Friday, September 4, 2015

Чингис хаан ба тагнуулын урлаг - 2

Үргэлжлэл... Өмнөхийг ЭНДЭЭС

Чингис хаан, түүний жанжид, дарга нар хамгийн өргөн хэрэглэдэг байсан аргуудын нэг нь хуурч төөрөгдүүлэх арга хэмжээ байв. Нууц товчоонд өгүүлснээр илүү хүчтэй байсан найманчуудыг хуурч төөрөгдүүлэх зорилгоор: "... амьд хүн бүр шөнө таван анги гал түлж..." монголчууд тэднээс илүү олон гэж ойлгуулсан болон Шихихутаг Афганы нутагт Желал ад Дины давуу хүчтэй армитай тулалдахдаа илүү хувцсаа өмсгөсөн мануухайг хөтөлгөө морьдынхоо нуруун дээр тогтоож, "цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн", Чингис хаан Хятадын Их цагаан хэрмийг Бээжинд ойр дөт хэсгээр нэвтрэх гэж буйг харуулсан цэргийн хуурамч хөдөлгөөн хийлгээд харин тэндээсээ 150-200 бээр орчмын хамгаалалт султай газраар цөмрөн орсон, Хорезмын Шах нь эх хатан Туркан болон хамаатан садантайгаа гүнзгий зөрчилтэй байгааг тагнаж мэдсэн Чингис хаан Хорезмын эзэнт улсын овог, аймаг, хараат улсууд Чингисийн хүссэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн хуурамч захиаг Хорезмын талд урван очиж буй Чингисийн шадар хүний дүр эсгэсэн туршуулаар шахад нь хүргүүлсэн гэх зэрэг нь Чингис хаан, түүний ноёд, жанжид их аян дайныхаа янз бүрийн үед олон хэлбэрийн хуурч төөрөгдүүлэх ажиллагааг тухайн тодорхой нөхцөл байдалд зохицуулан маш чадварлаг явуулж байсныг харуулдаг.

Чингис хаан эсрэг талаа задлан бутаргах тагнуулын арга хэмжээг цөөнгүй удаа чадварлагаар ашиглаж байсан. Тэрбээр хүчирхэг цэрэг арми, эдийн засагтай Алтан Улсыг байлдан дагуулахын тулд гол холбоотон, Монголын эсрэг элдэв хорт явуулгаа хэрэгжүүлэх гар, хөл нь болж байсан Тангадыг эзлэн уг хоёр дайсныг задалж, хүчийг сарниулж, Тангад, түүний эдийн засгийн бололцоог Алтан Улсын эсрэг дайндаа ашиглаж байсан. Хорезмын Эзэнт улс олон овог, аймаг, харьяат улсаас бүрдсэн, дээд удирдлагаасаа эхлэн лалын шашны янз бүрийн урсгал чиглэлүүдийг шүтэж бишрэгчдийн хооронд сөргөлдөөн ихтэй, нийгэм нь бүхэлдээ зөрчил, тэмцэлтэй байсныг Чингис хаан тагнуулын үйл ажиллагаандаа өргөн бааз суурь болгон ашиглаж байсан гэх зэрэг маш олон баримтыг дурдаж болно.

Монголын хаад, жанжин, цэрэг дайчид айлган сүрдүүлэх террор гэх мэт аргуудыг цөөнгүй хэрэглэж, тэр нь муугүй үр дүнд хүрч байжээ. Тухайлбал: Чингис хаан Зарнук хотын оршин суугчдад "... эсэргүүцэхийг бодож байгаа бол ... таны хотыг хоромхон зуур үнсэн товрог болгож, цусыг чинь Сыр-Дарьяа мөрөнд урсгана... хэмээн заналхийлсэн бол монголчуудын эсрэг эрэлхэгээр тулалдсан Отрар хотын Хажир ханыг Чингис хааны зарлиг болсны дагуу "... Мөнгө хайлуулж ... Хажир ханы чихний сүв, нүдний ухархайд цутгуулсан...", Дервентийн захирагчийн найрамдал байгуулахаар илгээсэн 10 язгууртан элчийн нэгийг алж, үлдсэнд нь зам эс зааж өгвөл алагдсан нэгтэй нь адил толгойг нь авна хэмээн заналхийлж, Кавказын уулсыг нэвтрэх зам заалгаад бүгдийг алсан, Дунайн эрэг хавьд аж төрж буй хүмүүсийг айлган сүрдүүлэхийн тулд алагдсан хүмүүсийнх нь цогцсоор олон овоо босгосон байсан", "Чингис хаан Шах Мухаммедэд дайн зарлахаас бүүр өмнө татарууд аймшигт довтолгоонд бэлдэж буй тухай цуурхал Дундад Азийн балгасуудаар тарж, үймээн самуунд автсан олон хүн баруун зүг дүрвэн зугатаасан..." зэргийг дурдаж болохоор байна.

Ил хаадын улсын тагнуулын алба эсрэг талынхаа нөлөө бүхий өндөр албан тушаалтны тухай худал мэдээллийг удирдлагад нь хүргэх замаар тэдэнд итгэх итгэлийг алдагдуулж, устгуулах аргыг хэрэглэдэг байсан тухай олон мэдээ, баримт бий. 1262 онд Байбарсын асарт нууцаар нэвтрэн орсон гурван хүнийг баривчлан шалгахад тэдгээр нь түүнийг устгах даалгавартай Монголын курдүүд болох нь тогтоогдсон нь Ил хаадын тагнуулын алба эсрэг талынхаа удирдагчдыг устгах нууц ажиллагаа зохиодог байсны нотолгоо юм.

Их Монгол Улс тэр үедээ чухал мэдээ, мэдээлэл, түүний дотор тагнуулын мэдээ, мэдээллийг дамжуулах хамгийн боловсронгуй, найдвартай тогтолцоог бий болгон ашиглаж байсан. Энэ тухай Л.Д.Хартог: "Монголын эзэнт гүрний амжилтын нэг багана тулгуур болсон өртөө улаа бол зохион байгуулалтын үнэхээр гайхалтай ололт амжилт байсан юм", "Өртөөний ач тусаар Их хаан болж буй үйл явдлын талаар мэдээлэл сайтай байдаг байв" гэсэн бол Э.Хара-Даван: "... Нүүдэлчдийн төр улсад... морьтой элч нарыг бий болгосон нь маш ухаалаг шинэ зүйл байсан бөгөөд Чингис хаанаас өмнө хэн ч үүнийг бий болгож, тийм өргөн цар хүрээтэй нэвтрүүлээгүй байсан юм. Хожим нь энэхүү зохион байгуулалтыг нийт Монгол гүрэн даяар түгээн дэлгэрүүлсэн нь нэг талаас шууданг дамжуулж, цааш цааш нь зохих газарт нь хүргэх үе шатууд, нөгөө талаас онцгой чухал бичгийг болон аман захиас, зарлиг, тушаалыг итгэмжлэн хүлээсэн албан тушаалтнууд, элч нарын үдлэх газар болж байсан... өртөө буудлуудын битүү сүлжээ болж хувирсан билээ" гэсэн байна.

Өртөө замыг байгуулахад хүргэсэн шалтгааны тухай Жувейни: "Монголчуудын эзэмшил нутаг тэлэхийн хэрээр тэр их газар нутгийн хаана, юу болж байгааг, дайсан этгээд юу хийж байгааг цаг алдалгүй мэдэж байх, алс өрнө хязгаараас дорно руу, алс дорно хязгаараас өрнө рүү бараа таваар зөөх гэх мэтийн чухал үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага гарч ирлээ. Тийм учраас энэ их гүрний бүх өргөн уудам нутаг дэвсгэрт олон зам байгуулав" хэмээснээс үзэхэд өртөө замыг байгуулахад хүргэсэн хамгийн гол шалтгаан нь мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх явдал байжээ. Чингис хаан болон түүний залгамжлагчдын үеийн янз бүрийн эх сурвалжид монголчууд мэдээлэл хүргэхэд шувууг ашиглаж байсан тухай баримт олдоггүй. Гэтэл Монголд ирж, Монголын эртний туульс, хууч яриа зэрэг үнэт мэдээлэл цуглуулан судласан Оросын нэрт Төв Ази судлаач Г.Н.Потанин (1835-1920) Чингис хааны үед монголчууд захидал харилцааг хүргэхэд шувууг ашиглаж байсан тухай өгүүлсэн байна. Их Монгол Улс зөвхөн цэрэг дайнтай холбоотой төдийгүй шаардлагатай бүх асуудлаар төрөл бүрийн мэдээлэл цуглуулах, шуурхай дамжуулах, ашиглах бүхэл бүтэн тогтолцоотой байсан аж.

Монголын их гүрний өртөө замын тогтолцоо нь орчин үеийнхэн холбоо, мэдээллийн болон зам харилцааны үүргийг давхар гүйцэтгэдэг, улс орны аюулгүй байдал эдийн засаг, гадаад харилцаанд онц чухал ач холбогдолтой, тухайн үедээ хаана ч байгаагүй үнэхээр гайхалтай ололт байжээ. Уэзерфордынхоор: "Тэд мэдээлэл, харилцааны шинэ эриний эхлэлийг тавьсан. Тэд дэлхийг сэрээсэн" байна. Энэ далимд онцлон тэмдэглэхэд Их Монгол Улсын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, даяаршлын суурийг тэр үед тавьсан тухай Уэзефордын үзэл бодлын эх санааг анх Оросын халимаг эрдэмтэн Э.Хара-Даван гаргаж тавьсаныг энд зориуд тэмдэглэж байна.

Их Монгол Улс зөвхөн цэрэг дайнтай холбоотой төдийгүй шаардлагатай бүх асуудлаар ил, нууц эх сурвалжаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж, ашиглах бүхэл бүтэн тогтолцоотой байсан нь гайхалтай. Чингис хаан, түүний залгамжлагчид дэлхийг байлдан дагуулах гол зорилгодоо хүрэх, улс орноо хөгжүүлэхийн тулд эзлэгдсэн улс, орнуудын эрдэмтэн мэргэд болон авьяас чадвартай хүмүүс, тэр үеийн тэргүүний зэвсэг, техник, хэрэгсэл, ололтыг маш соргогоор олж, мэдэж ашигладаг байжээ. Чингис хаан төрийн хэрэгтээ Найманы бичгийн сайд асан Тата-Тунгаа, Алтан Улсын түшмэл байсан ах дүү Елюй зэрэг эрдэмтэн мэргэд олныг түшээ болгон ажиллуулж байснаас гадна Хятадын гүн ухаантан Чан-Чун-Бумбатай уулзан ярилцаж, байгуулсан их улс гүрнээ удаан тогтоон барих арга ухааныг сонирхож байсан.

Монголчууд хамгийн түрүүнд сонирхдог зүйлийн нэг нь цэргийн зэвсэг, техник байсан нь ойлгомжтой. Алтан Улстай дайтах үедээ тэндээс сайн оньсон техник, түүний дотор гал шидэгчийг хүртэл олж авч, тэр үед Грекийн гал гэдэг байсан нефть зэрэг шатамхай бодисыг бүслэгдсэн хотууд руу шиддэг байжээ.

Янз бүрийн орноос тэнгэр огторгуйг судалж мэдэхэд ашиглах төрөл бүрийн хэрэгслийг цуглуулж, тэдгээрийг мэдлэг, чадвартай зурхайч нарынхаа заавар зөвлөгөөгөөр нэгтгэн шинэ төхөөрөмж бүтээж байсан нь бас л монголчуудад хамаарах юм. Мөнх хаан Хүлгүд Исламын Аббасит Улсыг эзлээд юуны түрүүнд тэнд амьдардаг байсан лалын нэрд гарсан зурхайч Насир-ад-дин Түчийг хамт ажилладаг эрдэмтдийнх нь хамт Монголд яаралтай хүргүүлэхийг даалгаж байсан нь тэдгээрийн тухай мэдээллийг аль эрт авч байсныг харуулдаг. Азербайжаны Маргатийн одон орон судлаач Жамал-ад-дин тэр үед Хятадад байгаагүй одон орон судлах томоохон төхөөрөмж хийгээд Европт нэвтрээгүй байсан араб тоон тэмдэгтийг ашиглан математик бодлого бодох шинэ аргууд болон бичвэр зэргийг Монголд авчиржээ. Монголчуудын эзэмшлийн үед математикийн шинжлэх ухаанд том гайхамшигтай алхмууд хийгдсэн бөгөөд тэд үндсэн алгебраас гадна тиг, нэмэх, хасах тоонуудын хэрэглээг анх гаргажээ. Монголын ажиглабарын одон орон судлаачид өөрсдийнхөө ажиглалтад тулгуурлан нэгэн шинэ албан ёсны хуанли зохиосон нь тухайн үедээ хамгийн зөв байсан ба орчин үеийн хуанлигаас ердөө 26 секундын зөрөөтэй байсан аж.

Анагаах ухааны салбарт ч ихээхэн мэдээлэл цуглуулах, шинэ мэдлэг бүтээх ажлыг монголчууд хийсэн байна. Хятадын зүү эмчилгээ, судас оношлогооны мэдээлэл, мэдлэгийг мусульманчуудын илүү нарийн арга ухаантай холбохын тулд монголчууд Хятадын ардын эмнэлгийг болон Энэтхэг, Ойрхи Дорнодын эмч нарын бүрэлдэхүүнтэй эмнэлэг, сургалтын төвүүдийг Юань Улсад байгуулсан байна.
Монголын хаад эзлэгдсэн орнуудын барилгачид, уран дархчуулыг нутагтаа ирүүлж, орд харш бариулах, гоёл чимэглэлийн зүйл хийлгэх замаар асар их мэдээлэл олж авдаг байсныг Монгол гүрний хааны суурь суудал зэргийн хээ угалзыг хийсэн, Оросоос олзлогдон ирсэн Кузьма дархан, хааны ордны гол танхимын мөнгөн модыг урлан бүтээсэн Франц дархан Вильгельм Бушье нарын тухай бид Рубрикийн тэмдэглэлээс мэдэх билээ.

Монголын эрх баригчид түүхийг бусад үндэстнийг эзэлж, тэднийг илүү үр дүнтэй захирах мэдээлэл олох чухал арга гэж үзжээ. Чухам энэ зорилгоор 1260-аад онд Хубилай хаан Үндэсний түүхийн алба байгуулсан. Мөн Зүрчид, Китайн вант улсууд болон Сүн Улсын бүрэн түүхийг зохиож, эмхэтгэхийг зарлигдсаныг гүйцэтгэхэд 80 жил зарцуулж, 1340-өөд онд дуусгасан гэнэ. Монголчууд Рашид ад-Динд дэлхийн анхны түүхийг бичихийг үүрэг болгосон байна. Рашид ад-Дин франкуудын түүхийг бүтээхийн тулд олон эрдэмтнийг хөлсөлж, маш том ажлыг зохион байгуулж гүйцэтгэсэн байна.

Авьяас билэг, амьдралын их ухаантайн гадна дээр дурдсанчлан харийн нэр цуутай хүмүүс, эрдэмтэн мэргэд, тэдгээрийн эрдэм мэдлэг, сургаалийг эрж олж, ашигладаг байсан Чингис хаан эртний Хятадын цэргийн зүтгэлтэн, жанжин, сэтгэгч Күнз (МЭӨ 551-449 он)-ийн бичсэн "Дайтахуйн ухаан" хэмээх эртний Хятадын цэрэг тагнуулын хамгийн алдартай, хожим дэлхийд түгэн алдаршсан, одоо ч үнэ цэнэтэй байгаа сургаальт номыг олж, судласан байж таарна. Тэд монгол тагнуулын уламжлал, өөрийн арга туршлага, дүгнэлтээ дээрхи сургаальтай харьцуулан судалж, өөрийнхөө цэрэг дайны хийгээд тагнуулын үзэл бодлын тогтолцоог бүрдүүлж, дэлхийн хагасыг эзлэхдээ ашиглаж байсан нь эргэлзээгүй. Харин уг номд цэргийн цогц сургаалиас гадна эртний Хятадын ба Монголын эх сурвалжид нэрлэж байснаар "нарийн хэрэг" буюу тагнуулын үйл ажиллагааны талаар маш тодорхой тусгасан учраас уг номыг Чингис хаан, түүний жанжид сонсож, судалж байсан ч түүнийг нууцалж байснаас түүхэн эх сурвалжуудад тусгагдаагүй үлдсэн байж болох юм.

Дээр товч өгүүлсэн баримтуудаас үзэхэд Их Монгол Улс нь тухайн үедээ бараг бүх дэлхийн мэдээллийн төв, дэлхийн улс орнуудтай олон талын бодит мэдээлэл солилцох талбар болж байжээ.
Түүгээр ч барахгүй Их засаг хуульд мэдээллийн үнэн бодитойг үнэлэх шалгуурыг "... гурван хүн ам авалцан зөвшөөрсөн хэргийг хаа ч өгүүлж болмой. Тийм бус болбоос батлан итгэж болохгүй" хэмээсэн нь гурван эх сурвалжаас авсан мэдээлэл агуулга нэгтэй байвал түүнийг үнэн зөв гэж үзэх хэрэгтэйг хуульчлан тогтоосон хэрэг байлаа. Энэ бүхнээс үзвэл тэр үеийн монголчууд өөрсдөө цэрэг, даргаасаа эхлээд жанжид, хаадаа хүртэл бүгд л тагнуулчид, Монгол Улс нь цэрэг, тагнуулын гүрэн байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Цэрэг, тагнуулын нэгдмэл тогтолцоо нь цэрэг, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хийгээд газар орон, ус, цаг уур, ар талын гэх мэт бүх талын тагнуулын үйл ажиллагааг нууц болоод ил аргаар нэгэн зэрэг явуулах өргөн бололцоо олгож байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Доктор, профессор М.Цогтоо

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment