Есөн монгол залуу хүчингийн хэрэгт холбогджээ
Өнөөдөр 13 цаг 30 минут
- Дэлхийн 13 оронд 196 монгол хуулийн байгууллагын хараанд байна -
Монголчууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа. Гэхдээ тэд чимээгүй биш, чимээтэйгээр, Чингисийн гэх сайн нэрээ муугаар дуурсган амьдарч байна. Мэдээж бүх монголчууд биш л дээ. Зарим нэг нь дэлхийн томоохон компаниудад лидерүүд болсон бол харин нөгөө талд нь чих халууцуулдаг нөхдүүд улс орныхоо нэрийг муугаар гаргаж, ажлаа гэмгүй хийж яваадаа гай болж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн хугацаанд манай улс Хойд Солонгост ял эдэлж байсан хоёр хүнээ өөрийн оронд шилжүүлэн авсан бол Чехээс нэг хүнийг шилжүүлж, нийт гурван ялтанг өөрийн орондоо авчирсан байдаг. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар 13 оронд монголчууд гэмт хэрэгт холбогдон тухайн улс, орнуудын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа мэдээллийг олон улсын сүлжээгээр ирүүлжээ.Нийтдээ 196 монгол хүн гадаадын улс, орнуудад шалгагдаж байгаа бол хоёр залуу хүн амины хэрэгт холбогдсон аж. Монголчуудын хамгийн их үйлддэг хэрэг хулгай, хар тамхины зөөвөрлөгч буюу хориотой бараа хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргүүд байгаа юм. Хамгийн олон иргэн хэрэгт холбогдсон орон гэвэл урд хөрш байгаа бөгөөд яг одоогийн байдлаар тус улсад Монголын 116 иргэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна. Мөн Өмнөд Солонгост 28, АНУ-д 13, ОХУ-д зургаа, Хонконгт зургаа, Туркэд зургаа, Сингапурт тав, Чехэд дөрөв, Польшид дөрөв, Тайваньд гурав, Унгарт хоёр, Англи, Австри, Францад тус тус нэг монгол иргэн хуулийн байгууллагын хараа хяналтад шалгагдаж, байцаалт өгсөн байдалтай байгаа гэнэ. Энэ дунд есөн залуу гадны улс, орнуудад хүчин хийсэн хэргээр шалгагдаж байгаа нь анхаарал татна. Мөн биеэ үнэлсэн, танхай, зодооны хэргүүд байгаа бол визаны хугацаа хэтрүүлсэн, зөрчсөн 22 иргэн шалгагдаж байгаа талаархи мэдээлэл байна.
- Гадаадын 21 оронд Монголын 148 иргэн ял эдэлж байна –
Ял эдэлж байгаа байдлын хувьд Гадаад хэргийн яамнаас анхааран ажиллаж байгаа, зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх асуудлаар хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэр дундаа саяхан болсон төрийн айлчлалын үр дүнд урд хөршид хоригдож байгаа иргэдээ ч авах талаар ярилцжээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхийн 21 оронд 148 монгол иргэн ял эдэлж байгаа бөгөөд хар тамхины хэргээр 36, хулгайн хэргээр 33, танхайн хэргээр 12, өөр бусад олон төрлийн гэмт хэргээр 67 хүн тус тус ял эдэлж байгаа аж. Энэ тоо өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд гадны оронд амьдарч байгаа монголчууд ийм байдлаар нэгнийхээ нэр хүндийг, цаашлаад улс үндэстнийхээ нэр хүндийг хар өнгөөр бичигдэхэд ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Тэдний дээрхи мэдээллүүд Гадаад хэргийн яамны Консулын газраар дамжин манай оронд ирдэг байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment