Энэ жил Дэнжийн 1000, Цагаан байр орчмыг төвийн дулаанд холбоно
19 минутын өмнө
- Энэ өвөл утааны эсрэг 20.3 тэрбум төгрөг зарцуулна -
Агаарын бохирдлын хамгийн гол шалтгаан гэр хороолол гэдгийг бүгд мэднэ. Хотын нийт утааны 70 орчим хувийг гэр хорооллын утаа бүрдүүлдэг аж. Автомашины утаа хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Дараагийн гол шалтгаан мэдээж нам даралтын зуух. Цахилгаан станцууд болоод төвлөрсөн халаалтын зуухнуудаас гарч буй утаа 10 орчим хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн жилээс авахуулан Ерөнхий сайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог удирдлагаар хангахаар болсон. Бодлого, чиглэлийг хангах гол байгууллага бол энэ. Үүнээс гадна "Цэвэр агаар" сан, Нийслэлийн экологи, ногоон хөгжлийг хариуцсан алба болон нийслэлд хэрэгжүүлж бус төсөл хөтөлбөрийнхөн, Нийслэлийн агаарын чанарын алба гэхчлэн дөрөв таван институт агаарын бохирдол, утааны эсрэг хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд жил бүр 30 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж ирсэн байдаг.
Энэ жилийн тухайд улс орны санхүүгийн байдал тийм сайн биш байгаа тул 20.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. "Цэвэр агаар" сангаас өнгөрсөн жилүүдэд 20-22 нэр төрлийн ажил хийж ирсэн байдаг. Утаагүй зуух, гэрийн дулаалга, цахилгааны хөнгөлөлт гэх мэт жижиг сажиг зүйлээр агаарын бохирдлыг бууруулж чадахгүй хэмээн иргэд шүүмжилдэг. Гэхдээ дээр дурдсанчлан агаар бохирдуулагч гол эх үүсгэвэр гэр хороолол учраас тэр бүлэгт л чиглэсэн арга хэмжээ авахаас өөр арга замгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Энэ хүрээнд Дэлхийн банк, "Цэвэр агаар" сангаас сайжруулсан зуух тарааж эхэлсэн. Эдгээр зуух нь хатуу түлшийг бүрэн шатаадаг онцлогтой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, дулаан их ялгаруулж, агаарт хаягдал бохирдол бага ялгаруулдаг гэж байгаа юм. Нийтдээ 45000 ийм төрлийн зуух тараах ёстойгоос өнгөрсөн жил 29000-ыг суурилуулсан аж. Харин энэ жилийн хувьд маргаашнаас эхлэн зуухуудыг тарааж эхлэх юм байна. Өнгөрсөн жил зуухыг 93 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд хүргэсэн бол энэ жил 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Ингэснээр энэ жил "Цэвэр агаар" сангаас 128000 төгрөг, үлдсэн өртөг нь иргэдээс гарахаар болж байгаа юм. Мөн өнгөрсөн жил дөрвөн төрлийн сонголт байсан бол энэ жил сонголт найм болж өргөжжээ.
Энэ жил "Утаагүй зуух" арга хэмжээ дуусах ёстой ч нэг айлын хашаанд нэлээд хэдэн яндан байдаг, өөрөөр хэлбэл хэд хэдэн айл амьдран галлагаа явуулж байдаг учраас нэмэлтээр зуух тараах уу, төслийг үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг дахин авч үзнэ гэж "Цэвэр агаар" сангаас мэдээлж байсан юм. Энэ хүрээнд нарийвчилсан судалгааг хийж байгаа ба энэ сарын дундуур УБ хотод яг хэдэн яндан галлагаатай байна вэ гэдэг тоо тодорхой болох аж. Тэрчлэн нам даралтын зуухны чанарт шалгалт хийж, хэт алслагдсаныг нь шинэчлэх, шугам сүлжээнд ойрыг нь төвийн дулаанд холбох ажлуудыг хийж байгаа гэлээ.
Тухайлбал, Цагдаагийн дээд сургууль орчим, Цагаан даваа орчмыг төвийн дулаанд холбосон бол энэ жил Дэнжийн 1000, Цагаан байр орчмыг холбох аж. Зөвхөн Цагдаагийн дээд сургууль орчмын холболтын ачаар 1200 хүүхэдтэй хоёр сургууль, 600 гаруй айл өрх, хоёр цэцэрлэг, нэг халамжийн байгууллага, хоёр их, дээд сургууль зэрэг байгууллагууд төвийн дулаанд холбогдож, тэдгээрийг дулаанаар хангаж байсан нам даралтын зуухнууд хэрэглээнээс хасагдсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment