Н.Очирбат эмчилгээний төлбөрөө гаргуулна
34 минутын өмнө
Ангийн захирагчийнхаа тушаалаар барилга дээр ажиллаж байгаад гэмтсэн Н.Очирбат Дээд шүүхийн шийдвэрээр гэм хорын хохирлын төлбөр авахаар болжээ. Тодруулбал, 2012 оны есдүгээр сарын 07-нд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байсан Н.Очирбат нь ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний баруун урд байрлалтай "Хурилдуур" ХХК-ийн харьяа "Эрин" эмнэлгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүрэг гүйцэтгэсэн юм. Гэтэл 10:00 цагийн үед хажуу талын "Баганат өргөө" ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж, түүний нүүрийг бүхэлд нь гэмтээсэн билээ. Хэдийгээр анхан шатны шүүх дээрх компаниудыг буруутгаж, Н.Очирбатад хохирлыг нь төлүүлэх шийдвэрийг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болсон байна. Тиймээс Н.Очирбат гэр бүлийн хүний хамтаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү тэдний талд шийдвэрлэгджээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй "Хурилдуур" ХХК, "Баганат өргөө групп" ХХК-иудад холбогдох иргэний хэргийг хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүхээс Н.Очирбат, Б.Хулан нарт "Баганат өргөө", "Хурилдуур" ХХК-иудаас гэм хорын хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment