Friday, August 29, 2014

Долоон нөхөр нь долуулаа ижил өвчнөөр талийсан нь Должин удганы хараал байжээ

Долоон нөхөр нь долуулаа ижил өвчнөөр талийсан нь Должин удганы хараал байжээ

40 минутын өмнө

Баруун монголчуудын дотор "Долоон эрийн нүүр үзмэр" гэсэн хараал гэмээр хэлц үг байдаг. Үүний амьдралд хэрэгжсэн жишээ гэхээр нэгэн үйл явдал жараад онд Баян-Өлгийн нэгэн суманд тохиосон байна. Адтай, хийморьтой Алтайн урианхайчуудын амьдралд юу эс тохиох билээ. Тэднийхэн голдуу удган олонтой байсан гэх. Тэдний үр хүүхдээс Улаанбаатарт одоо ч буй. Тэр цагт нутаг орондоо дуулиан болж байсан нэгэн явдлыг тоймлон хүргэе. Бөө, удганы хараал гэж байдаг бол түүнийг л хэлэх биз ээ. Жараад онд тэр нутагт нас бие чацуу хоёр Должин байжээ. Болсон явдлыг ярьсан хүний хүсэлтээр нэрийг нь өөрчлөв. Нэг нь удган Должин. Нөгөө нь "хөөрхөн" Должин.

Хоёр Должин хоёулаа нэгэн эрд сайн байж. Бадарч бол бас л тэр хавьдаа нэртэй, устай эр явсан гэнэ. Хоёр Должинтой хоёулантай нь уулзаж, учирдаг зайтай эр байжээ. Удган Должин хэнд ч мөчөөгөө өгөхөөргүй хүүхэн байж. Гэхдээ нутаг усандаа алдартай "хөөрхөн" Должинд яаж хүрэх билээ. Яг суудаг барьдагтаа тулбал "хөөрхөн"-ийг нь сонгохоо мэдэлгүй яахав. Санаа оноо нь ч нэг тиймэрхүү байж. Түүнийг удган Должин ч гадарладаг байсан бололтой. Нэг удаа амьдаатайгаа уулзаад ийн ярьжээ. "Чи нутаг усандаа нуруу туруугаараа алдартай хүүхэн. Нөхөр хаанаас мундахав. Бадарчийг надад өгчих. Тогтоохоо би өөрөө аргалъя" гэсэн байна. Үүнийг сонссон өрсөлдөгч нь ихэд уурсан "Чиний удган, мудганаас айхгүй. Бадарчийг хэнд ч өгөхгүй. Чаддаг, мэддэг юм бол салгаад авахгүй юү" гэчихэж. Ийм хариу сонссон удганы уур хилэн бадралгүй ч яах вэ. Дээр нь эм амьтан болохоороо богино жолоотой нь мэдээж. "Салгаад авдаггүй юм гэхэд салгаад хаячихаа мэдъе. Долоон эрийн нүүр үзмэр минь, долоо гэрлэхийг чинь харъя" гэжээ.

Төдөлгүй Бадарч, "хөөрхөн" Должин хоёр гэрлэн хөлтэй найр хийсэн байна. "Намаржааны дэнжийг найгатал найрлана" гэсэн үгэндээ ч Бадарч хүрчээ. Зөвхөн Алтанцөгцийнхөн ч бус тус сумтай намаржаанаар хиллэдэг Ховдын Эрдэнэбүрэнгийн өөлдүүд ч ирж найр наадам хавтгайрсан байна. Гурван хоногоор тогтсон найр долоо хонохыг бодоход нэлээд үргэлжилсэн нь ойлгомжтой. Найрын гурав дахь өдрийн үдэш шал согтуу удган Должин хаяагаар нь давхиж өнгөрөхдөө ч хараахаа мартсангүй. "Долоон эрийн нүүр үзмэр, долоо гэрлэмэр. Сайн явахыг чинь харна аа" гээд мориныхоо хоёр тал руу найган, ганхан давхиж оджээ. Хуримын баяртаа бялуурсан хос ч анхандаа нэг их юм бодоогүй байдаг. Хурим өндөрлөж, амьдрал ажин түжин болох үеэс нөгөө яриа тэр хавиар газар авчээ. "Энэ хоёр ч нэг юм үзэх нь үзнэ ээ. Удган Должинг урь орхидоггүй сонин улс юм. Ууртай, догшин ч уригдсан хүн эрхбиш сэтгэл цайраад гардаг монгол ёс байна" гэх зэргээр ярьцгаажээ. "Хөөрхөн" Должин ч бодолд дарагдан суух болж. Харин Бадарч нэг их тоосонгүй. "Тэр яавал гэж. Бид хоёр л болж байвал болоо юм биш үү? Тэр тэгж л байг" гэжээ. Ингээд намрын хөлтэй найр мартагдан өвлийн ид бэлтгэл эхэлсэн үед Бадарчид ханиад туссан байна.

Хөдөөгийнхөн ханиад тоох биш харзын ус уусан шиг яваад хүндрүүлж орхисон бололтой. Хамар амнаас нь цус садраад, халуураад байхаар нь сумын эмч дуудаж үзүүлжээ. Уушгины цусан хатгаа туссан гээд сумын эмнэлэгт аваачсан авч тусыг эс олов. Зүүдэнд нь удган Должин гурав заларснаар богинохон амьдралын хувь заяа нь нэг тийш болж "хөөрхөн" Должин хуримлаад хэдхэн сар болоод бэлэвсэрсэн түүх ийм бөлгөө. Хойтохыг нь аргалуулахаар нутагтаа алдартай "шар" хэмээх Гооёод очжээ. Тэрбээр төлөгдөөд "Хань тогтохгүйн хараал иржээ. Хайран хүүхэд их зовох нь ээ" гэсэн байна. Ингээд бурхан болоочийн хойтохыг нь хийн Хоёр Толгойн хүн тавьдаг газар орхиулснаар хоёр яс салсан ажээ. Хэрэг явдал ингээд өнгөрсөнгүй жилийн дараа "хөөрхөн" Должин дахиад нөхөрт гарчээ. Нутгийн бэлтэй хүний хүү Баярттай ханилжээ. Нэг их сүйдтэй хурим найр хийгээгүй ч тэр хавьдаа тэмдэглэсэн нь мэдээж. Тэр үеэр мөн л нэхэл хатуутай зүйл тохиож, удган Должин хаяагаар нь хараал урсган өнгөрчээ. Хосууд мөн л нэг их тоосонгүй.

Гэхдээ "Хөөрхөн" Должин сайн юм болохгүйг бүсгүй хүний совингоороо мэдэрч байж. Төрсөн биеийн үзэсгэлэнг яалтай. Тэр хавийн харчууд амраах биш. Тэгсхийгээд нэг нөхөр шүү юмтай болохгүй бол хэцүү байсан биз ээ. Бас л өвөл золгодог үеэр шинэхэн нөхөрт нь шидээврийн томуу тусчээ. Бүх юм болдгоороо болохыг мэдсэн бэлтэй эцэг нь өнөө Гооёод очсон гэдэг. Гооёо хавьтуулаагүй гэнэ билээ. "Би оролцмооргүй байна. Бусдаар бол хамаагүй ээ" гэсэн нь бараг "Хойтохыг нь л хийж тусалъя" гэсэнтэй адил сонсогдсон гэх. Аргаа барсан эцэг нь аврал эрэхдээ Удган Должинг аргадах гээд ч чадаагүй гэнэ билээ. Сумын эмнэлэгт очоод хэд хонов уу үгүй юү хамар, амнаас нь цус садраад л яваад өгчээ. Хойтохыг нь харин "шар" Гооёо хэлсэндээ хүрч аргалснаар хэрэг явдал өнгөрч "Хоёр Толгой"-д хоёр дахь цогцос хаягдсан нь тэр. "Хөөрхөн" Должин хоёр жил орчим гансарч суутал аймгаас ирсэн малын эмч гэх Сагсай сумын гаралтай Дамба гэгч эргүүлээд эхэлжээ. Өдөр, шөнөгүй ил, цагаан эргүүлэх болсон байна. Бурхан номоос хол шинэ үеийн сэхээтэн болохоор "Тэр яадаг юм? Чамайг аваад аймаг явчихъя. Газрын холд ганц муу удганы хараал хүрэхдээ яахав" гээд болоогүй гэдэг. "Хөөрхөн" Должин хөдөөгийн амьдралаа гээж, суурин амьдралд шилжихээр оджээ. Нутаг, усныхан нь ч нэг юм санаа амарцгаасан бололтой "Ашгүй дээ. Газар, нөхөр хоёроо солиод үзэг" гэлцжээ. Ёстой юм ёсоор болж, хосууд аймгийн төв рүү одоцгоон амар жимэр болсныг хэлээд яах вэ. Гэтэл ёозгүй мэдээ ирэлгүй яах билээ. "Хөөрхөн" Должин хөсрий царайлаад хүрээд иржээ. Хэд хоногоос хэл ам гаралгүй яахав. Дамба эмч мөн л уушгины цусан хатгаагаар аймгийн хүн тавьдаг газрыг "чимсэн"-ээр хэрэг явдал өнгөрсөн байна. "Хөөрхөн" Должин гурав дахиа бэлэвсэрсэн түүх энэ. Хойтохыг нь аймгийн нэгэн хар хүн аргалахдаа "Зовлон талдаа л оржээ" гэсэн битүү, хадуу үг хэлсэн нь хараал хүрснийг давхар нотолсон байна. Нэгэн насны хараал "хүртсэн" Должин эгэл, даруу аж төрж эхэлсэн ч энэ хорвоогийн эрээн бараан дуусах биш. Дахиад нөхөрт гарах чимээ гарчээ. Өөрөөсөө хэд дүү, цэргээс ирсэн Ганаа гэх галзуу, солиотой нь мэдэгдэхгүй нөхөртэй болов. Ганаа цэргийн алба хаасан болохоор бас л баргийн юм тоохооргүй хүмүүжилтэй болсон нь мэдээж. Бие хаа өсгөлүүн талбиун, барилдаж ноцолддог түүнийг хаа очиж өнөө цусан хатгаа матгаа даамааргүй харагдсан нь ойлгомжтой.

Ханиад байтугай хавдар ч дийлэхээргүй ханхар эрийг яалтай. Гэм нь эцэг, эхийнхээ үгийг аваагүй байгаа юм. Хүмүүс "Одоо л харъя. Ханиадаар аваад явдаг хараал байдаг бол "галзуу" Ганааг дийлэхгүй байх" гэлцээд бараг баяр наадам хүлээх мэт харцгааж байсныг нутгийн хөгшин яриандаа өгүүллээ. Ёстой юунд ч дийлдэхээргүй эр халуун зунаар ханиаж найтаагаад эхэлсэн нь нэг л сэжигтэй байж. Ээж нь гярхай хүн тул эртнээс сумын эмчид үзүүлсэн ч цаадах нь халуун зун юун ханиад байх билээ гээд кальци хлорид, тарваган шийр өгөөд мордуулсан байна. Хоёр эмээ харзын усаараа даруулж уусаар хүндэрч хамар, амнаас нь цусан судал татаж эхэлжээ. Хэрэг бишидсэнийг мэдсэн эцэг нь хүүгийнхээ амийг аргалуулахаар Гооёод очсон ч нэгэнт оройтсоныг дуулжээ. Баяраар барилдах ёстой сумын заан "галзуу" Ганаа хэвтэрт байсан гэдэг. Хэд хоноод нүд аньсанаар "хөөрхөн" Должин дөрөв дэх нөхрөө гээв. Одоо ёстой больё гэж бодсон мань хүн хорвоог ганцаар туулахаар сэтгэл шулуудаж үзсэн ч барсангүй. Бавуу гэх агент залуутай хүнээс далдуур уулзаж учрах болжээ. Тэгээд ч бодлоо өөрчлөөгүй ажээ. "Хоёулаа сууж бариад яахав. Зовлон, жаргалаа хувааж явъя" хэмээн тохирсон юм байх. Тэгэсхийж байтал тэр жилийн Цагаан сар болж, мань Бавуу Должинд туслах нэрээр гэрт нь хэд хонохгүй юү. Битүүний өдрийн өглөөгүүр бие нь бишдээд эхэлжээ. Өвчний ерөнхий шинж тэмдэг уншигчдад нэгэнт тодорхой болсон тул нуршаад яах вэ. Эцсийн оношоороо илгээгджээ. Суусан, суугаагүй хамаагүй дэр нэгтгэсэн болгон "дээш морилох" ёрын өвчнөөр явав гэнэ, хөөрхий. Должингийнд тав дахь хань ийнхүү баталгаагүй ч бурханы орноо эртхэн яваад өгчээ. Нутгийнхан "Ханийн тэнгэргүй, харалсан хүүхэн" гээд Должинг тэр үеэс үзэхээ байсан байна. Аргаа барсан Гооёо оточ сэтгэл, зүрх гарган удган Должингийн очиж "Уучлах, нигүүлсэх"-ийг нууцаар гуйжээ. Удган Должин нүүр өгөөгүй агаад "Нэгэнт шийдчихсэн юмыг эргүүлж болохгүй. Өөрийг нь өнгөрөөе. Дахин хоёр гэрлээд дараа нь нүднээс далд орно биз. Улаанбаатар руу яв гэж хэл" хэмээгээд үджээ. Төдөлгүй Тувагийн нэг хэл ам нь мэдэгдэхгүй Жав гэх жартгар хар юм мал хайж яваад Должинтой таарснаас хойш салахаа мартсан байна. Хаа байсан Цэнгэл сумын тэр мангар гэрээ мартсан гэсэр болсон бөгөөд урианхай айл хэсч, ууж идсэн амьтан явдаг байгаад ид намрын дунд сард итгэмээргүй өвчинд нэрвэгдэх нь тэр. Хэрэг бишидсэнийг мэдсэн сэтгэл сайтай эрчүүд хэрэг явдлыг ойлгуулаад эртхэн гэрийнхээ барааг харахыг зөвлөжээ.

Ингээд мань мангар тува нэг юм нутаг руугаа мордсон бөгөөд Цэнгэл хайрханд нь хүртэл гаргаж өгсөн эрчүүд "Замдаа гэнэт муудчихсан. Эрт явсан нь болж. Эс тэгвэл хүний нутагт ясаа тавихгүй юү. Одоо ч үгүй болоо биз" гээд өнгөрчээ. Тэр мэдээж таалал төгсөө биз ээ. Тэгсхийгээд нутгийнхан цагаандаа гарч нэг насных нь амьдрал замарсан юм. Ад үзээд яахав. Гооёо нэг аргална гэсэн гэнэ лээ. Тэр хүртэл тэгсхийгээд байж байг гээд тоохоо ч байж. Должин ч овоо тэсч, нэг үе ажин түжин болоод иржээ. Нутгийнхан ч ойр, ойрхон үхэл хагацал үзэлгүй овоо тайвширч байтал хэрэг бишидсэн байна. Чандага гэх хачин нэртэй Бугат сумын гаралтай чөрийсөн өндөр эр Должингийн сүүлчийн нөхрөөр бараг хүсэн байж тодорсон юм байх. Должинг аваад Бугат сум руу тонилжээ. Бугатын урианхайчууд Алтанцөгцийнхнийг бодвол арай зэрлэг, балмад болохоор баргийн юм тоодоггүй бололтой.

Заримыг зах зухаас нь сонссон ч зангаа хувиргаагүй гэдэг. Должин ийнхүү өөр сумын, бүр уулын бэр болоод оджээ. Хачин сайхан хүүхэн дагуулж ирсэн чөргөр Чандагын аав ээж, ахан дүүс хөл хөөрцөг болон угтсан гэдэг. Хурим найр болж, хэд хоног саваад сумаа чимсэн бэртэй болж авчээ. Нөхөр л тогтдоггүйгээс биш Должин уг нь ааш, ажил муугүй хүүхэн байсан гэдэг. Хүний нутагт ч нэрээ бодоо биз. Ундтай, устай хүүхэн гэгдээд орж гарагсдын амны чимэг болоод иржээ. Хадмууд нь ч хөл хөөрцөг болохын хамт тэгсхийгээд Алтанцөгц орж, худ урагтайгаа танилцана гэх үг ч унагах болж. Хэрэг явдал хэрхэхийг төсөөлсөн "хөөрхөн" Должин дотроо элдвийг бодовч гаднаа юу ч болоогүй мэт явсаар байж. Удалгүй Чандага ханиагаад эхлэхгүй хаачих билээ. Чөргөр Чандага байтугай ханхар сумын заан даагаагүй ханиадыг яах билээ. Бугат сумын эмчийн тавьсан "уушгины цусан хатгаа" оноштойгоор хорвоог орхисон байна.
Ийнхүү Должингийн долоон нөхөр долуулаа нэг өвчнөөр өөд болсныг нутгийнхан өнөө ч дурссаар. Удган Должингийн хараал үүгээр нэг юм цэглэж, "хөөрхөн" Должин хөдөөгийн биш хотын хүүхэн болон халхын нэгэн хээгүй эртэй ханилж, ганц сайхан хүү төрүүлж энэ зууны эхэн хүртэл Баянхошуу гэх газар хүний ёсоор аж төрсөөр хорвоог туулсан сонин амьдралтай нэгэн байж билээ. Өтөлтлөө өнгөлөг явсан энэхүү эмэгтэйн эмгэнэлтэй, эрээн бараантай амьдралыг өгүүлэхэд ийм бөлгөө.

Удганы хараал гэж байж магадгүй л эд шиг санагдана билээ. Нэг хүүхний долоон нөхөр нэг өвчнөөр өөд болох ч тийм элбэг тохиолдол биш нь тодорхой. Тэгэхээр нэг юм болох нь болсон биз ээ. "Хөөрхөн" Должингийн хүүгийнх харин өнөр өтгөн айл болсон гэдэг юм.
Одоо ч Баянхошууны хэдэн урианхайчуудын нэгэн бөгөөд "уриахай сур" сайн харвадаг, ээжийгээ дууриасан гэхээр нуруу туруу, нүд хөмсөг болсон эр байх ажгуу.
Эх сурвалж www.wikimon.mn

У.МИЧИД

0 comments:

Post a Comment