Friday, October 3, 2014

“Амгалан” дулааны станц ачаа үүрэлцэж чадахгүй

"Амгалан" дулааны станц ачаа үүрэлцэж чадахгүй

25 минутын өмнө

- Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангахын тулд 4,6 км бохирын хоолой барих ёстой –


"Амгалан" дулааны станцыг 11 дүгээр сард ашиглалтад оруулах Засгийн газрын шийдвэр гараад байгаа. Тэгвэл тус станц ашиглалтад орсон ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ. Харин энэ зуур хотын зүүн хэсгээр шинэ баригдсан барилгуудад 11 сараас дулаан өгнө гэсэн хүлээлт үүсчээ. Гэтэл тус дулааны станц ашиглалтад орлоо ч шинэ байрууд халаалт авах боломжгүй болоод байна. Төрийн ажлын уялдаа байхгүй, зүгээр л амаар иргэдийг хуурдаг жишээ "Амгалан" дулааны станцад гарч, энэ өвлийн ачаанаас үүрэлцэж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Учир нь, "Амгалан" дулааны станцын бохирын хоолой барих төсөв, төслийг нь энэ жилийн төсөвт суулгаагүй, хугацаа удааширсан байна. Тавдугаар цахилгаан станцыг эхлэх хүртэл "Амгалан" дулааны станцаар БЗД-ийн дулааныг хангахаар төлөвлөсөн.

Нийтдээ 50 орчим мянган айл өрхийг дулаанаар хангах зорилготой тус төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Машин инженерийн корпораци" ажиллаж байгаа юм. Нийтдээ 18 сарын хугацаанд тус станцын бүтээн байгуулалтыг хийх гэрээтэй ч өнгөрсөн жил хоёр сар, энэ жил зургаан сар нийтдээ найман сарын хугацаанд нийтдээ 70 гаруй хувийн бүтээн байгуулалтыг хийжээ. Бүтээн байгуулалтын ерөнхий инженер Ч.Цогтсайханаас авсан мэдээллээр бол "Амгалан" дулааны станц ашиглалтад ороход одоо байгаа Баянзүрх дүүргийн бохирын ачаалал дийлэхгүй учраас заавал тусдаа бохирын хоолой байгуулах ёстой аж. Ер нь бохирын хоолойг барьсаны дараа дулааны станцын барилга эхлэх учиртай юм. Гэтэл эхнээсээ бохирын хоолойг яаж барьж, хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байсаар "Амгалан" дулааны станцын барилгын ажил эхэлж, өдгөө Засгийн газрын үүргийн дагуу 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Уг нь бохирын хоолой хэрэгтэй гэдгийг мэдээд 2014 оны төсөвт мөнгийг нь суулгасан ч эргүүлэн татаж, асуудал хурцаджээ. Ингээд наймдугаар сард Засгийн газрын хурлаар дахин хоёр тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн ч одоог хүртэл ажил эхлээгүй байгаа юм. Шар хад руу 4,6 км бохирын хоолой баригдах тов гарсан, газар чөлөөлөлтөөс эхлээд олон ажил ундрах нь тодорхой болох гэнэ. Тэгэхээр нөгөө засгаас амлаад байгаа "Амгалан" станц ашиглалтад орлоо ч ашиг тус нь нэгэнт харагдахгүй болж таарч байна. "Амгалан" дулааны станцын бохирын хоолойг 2014 оны төсөвт суулгаж өгөөгүй нь хэний хариуцлагагүй үйлдлийнх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй үлдэв. Гэвч Засгийн газар дахин хуралдаж асуудлыг шийджээ.

Ийнхүү 4,6 км бохирын хоолойд хөрөнгө оруулалт нэмэлтээр төсөвлөж ажил эхлэхээр болсон гэх, эх сурвалжаас авсан мэдээллээр гүйцэтгэгчийн тендер ч зарлагдаагүй байгаа бололтой. Тэгэхээр Уул уурхайн яаманд нэгдэх нь нэгэнт тодорхой болоод байгаа Эрчим хүчний яамныхан хэрэг хүлээх үү, шинэ яам нь асуудалд хутгалдах уу, халаалт дулаанаа хүлээж суугаа олон мянган иргэд яах уу гээд олон асуудал энэ сэдвийг дагаад хөврөх нь... Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment