Саваагүй зангаасаа болж халдвар авсан ч сайхан амьдарна гэсэн бодол тээсээр явна даа
32 минутын өмнө
"Намайг сургуулиа төгсөхөөс өмнө эмчилдэг эм гарчихна гэж итгэж хүлээсэн"........
Монгол Улсад хэдхэн жилийн өмнө л ХДХВ буюу ДОХ-ын халдвартай иргэд 50 гаруй байсан. Сүүлийн жилүүдэд уг вирүсээр өвчилсөн хүний тоо гэрлийн хурдаар өслөө, пүү паа, заваан юм, яанаа ийнэ ээ гэж эмээж байсан ч одоо 100 хол даваад 200 дөхчихсөн байгаа энэ үед хүмүүс бүр цочирдохоо больж, тоохоо ч байжээ. Ингэж болохгүй л баймаарсан. Дэлхий нийтэд чимээгүй тархсан аймшигт өвчний тахлаас хүн бүр өөрийгөө хамгаалж, өмгөөлж, хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Манай улсад халдвар тээсэн хүмүүсийн дотор цөөнгүй хувийг хүүхдүүд эзлэж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэх үг бий. Дэлхий дээр 40 гаруй сая хүн уг өвчний вирүсийг тээж ихэнхи нь хүний орчлонгоос буцаж байгаа нь харамсалтай.Хүний дархлал хомсдолын вирүсийн халдварын анхны тохиолдол дэлхий дахинаа анх 1981 онд бүртгэгдсэн. Энэхүү 33 жилийн хугацаанд 60 гаруй сая хүн ХДХВ-ийн халдварыг авч тэдний тал хувь нь хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсалтай тоо баримт байдаг. Халдвар тээгчид энэ нийгэм, эрүүл хүмүүсээс юу хүсэж, юу хайдгийг бид мэддэггүй. Тэд энгийн л ээж, аавын хүүхдүүд, энхрий үрсийнхээ халамжит эцэг эх, ах эгч нь шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг шашин шүтлэг, арьс өнгө, өвчин зовлонгоор нь гадуурхахгүй байхыг заасан байдаг. Гэтэл хуулиа умартсан манай улсад ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах, нүд үзүүрлэх явдал энүүхэнд болчихоод байна. Тиймээс тэд нийгмээс тусгаарлагдан тодруулж хэлбэл, нуувчинд айж амьдарч өөрийн гэсэн хүрээллийн найз нөхөдгүй, өдөр шөнийг өнгөөрдөг гэхэд хилсдэхгүй.
Манайд ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага байдаг ч тэдний төлөө дуугарч, үйл хэрэг бүтээдэг нь цөөхөн. Харин ч зарим үед бүр тэднээс жийрхэж хүлээж авдаггүй, зугтаад байдаг гэсэн гомдлыг нэг халдвар тээгч надад ярьж байсан удаатай. Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсад халдвар авсан иргэдэд үйлчилдэг төрийн бус байгууллагыг нэгэн халдвар тээгч ах байгуулсан. "Одоо тэрбээр бурхан болсон доо"... Тус байгууллагын гол зорилго нь халдвартай хүмүүсийг ойртуулж, ашиг сонирхлынх нь дагуу бүлэг үүсгэн ганцаардмал биш тодорхой зорилготой амьдрахад нь туслах явдал юм. Тус байгууллагад халдвартай гэх 60-аад хүн нэгдэж, нэг бүлэг болж одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өөрөөсөө ч өөрсдийгөө нуудаг байсан тэд "Ингэж амьдрах, амьд явах нь буруу, харин ч өөрсдийнхөө хүрээнд аль болох нээлттэй байх нь бидэнд зөв санагдсан. Ядаж л нэг нэгэндээ сэтгэл санаа, эд материалын дэмжлэг хэрэгтэй үед бие биедээ хандаж байя гэж бодсон. Тэдний дунд янз бүрийн хүмүүс бий. Гэхдээ их, дээд сургууль төгсөөгүй хүн гэж бараг байхгүй. Дөнгөж оюутны ширээнд суусан залуухан хүү, халдвар тээгээд 28 жил болсон америк хүн, айлын ганц охин гээд янз бүрийн хүмүүс эл холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог" гэсэн юм.
Мөн эрсдэлтэй гэгдэх бүлгийн хүмүүст үйлчилдэг хэд хэдэн ТББ байдаг. Тэдний тухайд халдвартай хүмүүсийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ажилладаг. Дээрхи төрийн бус байгууллагад хамаардаг хүмүүсийн дунд амьдралд хөл тавиад удаагүй байхдаа уг аюулт өвчнөөр өвчилсөн нэгэн хүүтэй би уулзаж байсан. Түүнтэй саяхан дахиад уулзахад сургуулиа амжилттай төгсөөд мундаг ажилтан болчихсон явна лээ. Манай улсад төдийгүй дэлхий дахинд ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс эрхээ хамгаалах үүднээс нэрээ нууцлахыг хүсдэг. Тиймээс энэ удаад нэр ус, албан ажлаа олон нийтэд зарлахыг хүсээгүй юм. Түүний хувьд өөрийнхөө тухай ярих хэцүү байгаа ч залуу халуун насан дээрээ яваа түүнд ял шийтгэл мэт санагдах хувь тавилан нь утгагүй санагдсан ч одоо ажиллаж, амьдарч байгаа орчин, хамт олон, орлого мөнгө нь сайхан санагдаж байгаа бололтой. Харин ч өөртөө итгэлтэйгээр "Саваагүй зангаасаа болж амьдралдаа том алдаж, аймшигт өвчинд нэрвэгдсэн амьдрал минь сайхан ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Дэлхий нийтэд уг өвчний халдвартай ч өөрийнхөө чадлаар нэрд гарч, олонд таашаагдсан үйл хэрэг бүтээн нэрээ мандуулж яваа өчнөөн хүн бий. Би тэдний адил хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтээх хүслээр жигүүрлэж яваа залуу хүн.
Өнгөрсөн жил оюутны ширээнээс ажил амьдралынхаа гараатай золгосон надад сайхан байна. Би төрийн байгууллагад ажиллаад нэг жил боллоо. Хамт олон дундаа нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай, хаана, ямар арга хэмжээ зохион байгуулагдана тэнд хамт олноо төлөөлж оролцоод амжилт гаргадаг шүү. Ахлах сургуулиа төгсөх жилээ хүүхдийн хөөрүү гэнэн зангаар найз нөхөдтэйгээ дарвиж яваад л / хэсэг чимээгүй суув/... Гэхдээ зүгээрээ, би харин ч сэтгэлийн хаттай хүн шүү. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хаясангүй, би хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцах ёстой гэсэн бодлоор суралцаад төгслөө. Энэ хугацаанд уг өвчнийг эмчилдэг эм тариа гарчихна аа гэж итгэж найдаж, хүлээсээр дөрвөн жил дууссан. Одоо ч энэ найдвараа гээгээгүй байгаа. Би залуу хүн учраас дэлхий дахинд ДОХ/ХДХВ-ийг эмчилдэг эм тариа гарлаа гэж дуулдвал хамгийн түрүүнд авна гэсэн бодолтой байгаа. Хаа очиж залуу хүн болохоор дархлаа сайтай өвдөж өвчлөх нь гайгүй шүү. Хүйтний улиралд л жаахан бие маань хямрах гээд айлгаад байдгаас бусдаар гайгүй ээ. Эмчдээ цаг тухайдаа үзүүлээд эмээ сайн ууж, тариагаа тариулаад байхад алзахгүй. Миний яаж яваад өвчин авсан нь тийм чухал сэдэв биш ээ. Хүнд яриад байх олигтой зүйл биш ч хамгийн муухай нь надад өвчин халдаасан тэр охиныг одоо болтол би хайдаг. ХӨСҮТ-ийн эмч нараас асуугаад явалтай биш дээ. Ямартай ч манай энэ төвд байдаггүй юм. Тэр эмэгтэй өөрийгөө халдвар тээгч гэдгээ дөрвөн жилийн дотор мэдсэн байлгүй дээ. Мэдээгүй явж байгаад халдвараа тараагаад явсан байх вий гэж би айдаг. Тэр хүнд хэдий гомдож, уур хүрдэг ч одоо тэглээ гээд миний өвчин алга болчих биш дээ гэж өөрийгөө тайвшруулдаг юм.
Хамгийн гол нь, би өсвөр насандаа энэ халдварыг авсан юм шүү дээ. Тиймээс өсвөр үе, шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхдүүдэд сургамж болох үүднээс мөн өөрөө өөрийгөө хайрладаг, хамгаалдаг байгаасай. Бэлгийн амьдралын талаар үнэн зөв мэдээллийг олж аваад дадал зуршлаа болгочихвол над шиг амьдралдаа том алдаж, хүний орчлонд хөгөө чирэхгүй шүү. Мөн нас биед хүрч яваа залууст бэлгийн амьдрал, физиологийн асуудал энэ тэр тулгаралгүй л яах вэ. Тиймээс хэтэвч болоод, халаасандаа бэлгэвчтэй яваарай. Бэлгэвч авч явлаа гээд завхай зайдан явдалтай болчихдоггүй юм. Харин хаана ч өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадаж байгаа том арга шүү. Тийм учраас бэлгэвч, бэлгэвч бас дахин бэлгэвч. Үнэнч нэг хавьтагчтай бай. Гэр бүлдээ үргэлж нэг янзаараа байхыг хүсэхгүй бол бэлгэвчийг үүрдийн хэрэглээгээ болгоорой гэж аминчлан захимаар байна. Мөн Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлээр өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг сайтар заадаг байх ёстой. Хаалттай нийгэм биш учраас багш нь сурагчдаасаа, сурагч нь багшаасаа ичиж зовохын хэрэггүй. Харин ч нээлттэй сайн ойлголцож ярилцсаны үндсэн дээр янз бүрийн халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломж нээгдэнэ шүү гэдгийг хаана хаанаа мэддэг байх ёстой шүү гэж зөвлөе дөө" хэмээсэн юм.
Ийнхүү надтай уулзсан халдвартай залуугийн хувьд "Заримдаа айдсаа дарахын тулд ажилдаа ч явж чадахгүй үе бий. Хүйтний улиралд гэрээсээ гарч чадахгүй яг л ичээндээ орсон амьтан шиг бүгээд л хаашаа ч хамаагүй алга болчихмоор санагддаг. Миний өвчтэйг гэрийнхнээс ганц хоёр хүн л мэднэ. Тэдэндээ би итгэсэн учраас хэлсэн. Тэд маань намайг ойлгож, улам ихээр хайрлан, хүсэлтийг минь хүндэлж, хүлээцтэй ханддаг болсон. Хэзээ нэгэн цагт, удахгүй дээ энэ өвчнийг 100 хувь эмчилдэг эм тариа гарна аа гэдэгт би итгэж найддаг. Ирээдүй минь гэрэл гэгээтэй сайхнаар харагдаж байгаа учраас би тэвчинэ ээ, бас хүлээнэ. Өөрийнхөө үйл хэргийг бүтээж хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас Монголдоо хэрэгтэй сайн хүн болж, сайхан үйл бүтээж, амьдралыг цогцлоож ханьтай, үртэй болно" гэсэн их итгэлтэй урам зоригтой явна даа. Хамгийн гол нь, ийм хүмүүсийг нийгэм хүлээж авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй юм. Биднийг битгий үзэн ядаач. Эрүүл та нар энэ нийгмээс түлхээд байвал өвчтэй бид өвчнөө ялахгүйгээс гадна сэтгэл санаагаар унаж, ганцаардмал амьдралаас залхахдаа галзуурч, улмаар амиа хорлох дээрээ тулж очдог юм шүү. Тиймээс биднийг ойлгоорой гэж хичээнгүйлэн гуйсан юм. Халдвартай хүмүүсийн тухайд санаатай халдвар тараана гэж байхгүй харин ч өөрийгөө хянадаг, хамгаалдаг, өвчнөө халдаахгүй байх үүрэг хариуцлагаа сайтар ухамсарладаг юм билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
О.Сайханцэцэг
0 comments:
Post a Comment