Tuesday, November 11, 2014

Хавдрын философи буюу “ЭЭЭ”

Хавдрын философи буюу "ЭЭЭ"

59 минутын өмнө


Хүн төрөлхтөний нас баралтын үндсэн шалтгааны хоёрт хорт хавдар жагсдаг. Манайд ч тийм. Тэгэхээр эл эмгэг бидний анхаарлын төвөөс гарах ёсгүй. Хавдрын тухай ерөнхий ойлголт хэт өргөн хүрээтэй билээ. Тиймээс элдэв онол сэдэл, толгой эргүүлсэн тоо баримт дурдахгүй. Тэр бол мэргэжлийн хүмүүсийн ажил юм. Миний хувьд энэ удаа түүнээс хэрхэн сэргийлэх, яаж эрт илрүүлэх талаар өөрийн саналаа уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Тэгэхийн тулд тодорхой нэг төлөөлөл сонгов. Тэр нь ходоодны хорт хавдар юм. Хорт хавдар гэж юу болохыг энгийнээр товчхон хүргэе. Бие махбод эрхтэнээс тогтдог. Эрхтэн эдээс бүрдэнэ. Эд эсээс үүсдэг. Эсийн хяналтгүй эмгэг өсөлтийг хорт хавдар гэдэг ажээ. Шинжлэх ухааны нэр нь cancer ажгуу. Оросууд рак гэх. Монгол хэл баялаг болохоор улаан хоолойнхыг нарийн, ходоодныхыг өмөн, заримыг хорт үү ч гэдэг. Ерөнхийд нь хорт хавдар хэмээжээ. Энэхүү эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэхийн тулд үүсгэгчийн талаар мэдлэгтэй байх ёстой. Тэгвэл бидний сонгосон хавдрын хувьд авч үзье. Хеликобактери пилорын халдварын улмаас ходоодонд шарх үүсэж, яваандаа хорт хавдарт шилжих нь бий. Ходоодны архаг үрэвсэл, шарх, ургацаг урьтал өвчин болно. Цусан төрлийн хамаатан, садан нь хавдраар өвчилж байсан бол эрсдэлтэй гэж үзнэ. Гэхдээ зайлшгүй биш. Нас ахих тусам эрсдэл өсдөг. Тавиас дээш насныхан илүү анхаарахад гэмгүй. Эрчүүд түлхүү өртөмтгийг санахад илүүдэхгүй. Давсалсан, утсан, даршилсан хүнс осолтой. Бидний сайн мэдэх архи, тамхи байна. Энэ талаар мөн ч их ярьж, бичих юм даа. Газарзүйн байршил нөлөөлдөг гэсэн судалгааны дүгнэлт буй. Ази, Номхон далайн бүсийн орнууд, хар арьстанууд ходоодны хавдраар өвчлөх нь элбэг ажээ. Манай орны хувьд баруун бүсийн аймгуудад түлхүү тохиолддог юм байна. Байгаль, цаг уур, ундны ус, хоол хүнстэй холбоотойг үгүйсгэхгүй. Халуун, давстай хоол, цай хэрэглэмтгий ард түмэн шүү дээ. Бидэнтэй гарвал нэг гэдэг якутуудад өргөн тохиолддог гэнэ билээ. Унд, хоолыг улаан хоолойгоо түлэгдтэл халуунаар "цохидог" юм гэсэн. Дээрхи эрсдэлт хүчин зүйлд өртөөгүй хүн ч хорт хавдраар өвчилдөг тохиолдол байдгийг бас хэлэх хэрэгтэй. Хавдар үүсгэгч олон бөгөөд нийтэд нь канцероген бодис гэдэг. Жишээлбэл, рентген туяа болон бусад цацраг идэвхит бодис орно. Үүсгэгчээр нэг иймэрхүү сонинтой.

Үүсгэгчийг ерөнхийдөө багцаалдсан учраас одоо урьдчилан сэргийлэхийг ярьцгаая. Товчхондоо, дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийхэд л учиртай. Дахиад сануулъя. Хеликобактерийн халдвартай бол эмчлүүлэх хэрэгтэй. Харьцангуй эрүүл нөхөд түүний халдвартай эсэхээ шалгуулбал сайн. Архаг үрэвсэл, шархлаа, ургацаг мэт урьтал эмгэгийг бүрэн эмчлүүлбэл зохино. Цусан төрлийнхнөөс чинь хавдраар өвчилж байсан бол хардаж болно. "Би хавдартай болчихоогүй байгаа" гээд хааяа нэг бодчиход гэмгүй. Бодоод орхилгүй урьдчилан сэргийлэх үзлэгт "болгоод" ордог юм шүү. Тэгвэл баттай гэсэн үг. Бид аливааг цагт нь сэдэвч байнга хойш тавьдаг дутагдалтай. Өвчин тэгэхийг хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, цаг алдахыг хүлээдэггүй юм. Хавдар өвчний тавилан өнгөн дээрээ сар, өдрөөр, өрнөл дотроо минут, секундээр хэмжигддэг гэж хэлж болно. Эхэлсэн л бол зогсолтгүй үргэлжилдэг үйл явц шүү дээ. Өөрөө тавиас дээш настай бол урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Эрчүүд сэрэмжтэй байхад илүүдэхгүйг анхаараарай. Хавдар та нарыг ониломтгойг бүү март. Давсалсан, утсан, даршилсан хүнснээс зайлсхийвэл зүгээр. Гэхдээ огт идэж болохгүй гэсэн үг биш. Хиам, өргөст хэмх, бусад "гашуун юм"-ыг хааяа хэрэглэж л таарна. Хэтрүүлж л болохгүй. Архи, тамхи харин огтоос дэмий биз ээ. Газарзүйн байршлын хувьд мэдэхгүй юм даа. Төрсөн нутгаа цөмөөрөө орхилтой биш. "Чиний хувь тавилан чиний гарт" гэсэн алдарт үгийг санаж яв. Тэгээд зохицуул гэе дээ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад л болох биш үү? Цацраг идэвхит бодис хийгээд бусад хортой нөхцөлд ажилладаг бол халдвар хамгааллын дэглэмээ сахиад, ажил, амралтаа зохицуулахад болохгүй гэх газаргүй. Шөнийн ээлжийн ажилчид хавдарт өртөмхий гэх юм билээ. Амралт чухал нь мэдээж. Ядарвал ямар ч өвчинд дээрэлхүүлдэг биз дээ.

Хот, суурин газрынхан хавдар үүсгэгчээс зугтаж чадахгүй нь мэдээж. Бидний амьсгалдаг агаар, иддэг хоол, уудаг унд юу билээ. Агаарын бохирдол, баталгаагүй хүнснээс зайлсхийн, хааяа ч болов цэвэр агаарт гарч, зөв хооллон, хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэх нь зүйтэй. Хүүхэд, залуусын дурладаг бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, бялуу мэт нь хэрэггүй л эд дээ. Дур дарах маягаар алдаг оног амсаж болох юм. Тодорхой үүсгэгчтэй зарим хавдрын эсрэг вакцин байдаг. Харамсалтай нь, ходоодны хавдраас сэргийлэх тарилга одоохондоо алга. Тогтсон нянгүйгээс тэр л дээ. Урьдчилан сэргийлэлтээр нэг иймэрхүү мэдээлэлтэй. Шинжилгээнээс хамгийн үр дүнтэй нь мэдээж дурандах болой. Ам дамжсан элдэв цуу ярианаас болоод ходоодоо дурандуулахаас хүмүүс нэлээд цэрвэдэг бололтой. Өнөөгийн дуран өөр л дөө. Уян дурангаар харахын өмнө амны хөндий, хоолойг мэдээгүйжүүлдэг юм шүү дээ. Тэгэхээр айлтгүй гэсэн үг. Дурандаад сэжигтэй "юм" байвал эдийн шинжилгээ авч баталгаажуулдаг билээ. Хавдар илэрвэл байршил, тархалт, үе шат, хэлбэр, хэмжээг нь тогтоогоод эмчилгээний тактик боловсруулдгийг хэлье. Үүсмэл төдий хавдар байвал мөнөөх дурангаараа авч орхино. Таныг гүн нойрсуулж, хэвлий, хэнхдэгийг тань нээх шаардлагагүй. Эрт илрүүлэлт гэдэг ухагдахуун эндээс эхэлж байгаа юм. Бүхнийг эмч, эмнэлгийн байгууллагад даалгах албагүй. Тэгсэн ч, тэгээгүй ч тэд үүрэг хариуцлагаа мэднэ.

Бүхний мэдэх болсон жишээ татъя л даа. ХААН банк сан, ХСҮТ, МҮОНРТ хамтран "Хавдрын эсрэг аян"-ыхаа дөрөв дэхийг одоо өрнүүлж байна. Энэ дөрвөн жилд нийтдээ 68.400 хүн хамруулсан нь бага тоо биш ээ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээрээ хавдартай хүн олныг тогтоогоод, заримыг орон нутагт нь буюу газар дээр нь мэс заслаар эмчилжээ. Зөвхөн аян ч биш, бусад цагт ч манай мэргэжлийнхэн үзлэг, шинжилгээ хийсээр байдгийг өгүүлсү. Харин одоо бид өөрсдөө хичээх л үлдлээ. Жилд ядаж ганц удаа сайн дураар урьдчилан сэргийлэх үзлэгт орцгооё, тэгэх үү? Зарим байгууллага ажилчдаа ийм үзлэгт хамруулаад хэвшчихвэл нэн сайн. Бусдыг нь хариуцдаг буюу холбогдох байгууллага нь дааг. Сайн дураар үзлэг, шинжилгээнд хамрагдаад амжилтад хүрсэн нэгэн гайхамшигт түүхээр бичлэгээ өндөрлөе. Үзэг нэгт анд минь тав, зургаан жилийн өмнө сайн дураараа шинжилгээ хийлгэжээ. Г хэмээх манай нэгэн нэрт сэтгүүлч л дээ. Эцэг, ах хоёр нь ийм эмгэгээр эндсэн нь нөлөөлсөн байж магадгүй. Тэгтэл хавдар илэрчээ. Нэлээд томорсон ходоодны хорт хавдар байж. Азаар бусад эрхтэнд нь арай үсэрхийлээгүй байсан аж. Ахан дүүс нь бололцоотой улс болохоор хагалгааг гадаадад хийлгэхийг зөвлөжээ. Мань хүн тас зөрөөд эх орондоо хийлгэсэн байгаа юм. Манай эмч нар ходоодыг нь аваад нарийн гэдсээр нь орлуулах мэс заслыг амжилттай хийжээ. Яг уран шувууны үүр шиг ходоод хийсэн хэрэг. Анд минь бууз идэж байна лээ. Азтай шүү. Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач тус биш үү? Өөрөөр хэлбэл, өмөнгөөр өвчлөх нь "өнгөрлөө" гэсэн үг хараахан биш юм. Эрт илрүүлэлтээр нэг иймэрхүү байна даа. Эцэст нь хавдрын философийг томьёолцгооё. Эрт илрүүлээд эмчилбэл эдгэнэ. Базаад товчилбол "ЭЭЭ" болно. Миний дэвшүүлэх санал ердөө л энэ билээ. Хэрхэхийг мэргэд мэдтүгээ!
Эх сурвалж www.wikimon.mn

Чөлөөт сэтгүүлч Г.МӨНХНАСАН

0 comments:

Post a Comment