Үхсэн муурын толгойноос амьд хулгана айна
31 минутын өмнө
Айдас. Аймгийн арслан Айдос биш шүү. Хүн, амьтанд байдаг сэтгэлзүйн үзэгдэл. Анагаах ухаан ч төгс тайлбарлаж чадаагүй эл үзэгдэл амьтай бүхэнд байх ажээ. Тиймээс монголчууд "Айж явбал аминд тустай" гэлцдэг биз. Ажиглаад байхад нээрээ адгийн муу хар ялаа хүртэл аминдаа хайртай шүү. Алуур далайхад л алга болдог биз дээ. Тэгэхдээ энэ удаа айдсыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гээгүйг минь болгооно уу. Тэгэх ч шаардлага байхгүй. Харин нэг зүйлийг ялимгүй тодруулах гээд л тойруулаад байгаа хэрэг.Дахиад нэг зүйр цэцэн үг санацгаая. "Үхсэн буурын толгойноос амьд ат айна" гэсэн үг бий. Шууд, далд, дамжсан гээд аль ч утгаараа адилхан үг юм билээ. Тэр жил говьд явж байхдаа нэг сонин юмтай таарч билээ. Тэр айл нэг хөгшин буураа төхөөрч л дээ. Тэр үед тэмээд бэлчээртэй байж. Буурынхаа мах, шийрийг аваад толгой, тавхайг нь төхөөрсөн газраа түр орхисон байгаа юм.Оройхон тэмээ хотлох үеэр бөөн юм болохгүй юу. Атнууд хургачиж, хуйлраад ингэ бусад тэмээ ийшээ, тийшээ үргэж гарлаа. Бид гэрийн эзэнтэй гарав. Тэрбээр "Тэгнэ ээ, тэр. Бүр мартчихаж" гэж байх юм. Юуг тэр вэ гэвэл нядласан буурын толгой, шийрийг далдлахаа мартчихаж гэх. Тэгснээ "Үхсэн буурын толгойноос амьд ат айна" гэж үг мэдэх үү? Үүнийг чинь л хэлж байгаа юм даа гэж билээ. Өөр тэмээ нядлаад толгой, шийрийг нь ил хаячихвал ингэхгүй юу хэмээн хэрэгт дурлавал огт үгүй. Чухам буурын толгойноос яагаад ингэдгийг нь мэдэхгүй гэсэнсэн.
Яг иймэрхүү зүйл Монголын улс төрд саяхан тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байснаа нэг л үдэш гэнэт хүрээд ирсэн нь дээрхи зүйр үгийг жинхэнэ амьдруулсан гэхэд болно. Улс төрийн хүрээнийхэн ямар намаас хамааралгүй ихэд айн цочицгоов.
Тэгтэл тэр АН-тай хоёр жилийн өмнө байгуулсан хамтарсан Засгийн газрынхаа гэрээг сунгахад гарын үсэг зурах л гэж ирсэн байна шүү дээ. Ердөө л энэ. Н.Энхбаяр буур биш, түүнтэй адилтгах нөхөр ч бус тул дээрхи цэцэн үгийг "Үхсэн муурын толгойноос амьд хулгана айна" хэмээв. Н.Энхбаяр муур бол хулганууд хэн байж таарах вэ?
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment