Туул гол туйлдаж байна
1 цаг 30 минутын өмнө
Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийг угааж, ундаалж урсаж буй энэ хэсэг хамгийн ихээр бохирджээ.Саяхан НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцлийг тодруулахад голын усны дээд хэсэг гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолтой байгаа аж. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг цэвэршүүлсэн бохир усыг нийлүүлж буй Сонгинын гүүрнээс эхлэн эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагджээ. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг гэнэ. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж, бохирдол нь нэмэгдэж буй Туул голын усны өөрөө цэвэрших үзэгдэл жил ирэх тусам буурч, бохирдсон ус хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ.
НМХГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.1-12.6 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.2-9.8 дахин их гарчээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд умбуур бодисын хэмжээ 1.2-6.84 дахин их, аммиакийн хэмжээ 2-3.75 дахин их гарсан нь усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг /МNS 4943:2011/ хангахгүй байгаа аж.
Түүнчлэн бохир усны цэвэрлэгээний түвшин 61-90 хувьтай байгаа нь цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник, технологийн хоцрогдлоос шалтгаалж байгаа гэнэ. Төв цэвэрлэх байгууламж хоногт 150 м.куб усыг боловсруулах хүчин чадалтай боловч ачаалалтай үед 180-200 м.куб усыг цэвэршүүлж байгаа нь бохир усыг цэвэршүүлэх түвшинд нөлөөлж байгааг онцлов. Мөн тус байгууламжийн техник, технологитой холбоотой буюу 1969 онд ашиглалтад орсноос нь хойш засвар, шинэчлэлтийг өөр өөр улсын янз бүрийн техник, технологийг ашиглаж хийсэн нь багагүй нөлөө үзүүлдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment