Олон давхар барилгууд галын аюулгүй байдлаа өөрсдөө хангах ёстой
39 минутын өмнө
- 2014 он гарснаас хойш улсын хэмжээгээр 2700 гаруй гал түймэр гарчээ -
Өнгөрөгч мягмар гаригт "Шангрила Улаанбаатар" төслийн барилга дээр томоохон хэмжээний гал гарч онцгой байдлынхан дөрвөн цаг гаруй ажиллаж галыг унтраасан. Энэ явдал онцгой байдлынханд тоног төхөөрөмж дутмаг байгаа, мөн барилгын компаниуд стандарт мөрдөхгүй байгааг харуулсан гэж хэлж болно. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийсэн юм. 2008 оноос хойш өндөр барилгын томоохон хэмжээний гал түймэр хэд хэдэн удаа гарсны нэг нь Шангрила зочид буудлын 24 давхар барилга дээр гарсан гал байлаа.
Өмнөх нь гэвэл 2008 онд Бодь цамхаг, 2013 онд Орчлон констракшны гадна фасад шатсан асуудал юм. Шангрила зочид буудлын барилга дээр гарсан галыг онцгой байдлынхан бүрэн гүйцэд унтрааж, гадна болон дотор талаас нь зэрэг зэрэг ажилласан ч тухайн барилга цахилгаангүй байсан учраас дотуур усан хангамжийг ашиглаж чадалгүй цаг алджээ. Олон улсад бол ес болон түүнээс дээш давхар барилгууд гал унтраах автомат системээр тоноглогдсон байх ёстой ч Монголд энэ талаархи хууль эрхзүйн орчин байхгүй байгааг онцгой байдлынхан хэлж байна.
Мөн барилгын компаниудын хувьд материалынхаа дээжийн шинжилгээг заавал өгч байх ёстой аж. Шангрилагийн барилга энэ шинжилгээг өгсөн эсэх, мөн ямар хэмжээний гарз хохирол учирсан талаар цагдаагийн газраас одоогоор хэрэг үүсгэн мөрдөж байгаа юм байна. Ийм үед нисдэг тэрэг ашиглаж болоогүй юм уу гэдэг асуулт бий. Тэгвэл манай улс хоёр нисдэг тэрэгтэй, үүнийг ой хээрийн түймрийн үед л ашиглах боломжтой гэнэ.
Ер нь хүн хүч багатай, тоног төхөөрөмж тааруухан гэдгийг онцгой байдлынхан хүлээн зөвшөөрч байна. Энэ онд гал түймэр их гарч байгаатай холбогдуулан ОБЕГ-аас хэсэгчилсэн шалгалтуудыг явуулсаар байгаа аж. 2014 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 2700 галын дуудлага ирсэний 700 орчим нь сүүлийн гурван сард гарсан гал байжээ. Энэ долоо хоногт Галын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх байсан ч асуудал ирэх долоо хоног руу хойшилж байгаа, энэ хуулиас бүгд биш ч зарим нэг асуудлууд шийдэгдэх болно гэж тус газраас хэллээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment