Ой тогтоолтын улсын аварга эхэллээ
1 цаг 33 минутын өмнө


Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар энэ сарын 22-ны бямба гарагт Монгол-Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт 03 сарын 01-нд болсон бөгөөд 120 тамирчнаас 52 тамирчин шалгарч үлдээд байгаа аж. Улсын аваргын тэмцээн нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэхээрээ онцлог юм. Нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин цом болон нэг сая төгрөг, хоёрт орсон тамирчин 750,000 төгрөг, гуравт орсон тамирчин 500,000 төгрөг хүртэнэ. Мөн тус тэмцээнээс энэ жил зохиогдох олон улс, Дэлхийн аваргын тэмцээнд оролцох оюуны спортын тамирчдыг тодруулах гэнэ.
Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Худалдаа Хөгжлийн Банк оролцож байгаа бөгөөд цаашдаа ой тогтоолтын Улсын аваргын тэмцээнийг тус банкны нэрэмжит болгон явуулахаар болжээ. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын Сайтын Холбоо, Рояаль HD телевиз ажиллаж байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил манай тамирчид олон улс, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 72 медаль хүртэж, Англи улсад болсон Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон 33 улсаас багаараа гуравт бичигдсэн сайхан амжилтыг үзүүлсэн билээ. Энэ оны хувьд 04 сард АНУ-д болох ой тогтоолтын дэлхийн шилдэг 16 тамирчны дунд явагдах "Extreme Memory Tournament" тэмцээнд 15 настай Ой тогтоолтын Их мастер Ц.Бат-Эрдэнэ эх орноо төлөөлж оролцоно. Мөн 05 сард Япон Улсад болох нээлттэй тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцох юм.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
0 comments:
Post a Comment