Цахилгаан тээврийнхээн, цалингаа тавиач...
1 цаг 20 минутын өмнө
Нийслэлийн замын хөдөлгөөний томоохон оролцогч, зарим машинуудад садаа бологч хэмээн адлуулдаг троллейбус мөнгө багатай иргэдэд нэн амар унаа. Найдвартай, мөн эко гэж нэрлэж болох нийтийн тээврийн энэ унааг "Цахилгаан тээвэр компани" хариуцдаг юм. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг тус газар цаг хугацаандаа цалингаа тавихгүй ажилчдаа хүндрүүлсээр багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Өнөөдрийг болтол ажилчид нь өнгөрсөн сарынхаа цалинг авч чадаагүй, цэцэрлэг сургууль орчихоод байхад хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг дутуу хагас бэлдсэн гомдлоо холбогдох албаныханд хэлсэн ч хүлээж авах хүн олдохгүй байгаа аж.Аргаа барахдаа "О.Магнайд хандвал яах бол?" хэмээн шивэр авир хийнэ лээ. Аудитын шалгалтад бүдэрч, албан тушаалтнууд нь баяжсан түүхтэй "Цахилгаан тээвэр компани" өнгөрөгч долоодугаар сараас эхлэн "Шөнийн нийтийн тээвэр" төслийг эхлүүлж ашиг, орлого нь өмнөхөөсөө нэмэгдсэн байх магадлалтайг ажилчид тооны машиндаад гаргаад ирж байгаа гэх. Угаасаа ч жилийн өмнөх шалгалтаар өдрийн 2.8-3.2 сая төгрөгийн орлого олдог гэх тооцоолол гарсан тус компанийн хувьд авлигын шинжтэй байж болзошгүй санхүүгийн хэд хэдэн сэжүүр Авлигатай тэмцэх газраас шалгагдаж байсан удаатай.
Ажилчдын хардаж байгаагаар эко бус угсрах зардал болон олсон орлого гэгчлэн санхүүжилт хангалттай байдаг, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад, нэмэгдэл урамшуулал өгөөд байх ч боломжтой гэнэ. Тэдний хэлж байгаагаар санхүүгийн болон түүнээс дээших удирдлагууд ажилчдын цалинг банкинд байршуулж хүү авдаг, эсвэл өөр арга хэлбэрээр мөнгө угаадаг гэж хардаж байгаа юм билээ. Цалин буух бүрт асуудал хэд хоногоор хойшилж шийдэгддэг бөгөөд энгийн ажилчид хохирч байна гэж гомдоллож байна. Тэр ч бүү хэл, ажилчдынхаа нийгмийн даатгалын мөнгийг хүртэл бүрэн гүйцэд төлдөггүй зөрчилтэй тус газарт дахиад л ямар нэгэн асуудал үүсэв бололтой. Яадаг ч байсан энгийн ажилчид ажлаа хийсэн нь үнэн. Харин тэд ажлын хөлсөө хүлээж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг боловч удаа дараа давтагдаж байгаа энэ асуудлыг хэн шийдэх, хэн мэдэх нь тодорхойгүй байгаа аж. Төрийн өмчит гэсэн нэрээр түрий барьдаг Цахилгаан тээврийнхээн, цалингаа тавиач. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment