Урсгал зардлыг 250 тэрбумаар бууруулах тооцоо гаргажээ
Өнөөдөр 13 цаг 30 минут
Хоёр өдөр дараалан ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн УИХ дахь МАН-ын бүлэг ямар шийдэлд хүрсэн талаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар өчигдөр мэдээлэл хийжээ. Хэдийгээр Ерөнхий сайд, Сангийн сайдгүй ч гэсэн төсвийн төсөл УИХ-ын мэдэлд ирсэн учраас хариуцлагатай хандаж, хуулийн хугацаанд нь батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж. МАН-ын бүлгээс байгуулагдсан Төсвийн ажлын хэсэг Сангийн яам болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтарч хэд хэдэн удаа хуралдсаны эцэст "Төсвийн урсгал зардлыг бууруулах ёстой" гэдэгт санал нэгджээ.Нийт дүнгээрээ 250 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулснаар цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, царцаагдсан хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Тухайлбал, эмнэлэг, цагдаа, онцгой байдлаас бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв дэх шатахууны зардлыг 30 хувиар бууруулахад таван тэрбум 880 сая төгрөгийн хэмнэлт гарах юм байна. Гадаад томилолтын зардлыг бууруулбал 2.9 тэрбум төгрөг, дотоод томилолтын зардлыг 2012 оны түвшинд хүргэвэл долоон тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар бууруулахад 14 тэрбум, Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг танавал 50.3 тэрбум гэх мэтээр тэвчиж болох олон зардлыг хэмнэх тооцоо гаргажээ.
Мөн бүх түвшиндээ орон тоогоо нэмсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын орон тоо, зардлыг 2012 оны түвшинд хүргэснээр дөрвөн тэрбум төгрөг, "Цэвэр агаар" сангийн 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танаж 15 тэрбум болгохоор МАН-ын бүлэг тооцжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг бүхэн Засаг даргын нэг орлогч, агентлаг бүр нэг дэд даргатай болж, орон тоогоо цөөрүүлснээр зардал хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн 601 орон тоотой буюу данхар бүтцээр шинээр байгууллагдаад байгаа Тахарын албыг "Чиг үүргийн хувьд давхардал ихтэй байгаа" гэж гишүүд шүүмжилж байгаа учраас энэ асуудлыг судлах, хуульд өөрчлөлт оруулах, төсвийг нь тиг дүнтэй тавих, Хилийн боомтын захиргааг цомхотгох зэрэг санал гаргасан аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment