Thursday, November 20, 2014

Шинэ жилийн цогц үйлчилгээ 6,5 саяд хүрч байна

Шинэ жилийн цогц үйлчилгээ 6,5 саяд хүрч байна

Өнөөдөр 13 цаг 44 минут

Улсын их дэлгүүрийн үүдэнд хамгийн түрүүнд гацуур мод гоёлоо өмсөн заларснаар Улаанбаатарт Шинэ жилийн уур амьсгал ордог жишиг бий. Хэдийгээр он солигдоход сар гаруй хугацаа дутуу ч албан байгууллагуудын Шинэ жил эхэлчихсэн байдалтай байна. Цасгүй, уур амьсгалгүй ч хамаагүй баяраа тэмдэглэх гэж яаравчилдаг нь жижиг байгууллагууд. Учир нь, он солигдох мөч ойртох тусам хүлээн авалт хийх газрын захиалгын үнэ нэмэгдэж, аягүйтвэл бүр хийх газар ч олддоггүй аж. Тэрчлэн халтуурын сезон нь эхлээгүй үед урлаг, соёлынхон ч үнэрхээд байдаггүй гэнэ. Өнөөдрийн байдлаар ФМ радио, телевиз, сонин, сайтуудаар "Шинэ жилийн баярын цогц үйлчилгээ үзүүлнэ. Өвлийн өвгөн, цасан охин, урлагийн үзүүлбэрийн захиалга авна. Тэдэн хүний суудалтай, тийм хоол үйлчилгээтэй баар, ресторан, паб, караоке байна, захиалга дүүрэхээс өмнө яараарай" гэхчлэн зар сурталчилгаа хөвөрч байна.


Сүүлийн үед албан байгууллагууд өөрсдөө бүгдийг бэлтгэх гэж зүдрэхээ байжээ. Энэ чиглэлээр дагнасан продакшнууд олон байдаг болж. Тэдгээр нь тус тусын үнийн санал бүхий багцыг ч бэлтгэсэн байна. Тухайлбал, олны танил хос хөтлөгч, олны танил 3-4 хамтлаг дуучин, амьд хөгжмийн хамтлаг, азын сугалаа, хөгжөөнт тоглоом, элэглэлийн үзүүлбэр, бүжгийн хамтлаг, өвлийн өвгөн, цасан охин зэргийг цогцоор нь багтаасан бол 6 сая 500 мянган төгрөг, эдгээрээс нь хасагдсан тохиолдолд багцын үнэ буурч 2 сая 800 мянга, нэг сая 500 мянга, 550 мянга зэргээр тохирч болох гэнэ. Өндөр үнэтэй багцыг сонговол фото зураг, бичлэг үнэгүй хийж болох талаар ч хэлж байна. Тэрчлэн урлагийн сургуулийн оюутнууд мөн Шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн байдаг. Тэдний хувьд олны танил биш учраас дээрхээс арай хямд тохиролцож болдог байна. Шинэ жил бол дуучдын хувьд бараг тоглолт хийснээс их ашиг олдог үе нь байдаг. Тэгвэл зохиолын дуучид хамгийн хямддаа 300 мянгаар ханшаа тогтоож дээшээ 4 сая хүртэл төгрөгийг нэг удаагийн цэнгүүнд уригдаж олохоор байна.

Харин рок, попынхны хувьд мөн л шинэ залуу дуучид 300 мянгаас эхлээд алдартай "томчууд" нь 5 саяар хөдөлмөрөө үнэлжээ. Хамтлагууд ихэвчлэн 1,5-2,5 сая төгрөгөөр дуулдаг аж. Сүүлийн жилүүдэд элэглэгчид ихээхэн эрэлттэй байгаа аж. Тэдний хувьд ч мөн нэг сая орчим төгрөгийн үнэ тогтоожээ. Үйлчилгээний байгууллагууд харин хүлээн авалтын хүчин чадал, орчин нөхцөл, идэж уух зүйлсийн сонголт зэргээсээ шалтгаалан үнийн хувьд ялгаатай байна. Нэг хүний цэс нь 50-250 мянгын хооронд үнэлэгдэж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment