Шүүхүүд, шүүгчид ачааллаа дийлэхээ больжээ
3 минутын өмнө
Хууль, шүүхийн салбарынхан шинэчлэл хийж буй. Зарим нь салбарынхаа шинэчлэлийг ч ойлгож амжаагүй байгаа энэ үед шүүхийнхэн, шүүгчид ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсчээ. Зургаан дүүргийн шүүхийг гурав гурваар нь нэгтгэж баруун, зүүн гэсэн хоёр төв болгон хувааснаар шүүхийн байрнуудад хүний хөл дийлдэхгүй болсноос гадна нэг шүүгч дээр өдөрт 4-5 шүүх хурал орж байгаа нь ядаргаанд оруулсан ажил болж байна гэж тэд хэлж байна.Байр савныхаа асуудлыг шийдээгүй хэрнээ гурван дүүргийн шүүхийг нэг дор бөөгнөрүүлсэн энэ ажилд шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд ч бухимдалтай байгаа аж.
Жишээ нь, хотын зүүн талын дүүргүүд буюу Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн шүүх Сүхбаатар дүүргийн нэгдсэн шүүх дээр төвлөрч, шүүх хуралдааны дөрвөн танхим нь хаанаа ч хүрэлцэхгүй, иргэд хоёроос гурван өдөр оочер дугаар үүсгэдэг, жинхэнэ шүүхийн хүнд суртал бий болсон байгааг ард олон хэлж байна. Шүүхийнхэн өөрсдөө ч боловсон хүчний хүрэлцээ муутайн дээр ийм ачаалалтай орчинд ажиллах нь тааламжгүй байгааг хэлж байгаа юм. Ийнхүү хууль, шүүхийн салбарт явагдаж буй шинэчлэлүүд жигдэртлээ хэл ам, шүүмжлэл дагуулсаар байх бололтой. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment