Thursday, October 9, 2014

Эбола вирүс, боом, тарваган тахал

Эбола вирүс, боом, тарваган тахал

7 минутын өмнө

- Эболад Монгол бэлэн үү? -

АНУ-д Эбола вирүсын халдвар тээгч нас баржээ. Тэр ч бүү хэл, Испани Улсын хил давж, амьтанд халдварласан тус вирүс Монголд орж ирэхгүй гэх баталгаагүй. Энэ вирүс манай улсад орж ирвэл тусгаарлах тасаг нь ердөө 50 ортой, эмч мэргэжилтнүүд энэ тал дээр тийм ч бэлэн биш байна. Одоогийн байдлаар Эбола вирүст халдвараар 300 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтан өвчилсөн аж. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өвчний сэжигтэй тохиолдолтой харьцахдаа өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маск, бээлий, нүдний шил зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж хэвших, сургалтад хамрагдах, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудас болон олон улсын байгууллагын цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байгаа гэнэ.

- Боомоос болж хоёр суманд хөл хорио тогтоолоо -

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, "Боомын арьсны хэлбэр"-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөв. Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг "Хөшгийн-Өвөр" гэдэг газар 13 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ. Дээрхи малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд "Үхрийн хорт салст халуурал" өвчин болох нь тус тус тогтоогдсон. Сумын Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тус тус тогтоожээ.

- Завханд тарваган тахал гарсан байз болзошгүй -

Өвчтөн "Д" 44 настай, эрэгтэй. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан аж. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, таван газарт пост ажиллуулж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment