"Хотын ногоон шийдлүүд" үзэсгэлэн болж байна
30 минутын өмнө

"Экобус", "Эко зуух", "Эко шатахуун", "Эко гэрэл" зэрэг ногоон өнгийн танилцуулга байрлуулсан цагаан асрууд Чингисийн талбайд ярайна. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд энэ жил хоёр дахь удаагаа "Хотын ногоон шийдлүүд-2016" үзэсгэлэнг өнөөдөр / 2016.08.03/ зохион байгуулж буй нь энэ.
Энэхүү үзэсгэлэнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 48 аж ахуйн нэгж эко эрчим хүч, эко цахилгаан дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэл гэсэн дөрвөн сэдвээр бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Үзэсгэлэнг сонирхохоор Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд 20 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
Үзэсгэлэнгийн талбайн зүүн талд байрлах "Эко зуух" иргэдийн анхаарлыг татаж байлаа. Энэхүү ухаалаг зуух нь бүрэн автомат ажиллагаатай. Бүрэн шаталттай учраас агаарын бохирдол үүсгэхгүй. Гэр хорооллын нэг гудамжинд нэгийг суурилуулж, гудамжны айлуудын дулааныг утаагүйгээр шийдэх боломжтой гэнэ.
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас "Бид өнгөрсөн тавдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдэд "Нийслэлийн ногоон сертификат" олгох журам батлагдсан. Энэ журмын дагуу ногоон сертификат авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд холбогдох материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй эко олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой болно" гэсэн мэдээлэл өгч байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Ц.Атаржаргал "Манай хорооноос ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч, ажиллаж байна. Үүний нэг жишээ нь сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан. Монгол улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын найман хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Үйлдвэрлэлийн салбарт энэ тоо 2-3 хувьтай байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод 2020 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувьд хүргэнэ гэсэн том зорилтыг дэвшүүлсэн байгаа" гэж ярилаа.
Эх сурвалж: News.mn
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment