Автобусны буудлуудыг өөрчилнө
Өнөөдөр 12 цаг 39 минут
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр төлөвлөжээ. Өдгөө Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 ширхэг том оврын автобус зорчдог гэнэ. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобуснууд буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил гарч байгаа учраас зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Хүч бөөний төв, Бөхийн өргөөний буудлыг нэгтгэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд талбайд шинээр нэгдүгээр зэрэглэлийн зогсоолын талбай гаргах, Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20-ын урд талын автобусны буудлыг нэгтгэж шинээр Улсын их дэлгүүрийн баруун урд зогсоол байгуулахаар төлөвлөж байгаа аж.Улсын их дэлгүүрийн баруун урд байгуулах зогсоол нь Баруун дөрвөн замын зогсоолоос 500 метр, дараагийн зогсоол Санкт-Петербург төв хүртэл 980 метр зайтай байх юм. Мөн Энхтайван найрамдлын ордны урд талын автобусны зогсоолыг таксины зогсоол болгохоос гадна Амарсанаагийн гудамж "MAXMALL" дэлгүүрийн баруун талд хоёрдугаар зэрэглэлийн зогсоол шинээр байгуулахаар төлөвлөжээ. Энэ мэтчилэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх таван зогсоолд өөрчлөлт хийснээр зогсоолуудын ачааллыг 50 хүртэл хувиар бууруулах боложмтой гэж үзэв. Зогсоолуудыг өөрчлөх, шинээр зогсоол хийх ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment