Ухаан "таслах" бус амь таслах аюултай ундаанд дахин хоёр хүн хорджээ
1 цаг 21 минутын өмнө
Савнаасаа бусдыг дийлдэг сархад гээч ундаа дахин хоёр хүний амийг авч одлоо. "Арслант" гэх архинд хордож нас барсан дөрвөн хүний талаархи шуугиан намжиж амжаагүй байхад Завхан аймагт дахин хоёр иргэн уусан архиндаа хордож нас барсан аж. Хэргийг тодруулбал, энэ сарын 08-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баяраар Завхан аймгийн Нөмрөг сумаас 35 км-ийн зайтай Тэргэлийн даваа гэх газар архи ууж байсан хоёр хүн архинд хордож нас баржээ. Тэд хоёулаа Завхан аймгийн харьяат иргэд бөгөөд 62 настай эрэгтэй Ч, 49 настай эрэгтэй Д нар ийнхүү амиа алдсан аж. Тэдэнтэй хамт 27 настай эрэгтэй Б гэгч мөн архи уусан гэнэ. Азаар амь нас нь эрсдээгүй ч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.Одоогоор шинжилгээнүүд хийгдэж байгаа бөгөөд орон нутгийн ажлын хэсэг энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас саяхан бүх архины үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд нэгдсэн шалгалт хийсэн талаар тайлагнасан. Гэсэн ч ийнхүү дахин ийм хэрэг давтагдлаа. Өнөөдрийн байдаар улсын хэмжээнд спиртийн үйлдвэр зургаа, архины үйлдвэр 57 байгаа юм. Үүнээс 20 нь нийслэл хотод, үлдсэн тооны үйлдвэр нь орон нутагт байдаг талаар тус байгууллагаас мэдээлсэн. Ингээд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан архины 25, спиртийн зургаан үйлдвэр,согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газрыг шалгажээ.
Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь хаяг, шошгын зөрчилтэй гарсан бөгөөд 12266 шил архийг битүүмжлэн, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 лонх шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан талаар МХЕГ мэдээлсэн. Гэвч шалгалтын мэдээлэл хуучирч амжаагүй байхад дахин ийм хэрэг гарсан нь архины хяналтыг илүү чангатгах бодит шаардлага байгааг харууллаа. Хэн дуртай нь эрүүл ухаан таслаад зогсохгүй эрдэнэт хүний амь таслах шид бүхий идээ бус хорыг үйлдвэрлэдэг эрхтэй байж болохгүй юм. Ер нь сүүлийн үед хаяг, шошго нь тодорхойгүй, зөвшөөрөлгүй хямд үнэ бүхий архийг хэрэглэн амь нас болон эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэж байгаа тул ард иргэд үүнийг анхааралдаа авахыг холбогдох албаныхан сануулж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment