнх шиг эмзэг сэтгэлтэйгээс өөрцгүй нэгэн билээ. Бурхан тэнгэр хавчинд оногдсон шийтгэлийг ч зүй ёсных гэсэн юм. Бодит байдал дээр шүүхийн ялыг гүйцэтгэсний дараа шүүгч, яллагч, өмгөөлөгч, хянагч, гүйцэтгэгч, бас шоронгийн санваартан бүгд сэрэлгүй дөчин найман цаг унтсан гэж байгаа. Түүнээс гадна тэд зүүдэндээ диваажингийн хаалгыг харцгаасан гэдэг юм. Тэдний яриагаар бол диваажин хуучин цагийн цайзны загвартай их дэлгүүр байсан гэсэн.

Дашрамд хэлэхэд, хавчийг өнгөрсний дараа хавчийн гэрийнхэн яасан талаар жаахан бичье. Хавчийн эхнэр нь биеэ үнэлэгч болсон юм. Тийм болсон шалтгаан нь ядуу зүдүүгээсээ юу, эсхүл өөрийн дур хүслээрээ юу гэдэг нь өдгөө ч тодорхой бус хэвээр билээ. Хавчийн ууган хүү эцгийгээ өөд болсны дараа сонины хэллэгээр бол "Сайн хүн болж хувирсан" ажээ. Өдгөө тэр бараа хангамжийн газарт нягтлан юм уу худалдаачин хийж байгаа гэх яриа байна. Тэр хавч нэг удаа төрлөө идэх гэж бэртсэн найзаа өөрийн нүх рүү чирч оруулжээ. Кропоткины (Харилцан туслалцах нь хувьслын хүчин зүйлс" гэдэг номын зохиогч) "Харилцан туслалцахын тухай" номд хавчнууд өөрсдийн төрөлдөө санаа тавьдаг гэх нотолгоог тодоос тод харуулж байгаа бус уу? Удаахь хүү нь зохиолч болсон юм. Мэдээж, зохиолч болохоор авгай хүүхний сонирхох зүйлийг бичихээс өөр юм бичдэггүй байв. Гагцхүү эцэг хавчийнхаа амьдралыг жишээ болгон "Буян бол нүглийн нөгөө нэр" гэх мэт хачин юм яриад л яваа юм билээ. Отгон хүү нь угаасаа ухаангүй тэнэг нэгэн юм болохоор хавчаараа үлдсэн нь дээр гэж шийдсэн гэдэг. Тэрээр хажуу бөөрөөрөө газарт наалдан гулсаж явтал дээрээс нь атгын чинээ будаа унажээ. Атгын чинээ будаа түүний хамгаас дуртай амттан байсан юм. Олзоо хараад ихэд олзуурхсан хавч урт сарвуугаараа авчээ. Тэгтэл илжгэн чихний модны мөчир дээр суусан нэгэн бич...
Юу ч болсон байлаа, энэ ярианы үргэлжлэлийг ярих шаардлагагүй биз. Ямартай ч бичтэй үзэлцсэн хавчийн үхэл бурхан тэнгэрийн төлөө гэдэг нь үнэн юм. Эрхэм уншигчид минь ээ Та нар үнэндээ хавчнууд биш гэж үү?

1924 оны хоёрдугаар сар.  
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Самбуудоржийн Оюунбилиг

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment