Saturday, March 15, 2014

Кино шүүмж: Дууч шувуухай Жил певчий дрозд

Кино шүүмж: Дууч шувуухай Жил певчий дрозд

Өнөөдөр 14 цаг 42 минут

Гамаржоба!!!
Найруулагч:    Отар Иоселиани
Зохиолч:         Дмитрий Эристави, Отар Иоселиани, Шермазан Какичашвили
Зураглаач:      Абесалом Майсурадзе
Хөгжмийн зохиолч:     Теймураз Бакурадзе
Төрөл:             инээдэм, эмгэнэл
Орон:              ЗХУ, Гүрж
Он:                  1970 он

Гүрж кино гэхээр л уншигч авхай та будан тат­сан буурал Кавказ, бардам зантай ухаант ард түмэн, эсвэл эцэс төгсгөлгүй үргэлжлэх найр наадам, дуу хуур, инээд ханиад мэтээр төсөөлсөн байх. Энэ кинонд тус нутгийн таних тэмдгүүд болсон эдгээр зүйлүүд бүгд гарна. Гэхдээ социа­лизмын үеийн Гүржийн хотод. Өнөө хүний амьдралыг тодорхойлдог байсан ховор зүйлс болох гадаад хувцас, гадаад кино, гадаад барааны үе шүү дээ. Жижиг боловч амьдралыг утга учиртай болгодог байсан тэр юмсын хойноос бүтэн өдөр ч хамаагүй дугаарладаг байсан хэцүүхэн цаг. Хэнд ч хэрэггүй деталиуд…

Найруулагч Отар Иоселианигийн кинонд жижиг деталиуд ахуйн хүрээ­нээс салаагүй тул байраа олоогүй мэт. Гэхдээ эдгээр деталиудын давталтууд нь тэдгээрийн метафизик агуулгыг улам баталж өгнө. Тийм болохоор эдгээр деталиудыг дөрөв хуваагаад үзье. Эхнийх нь Гиад таарах үхлийн тэмдгүүд мэт: толгой дээр нь унахаа шахсан савтай цэцэг, дайрах дөхсөн машин, унаж үхэх алдсан театрын онгорхой нүх, санаандгүй уух шахсан хор... Энэ бүхэн гэнэтхэн л үхэж магадгүй шүү гэж цаанаасаа Гиад сануулаад байгаа мэт. Хурдацтай давшлах манай эринд гэнэтийн үхэл хэн нэгнийг гайхуулахаа больсон цаг.

Гэтэл цагийн зүү өршөөлгүй гүйсээр байхад чи юу ч амжуулаагүй байдаг. Өөрийнхөө хөгжмөө ч бичээгүй мөртлөө шал дэмий юманд хамаг цагаа үрнэ. Индүү засна хэмээн задал­на. Чадахгүй мөртлөө хослол оёж эхлээд хаяна. Уншилгүй орхисон со­нин­гууд барилгын өрлөг шиг нүдэн дээр нэмэгдэнэ. Эдгээр нь өнөөх гайт деталиудын удаахь хэсэг. Тэгэхээр юу болж таарав? Дууч шувуухай юу? Насаараа жиргээд байх уу?
   
Гиа санамсаргүй үхдэг ч олон хү­ний сэтгэлд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн байх гэж найдна. Дандаа л хүмүүст тусалж гүйдэг сэн. Найзыгаа таньдаг эмч дээр авч очно, нагац эгч Элисогийн төрсөн өдрөөр ирж дуулж өгнө, хоолой нь өвдсөн Гейдарын оронд эрэгтэй найрал дуунд зогсоно, огт танихгүй хүнд тайлагдашгүй бод­лого бодож өгнө. Хамгийн эцэст өөрийнхөө найрал хөгжмийн төгс­гөлийн хэсэгт амжиж цохилуур хөгжмөө балбана. Энэ бол деталийн гурав дахь төрөл. Тэгэхээр юу болж таарав? Дууч шувуухай юу? Хүмүүст туслаад байх уу?
  
За, тэгээд деталийн дөрөв дэх хэсэг. Гиа байнга ямар нэг юм руу шагайж явна. Геологийн багажны дуран руу, телевизийн камер, телескоп руу гээд л. Түүнд бүх юм сонин. Тэр дэлхийг нээж байна. Гэхдээ л өөрийгөө олж харах­гүй. Гиа эцэг, эхээ телескопоор харах боловч дүрс нь хэт ойроос болоод замхраад байна. Дурандаа ч байгаа юм биш. Хэргийн хамаг учир Гиагийн харалганд байгаа юм. Тэр юмыг зүгээр байгаагаар нь хүлээн авч хэзээ ч чадахгүй.
   
"Дууч шувуухай" кино юуг ч ший­дэх­гүй, юуг ч тулгахгүй, зүгээр л жаа­хан бодоод үзэхийг санал болгоно. Тийм ч учраас төгсгөлд нь гарах цагны механизмын детальчилсан хэсэг урсан өнгөрч байгаа цаг хугацааны тухай л сануулна. Нээлттэй амьдарч хүн байх уу, эсвэл дуугаа хурааж дотуур тамиртан болох уу? Гэхдээ хурдалж л үзээрэй. Энэ нүгэлт орчлонд олгогдсон цаг чинь тийм ч урт биш байх шүү.
   
Үзэж дахин таашаал авлаа. Харамсалтай нь, ийм кино төрөхөө больж дээ. Шууд 10 оноо.

Кино найруулагч, шїїмжлэгч Б.Тїмэн-Өлзий Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment