"Нээлттэй шүүх- Алслагдсан хороодод" аяныг эхлүүллээ
1 цаг 21 минутын өмнө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс баталсан "Шүүх ба олон нийт" хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх "Нээлттэй шүүх - Алслагдсан хороодод" сарын аяныг эхлүүлж байна. Аяны зорилго нь шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн ил тод нээлттэй байдлыг сурталчилж иргэдийн санаа бодлыг сонсоход оршино.Аяны хүрээнд тус шүүхийн Тамгын газар өөрийн харъяаллын нутаг дэвсгэр дэх алслагдсан хороодын нэг болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгон болон тус хорооны алслагдсан 361 дүгээр хэсэгт ажиллалаа.Нийслэлээс 55 км-ийн зайд байрлах тус хороо нь 6.000 хүн ам, 84.000 га газар нутаг дэвсгэртэй, зарим хэсэг нь хорооноосоо 30-40 км-ийн зайд оршдог байна.
Аяны хүрээнд:
1. Шүүхийн тухай багц хуулийн талаар Тамгын газрын дарга Д.Ганбаатар
2. ДИХАШ-ны 2 дугаар шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж
3. Шүүхийн олон нийтэд нээлттэй болж байгаагийн нэг илрэл болон шүүх хуралдааны дуу дүрс баталгаажуулах, shuuh.mn, Иргэн 2014 программын талаарх мэдээллийг мэдээлэл, технологийн мэргэжилтэн Х.Гантулга
4. "Нээлттэй шүүх" танхимын талаар ОНХМ Ж.Амаржаргал
5. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар эвлэрүүлэн зуучлагч Т.Түвшинбаяр
6. Шүүхэд нэхэмжлэл гаргах харьяалал, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Ариунзул нар тус тус мэдээлэл, танилцуулга хийлээ. Мөн иргэдэд эвлэрүүлэн зуучлал болоод байгууллагын танилцуулга тарааж, шүүхийн байршил, үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.
Хорооны байршил, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан иргэдийн дунд газар, хөдөлмөрийн гэрээ, ажилласан жил тогтоолгох, гэр бүлийн маргаан их гардаг байна.
Алслагдсан хороодын иргэдийн хувьд шүүхийн талаарх ойлголт муу байдгаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлох, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ дутуу бүрдүүлэх, шүүхийн харьяалал болон улсын тэмдэгтийн хураамжийн талаарх ойлголт бага байдгаас иргэдэд чирэгдэл үүсдэг байна.
Ингээд тус хорооны зохион байгуулагч Н.Оюунцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна.
21 дүгээр хорооны зохион байгуулагч Н.Оюунцэцэг: Шүүх иргэдэд илүү ойр, нээлттэй болсныг иргэд маань ойлголоо
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Тамгын газраас манай хорооны иргэдэд ирж мэдээлэл, танилцуулга хийсэн нь үнэхээр нүдээ олсон сайхан ажил боллоо. Хороодынхоо иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Хороо бол төрийн анхан шатны байгууллага. Тиймээс иргэдийн зүгээс бидэнд хандаж олон асуулт асуудаг. Бидний хувьд аль болон ойлголцохыг хичээдэг ч эрх зүйн мэдлэг муугаас мухардалд орох үе олон. Өнөөдрийн уулзалтаас иргэдийн маань эрх зүйн ойлголт болоод хуулийн шинэчлэл, шүүх дагнан ажиллаж байгаа талаар олон төрлийн мэдээллийг сонсч, өөрсдөдөө тулгамдаж буй асуудалдаа гарц олсон гэдэгт итгэлтэй байна. Манай хороо 84000 га газар нутаг, 6000 гаруй хүн амтай. Хорооны байршил, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан иргэдийн дунд газрын, хөдөлмөрийн гэрээний маргаан дийлэнх хувийг эзэлдэг. Иргэд маань эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. Улаанбаатар хотын иргэдийг сүү цагаан идээгээр хангах зорилго бүхий дагавар тосгон ч гэж ойлгож болно. Иргэд малчин ажилд авахдаа аман гэрээ байгуулчихаад цагтаа цалин хөлсөө өгөхгүй, малчид нь малыг зарж борлуулах гээд маргаан их.
Мөн манай тосгон 1971 онд Партизаны САА нэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үед ажиллаж амьдарч байсан иргэд маань тэтгэвэрт гарах болоход ажиллаж байсныг нь тогтоох ямар ч бичиг баримт, архиваас олддоггүй. Бидний зүгээс манай хороонд амьдарч байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт л гаргаж өгдөг. Энэ нь ямар нэг нотолгоо болж чаддагүй. Тэгвэл өнөөдрийн уулзалтаас иргэд эдгээр асуудалдаа гарц олсон гэж бодож байна. Шүүх иргэддээ ойр байж хуулиа сурталчилж, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнан ажиллаж байгаад 21 дүгээр хороо болон тус хорооны 361 дүгээр хэсгийн иргэд үнэхээр баяртай байна. Та бүхний цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе! Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment