Эзэн холбогдогчгүй цогцсыг гурван сар хадгалдаг
1 цаг 51 минутын өмнө
Сая гаруй хүн амтай нийслэл хотоос эзэн холбогдогчгүй цогцос илрэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Хамгийн сүүлд ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотроос цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 105 дугаар сургуулийн хашаан доторх дулааны худгаас цогцос олджээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийнхан очиж ажиллахад нэр, хаяг нь тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй хүний цогцос олдсон байна. Хэргийг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Ер нь иймэрхүү байдлаар эзэн холбогдогчгүй цогцос ШШҮХ-д олноор ирдэг юм байна. Өнгөрсөн онд л гэхэд 2000 гаруй цогцос ирсэн гэнэ. Үүний 108-ыг нь хариуцах хүн олдоогүйгээс улсын зардлаар оршуулжээ.Эзэн холбогдогчгүй цогцос нь хоёр ангилалтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, хэн болох нь тогтоогдоогүй, хоёрт хариуцах эзэнгүй буюу хэн болох нь тогтоогдсон хэдий ч гэр бүл, хамаатан садангүй эсвэл тэдгээр нь оршуулах чадамжгүй хүмүүс. Он гарснаас хойш хэн болох нь тогтоогдоогүй цогцос 14, хариуцах эзэнгүй цогцос 16 ирсэн байна. Эдгээр хүмүүсийг ШШҮХ-ийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс дээр бүртгэлийн санд бүртгэж, цогцсын шинж тэмдэг, онцгой содон зүйлсийг нь тэмдэглэж аваад гурван сарын турш цогцос хадгалах байранд хадгалж, эзэн холбогдогчийг нь тогтоох арга хэмжээг авдаг байна. Энэ чиглэлээр Эрүүгийн цагдаагийн эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран ажиллаад эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нөхцөлд улсын зардлаар оршуулах ажиллагааг авч хэрэгжүүлдэг аж. Тиймээс ор сураггүй болсон иргэнийг хайхдаа энэ газрыг алгасаж болохгүй, хэдийгээр цогцос хадгалах хугацаа дуусч оршуулагдсан байлаа ч сангаасаа мэдээллийг шүүж таниулах, оршуулсан газрын байрлалыг гэр бүлийнхэнд нь тодорхой зааж өгөх зэрэг ажлыг хийдэг юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment