Амьдралгүй хууль батлагчдыг одоо яавал дээр вэ?
36 минутын өмнө
Тунг нь хэтрүүлсэн эм хор болдог, харин дутуудуулсан бол эм болдоггүйг бага балчир хүүхдүүд ч мэднэ. Гэтэл манай эрх мэдэлтнүүд, ч юм хөрөнгө мөнгө, нэр алдартай нь холбоотой, эсхүл зүгээр чухал асуудлыг шийдэх бүртээ яагаад чухам тунг нь дутуудуулж, нэг бол хэтрүүлчихээд байдаг юм бол?Төрийн эрх бүхий байгууллагууд 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож уул уурхайн салбарын нөлөөнд шууд өртдөг байгаль орчныг хамгаалахгүй орхижээ. Нөгөө л нэг шүүмжлэл дагуулсан Ашигт малтмалын тухай хуульд нь Байгаль орчныг хамгаалах тухай заалтыг чухалчлан оруулж, байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг батлах, түүнийг зориулалтыг дагуу зарцуулах барьцаа, баталгааг хангалттай тусгасан билээ. Гэвч байгаль орчныг хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагууд нь байгаль орчныг нөхөн сэргээх зардал тавин мянгаас хоёр сая төгрөг байхад хангалттай, үлдсэн нь "ядарсан хүмүүс"-ийн халаасанд орж байг гэж үзжээ. Үүний үр дүнд байгаль орчныг хамгаалах арга, эмчилгээний тунг нь дутуудуулж ирсэн байна.
Тунг нь тааруулдаггүй дээрх алдаанаас болж уул уурхайн салбар сүүлийн үед бүхэлдээ "хадны мангаа" болон харагдаж, нэр бүхий улс төрчид шийдэх арга замыг нь хайхдаа цоо шинэ мэргэн санаа олжээ. Улмаар "Урт" гээчийн нэртэй хуулиар аль болох олон "мангас"-ыг хиаруулж даацтайхан тунгаар байгаль орчноо эмнэхээр шийджээ. Энэхүү хуулийг анх санаачилсан УИХ-ын гишүүд гол мөрний орчимд битгий хэл далай, тэнгисээс ашигт малтмал олборлодог, байгаль орчноо нөхөн сэргээдэг жишиг байсаар атал гол мөрний орчимд ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх ямар ч боломжгүй болохыг "шинжлэх ухаанчаар" баталж хуулиа шахсанаар "эмчилгээ"-ний тунг нь бас хэтрүүлж орхив. Уг нь хойд болон төвийн бүсийг эрчим хүчний нүүрсээр хангадаг Шарын гол, Монголын хамгийн том төмрийн орд болох Баянгол зэрэг ихэнхи ордын нэр нь хүртэл "гол", тэгэхээр хуулийн дагуу тэд яалт ч үгүй "мангас" гэдэг ангилалд багтахаар болчихоод байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүд 2009 онд энэхүү хуулийг яаравчлан батлахдаа өөрсдийн батладаг төсвийн боломж, улсын эдийн засагт учирч болзошгүй үр дагавар, хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд тулгарах аливаа асуудал, эрсдэл зэргийг үл тоох "шийдмэг", "зориг"-той хүмүүс болохоо нотолж, таван сарын дотор бүх гол мөрний хилийн заагийг судлан тогтоож, маш олон тусгай зөвшөөрлийг цуцлахаар төлөвлөж тунг нь мөн л хэтрүүлжээ.
Тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт эхэндээ хэрэгжүүлэх боломжгүй хууль гарлаа гэж нэр шигээ зоригтой мэдэгдэж байсан ч сонгуулийн өмнөхөн хуулийг хэрэгжүүлэх арга олсноо мэдэгдэж, хүчин төгөлдөр байгаа 1700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлах хилийн заагийг хавсралтаараа нарийн тогтоосон Засгийн газрын тогтоолыг яаравчлан батлуулж орхив. 2012 оны зургаадугаар сард яаран сандран батлуулсан өнөөх тогтоол нь хавсралтгүй байсныг бүгд хожим мэдсэн ч мань сайдын сонгуулийн сурталчилгааны тун аль хэдийнэ дээд цэгтээ тултлаа хэтэрсэн байлаа.
Ийнхүү Д.Зоригт сайдын санаачилсан тогтоол долоон сарын дараа хавсралттай болж, усны тухай хуульд заасан гол усны 100 м хамгаалалтын бүсийг 500 м хүртэл өргөсгөн тогтоож, цаашлаад Монгол улсын хилээс гарч ОХУ-ын нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсээ тогтоож нөгөө л тунгаа аймшиггүйгээр хэтрүүлсэн нь арай л дипломот ноот бичиг авахад хүргэсэнгүй.
Хууль батлагдсанаас хойш даруй дөрвөн жил гаруй хугацаанд хууль хэрэгжүүлэх, хүлээгдэж буй асуудлыг шийдэх оролдлого хийгээгүйгээрээ Монголын төр тунг нь багадуулсан бол, хууль хэрэгжихгүй байгаа нь уул уурхайн салбарын буруу гэж үзсэн иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд хүртэл "буруутай" машин техникийг нь буудан хороох хэт харгис арга хэмжээ авч бас л тунг нь хэтрүүлэх шахав.
Уг нь хууль, шийдвэр гаргахдаа эхнээс нь сайтар төлөвлөж, шийдвэрлэх зүйл, арга зам, үр дагаварын талаар бүрэн мэдээлэлтэйгээр зөв зүйтэй шийддэг бол, шийдвэр гаргахдаа "эмчлэх"-ээс өөр ямар нэгэн сонирхолд хөтлөгддөггүйсэн бол өнөөгийн ойлгомжгүй нөхцөл байдал үүсэхгүй байх боломж бүрэн дүүрэн байсан. Энэ бүхний буруутан, энэ бүхний улмаас ямар нэгэн үр ашиг хүртэж ирсэн хүмүүс бол өнөөх тунг нь дутуудуулж, эсхүл хэтрүүлж ирсэн УИХ-ын гишүүд юм. Гэтэл эцэс сүүлд нь буруутай тэд биш харин уул уурхайд хөрөнгө оруулсан компаниуд, эс бөгөөс тэдний эсрэг турхирагдсан иргэний хөдөлгөөнийхөн буруутан болж нэг нь эд хөрөнгөөрөө, нөгөөх нь амьдрах орчин, эрх чөлөөгөөрөө хохирч байгаа нь туйлын харамсалтай, туйлын гачлантай… Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment