Tuesday, May 17, 2016

Монголын томчууд гадаадад зорчсон түүх – 1


Монголчууд Ардчиллын буянаар гадаад улс, орныг зорьж, тэндээ ажиллаж, амьдран, оршин суухаас гадна эх орноо төлөөлөн харьд яваа сайд дарга нарыг хүлээн авч, хэлгүй нэгэнд нь хэл болж улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа нь цөөнгүй бий. Тэдний нэг болох эдүгээ Европт ажиллаж, амьдарч буй Г бүсгүйн бичсэн нийтлэлийг цувралаар хүргэх гэж байна. Энэхүү нийтлэлд түүний хэрхэн харийг зорьж, өдгөө болтол туулсан ээдрээтэй замналыг нь өгүүлэх бөгөөд хөгөө чирсэн УИХ-ын гишүүд болон төрийн түшмэлүүдийн ичмээр явдлуудыг ч мөн өгүүлэх ажээ.

Дээхнэ үед биднийг дунд сургуульд сурч байхад буюу 80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үед "Гадаад Монгол" гэдэг нэр томьёог түүхийн хичээл дээр үзэж байхдаа Өвөрмонголын болон Буриадын ард түмэн элэг нэгт монголчуудынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Ар Халхын монголчуудаа "Гадаад монголчууд" гэж нэрлэдэг байж билээ.
Харин өдгөө "Гадаад Монгол" гээд орчин үеийн хүүхэд, залуучуудад хэлбэл "Аан, та гадаадад байдаг юм уу?" эсвэл "Гадаад хүнтэй суусан юм уу, Улаанбаатартаа байдаг уу? Гараад удаж байна уу?" гэх мэтийн юм асуух нь энгийн үзэгдэл болжээ.
Биднийг 10 жил төгсгөөд байх жил буюу 1989 онд Монгол Улс маань Ардчилал хэмээх шинэ хувьсгалыг нээж, ард олон нээлттэй эдийн засаг гэдэг юм руу огцом шилжиж, урд нь зөвхөн Хятад, Орос Улс руу явдагаа байж, Баруун Европ, Америк, Япон гээд гурав дахь ертөнц рүү чөлөөтэй зорчих эрхтэй болж, нэг л өдөр бөөн бөөн шинэ мэдээлэл, нэр томьёог уншиж, цээжлэх үүрэгтэй болсон юм.

Тэр үеийн 10 жилийн сургалт монгол ч бай, орос ч бай сургуулиас хамаарахгүй сурагчдад хариуцлага гэдэг юмыг багаас нь ойлгуулж, хавар, намрын ажилд дайчлах, сурагчдын амралтаар шинэ жүжиг, балет, сонгодог урлагийг сонирхуулах, зуны амралтаар овьёос ургамал, буудай түүлгэж, түүнийгээ сайн хатааж, хамгийн ихийг хураасан нэгнийгээ шагнаж, өвлийн амралтаар малчдадаа туслахаар нэмнээ, бээлий, лаа, шүдэнз гээд сурагч болгонд тодорхой үүрэг хариуцлагыг даалгаж, хүн болгон аминдаа л ажилтай байсаар жил өнгөрдөг байж.
Ардчиллын ачаар ард олны хүүхдүүд 10 дугаар ангиа төгсгөөд бидний хувьд зөвхөн мөрөөдөл байсан алс холын улс, орны хил хязгаар нээлттэй болж, гайгүй дүнтэй төгссөн хүүхдүүд конкурс гэгч шалгалтыг санаа зоволтгүй даван гарч, дуртай мэргэжлээрээ суралцаж болохоор болсон үе байлаа.
Монголдоо үлдсэн нэг нь дотоодынхоо дээд сургуульд орж, эсвэл конкурстээ "ниссэн" улс нь мэргэжлийн сургууль, сувилагчийн сургууль, хөвгүүд нь аль нэг сургуульд хамрагдаагүй бол цэрэгт явж хал үзэж, хашир суудаг байсан.

Бид бол социализмын сүүл, ардчилал буюу нээлттэй зах зээлийн анхдагч үе нь болсон тул юм юмыг л үзэж сурч, туршиж, болсон болоогүй наймаа хийж, хөх, ягаан гээд хувьчлалын картны ид шидийг үзэж, бирж гээч шинэ байгууллага дээр хувьцаа гэдэг юмыг худалдан авч, авхаалжтай нэг нь хувьцаагаараа мөнгө хийж, ер нь хөдөлгөөнтэй амьдралд ханцуй шамлан орцгоосон билээ.
Тэр үеэс л гадаадад гарсан монголчууд маань зарим нэг нь сургууль номоо хөөж, зарим нэг нь ажил хайж, бусад нь гадны хүнтэй гэр бүл болж, үлдэх нь үлдэж, буцах  нь буцаж, хүн бүр л дор бүрнээ байр сууриа олох гэж хичээх болсон юм.
"Алим унасан газраасаа их хамаардаг" гэдэг шиг очсон газар, сурсан сургууль, танилцсан улс, ажилласан нөхдөөс хамаараад гадаад монголчууд маань зарим нь өөдрөг, Монгол Улсын нэрийг мандуулж явахаар өндөрлөгт хүрч, зарим нь тэр улсдаа үлдэж, ажиллаж, амьдарч, өөр бусад нь анхны саад бэрхшээлээс шантран буруу замаар будаа тээж, бусад нь таарсан хүнтэйгээ нийлж амьдраад даруй 25 жил болсон ч эх нутагтаа очоогүй, монгол хэлээ мартсан, монголоор ярьсан ч өөдөөс тэр улсын хэлээр ярьдаг, сэтгэдэг улс их болсон шиг санагдлаа.

Миний бие бусдын л адил 10 жилээ төгсгөөд конкурс гэгч юмыг өгч, эмч мэргэжлийг сонгон алс холын нэгэн улсыг зорьж, 18-тайдаа нийслэл хотоо, ах дүүс, эцэг эх, найз нөхдөө орхиод өдөр шөнийг хослуулан ниссээр зорьсон газраа ирж, сонгосон мэргэжлээрээ сурах болсон юм.
Монголд огт заадаггүй хэл дээр хими, биологийн хичээл орно гээд орчин ахуй маань 380 хэм биш 3800 градус эргэчихсэн мэт байсан ч залуу нас, сурч боловсрох эрмэлзлээр дүүрэн байсан үе болохоор хичээл, хэл гэж гүйсээр нэг л мэдэхэд нэг жилийг ардаа орхисон байлаа.

Монгол Улсад маань ардчилал мандсантай холбогдуулаад гадаадад сурч буй оюутнууд бүх зардлаа өөрсдөө төлж сурах заавар гарсан тул би эргээд Улаанбаатартаа ирж, ууган сургууль анагаахдаа орж суралцсаар нэг л өдөр эмч болж чагнуур зүүн тангараг өргөж, дипломоо гардан авсан билээ.

Төгссөн жилдээ мастераар үргэлжлүүлэн давхар ажиллаж эхлээд онолоос практик маань маш хол байдгийг ойлгож, илүү ихийг сурч ойлгохыг хүсэж мэргэжил дээшлүүлэх курс, хичээл, англи хэл гээд юм юманд л ажлынхаа хажуугаар явдаг байв. Сарын 2300 төгрөгний цалинтай би яаж ажиллавал ганзагын наймаа хийж байгаа улсаас илүү мөнгөтэй болох вэ, гэхдээ эмчээрээ үлдэх боломж байгаа эсэхийг их л хайдаг байж билээ.
Муу ч, сайн ч багаасаа орос сургуульд сурч, бас ч үгүй огтын өвөрмөц хэлийг сурч, англи хэлээ сайжруулсан би арлын Япон Улсад мэргэжил дээшлүүлэх курст бүртгүүлсэн ч тэнхмийн хурлаар ороход "Ахмад багшаа явуулах уу?" гэхэд нь "Тэг ээ" гээд л больж байлаа.
Одоо бол амбийц ихтэй залуучууд "Та хөгширч үхэх гэж байж яадаг юм, чадаж байгаа юманд аргагүй" гээд л явах байх даа…

Гэвч эрэл сурлыг тависаар нэг л өдөр Европын өндөр хөгжилтэй оронд эхлээд амралтаар явах бас далимаар нь сургуульд суралцах боломжтой талаар судлах саналтай ирсэн юм. Очсон өдрөөсөө л эмчээ хийвэл болох уу? Анагаахын сургууль нь ямар байдаг бол? Манай анагаахтай харьцуулбал ямар байх бол? Ямар ямар факультет байдаг гээд л сонирхож эхэлсэн боловч Монгол Улсын маань Анагаахын дипломыг байтугай Монгол Улс гэж хаана байдгийг ч бараг мэддэггүй улсууд болох нь тодорхой болж, юун нөгөө эмч хийх, сурах, эхлээд хэл сурах, дараа нь дипломны дагуу (дипломны хавсарга дээр бичсэн хичээл түүний дүн, сурлагын дэвтэр)-ийн дагуу шалгалт өгч мөн энд байх анагаах, Монголын анагаахын хичээлийн программыг хооронд нь харьцуулах гээд 80 мянган ажлыг бичиг цаасны хамтаар надад тайлбарлаж өгөв.

Тэрхэн үедээ энэ улсын хууль нь ийм байдаг юм байлгүй гэж бодсоноос биш хүний бие организм хар, шар, Европ, Ази гээд хүний бие л бол бие шүү дээ, ялгагдах юм байхгүй шүү дээ гэж бодож байлаа.
Хэл сурч Улаанбаатарт ирээд Анагаахын архиваас книжкагаа олуулж орчуулаад, хичээлийн программыг авчирч эндхийн сургуультай харьцуулж, 10 жилийн сургууль төгссөн гэрчилгээгээ баталгаажуулж явсаар нэг л мэдэхэд тэвэр дүүрэн хавтас хэрэгтэй болж, өргөдөл гарган өгснөөр шалгалтад орох эрхийг авлаа.
Дөрвөн өдөр үргэлжилсэн шалгалтад хоёр өдөр онол, хоёр өдөр практикийн шалгалт өгч хэдий анагаахаа мундаг төгссөн ч энэ улсынхаа Анагаахын гуравдугаар курст дахин суралцах эрхийг олж авлаа.
Дахин дахин асуусан боловч "Ийм юм аа. Манайхаас өөр газар сургууль төгссөн бол заавал ийм системээр явдаг юм аа" гэх нь тэр.  
Гуравдугаар курст нь над шиг гадны гэсэн тэмдэгтэй эмч нар нэлээд олон байх агаад ихэвчлэн Төв Азийн, Орос, Украины, Латин Америкийн эмч нар оюутан цагийн нас өнгөрсөн ч олгогдож буй боломж нь энэ юм гэсэн шиг хувь тавилантайгаа эвлэрчихсэн улсууд явдаг байж билээ.

Монголчууд хэлний гайхалтай авьяастай, угаасаа ажилсаг улсууд тул суралцахын хажуугаар ажиллаж, нэгэнт эмчийн ажил хийж болохгүй тул хэлний боломжоо ашиглан тэр үед Улаанбаатарт төлөөлөгч нь байдаг байсан ТАСИС-ын офис энэ тэрд нь орж, яваандаа Монголдоо төсөл хэрэгжүүлж ажиллах болов.
 Энэ үеэс л Европын холбоо, Европын хууль дүрмийг ажлын нөхцөл байдлаас шалтгаалан судлах, унших, тогтоох шаардлагатай болж ирсэн юм. Улмаар анхны бие даасан ТАСИС твиннинг хөтөлбөрийн дагуу Францын нэгэн хотыг Монголынхоо нэгэн аймагтай хөдөө аж ахуй, газар тариаланг нь судлаж байгаад холбож, улмаар төсөл болгон Европын холбооны харьцсан байгууллагад бэлдэж өгсөн юм.
Хэдийгээр анхдугаар, мөн мэргэжлийн бус байсан ч өөрөө дотроо бол өөрийгөө овоо юм уу гэж дүгнээд хариу хүлээн чих тавин явсаар нэг өдөр л албан хариуг захиагаар авсан нь миний төслийг дэмжиж төсвийг нь гарган баталсан явдал байлаа.

Тэр үедээ 27-хон настай анхны төслийн удирдагчаар Европын хүмүүсийг удирдаад ажил хийнэ гэдэг маш их тэвчээр, өндөр шаардлага, эмх цэгц, зохион байгуулалт шаардсан ажил гэдгийг ойлгож хичээн байж ажиллаж билээ.
Ажиллан төсөл хэрэгжүүлж, сургуулиа төгссөнөөр энэ улсад нэлээд хэдэн жил болж, туршлага сууж юм юманд дөртэй болсон юм.
Мэргэжил талдаа хувийн кабинет, эмнэлэг байхгүй хүн энд тэндхийн эрүүл мэндийн төвд, амралтад явсан эмчийн оронд, жирэмсний амралттай хүний орон тоон дээр гээд болохоос болохгүйг нь хүртэл ажиллаж үзлээ.
Харин Европын холбооны талаар илүү ихийг сурмаар санагдаж, ЕU Policy and EU LAW гэсэн миний мэргэжлээр огтын хамаагүй сэдвээр МВА-д суралцахаар шийдэж, Европын холбооны гайгүй гэсэн сургуульд ажлын хажуугаар оройгоор хоёр жил сурч төгсөв.

Энэ хооронд Европын парламентаас зарласан Европын парламентад ажиллах зарчмыг олж судлаад улмаар бүртгүүлэн бас тэнцэж, Төв Азийг хариуцсан Европын парламентын гишүүн, Франц Улсаас сонгогдсон эмэгтэйтэй ажиллах сайхан боломж олдсон юм.
Европын холбооны хувьд Ev.Commissi, Ev.Consul, Ev.Parliament гэсэн үндсэн гурван багана байгууллага байх ба Ev.Commissi маань хуулийг өргөн барьдаг, Ev.Consul хэлэлцэж зөвшилцдөг, мөн Ev.Parliament нь хуулийн боловсруулалтаас харж байж шийдвэрийг гаргадаг, хуулийг баталгаажуулдаг газар юм. Нэг хуулийг өргөн барьснаас хойш нийт 5-7 жил хэлэлцэж байж баталдаг болохыг нь мэдэж, ёстой л нөгөө долоо хэмжиж нэг огтолдог улсууд юм даа гэж бодож билээ.

Угийн орос хэлтэй тул Төв Азийн улсууд гэдэг маань Узбекистан, Киргизстан, Казахстан, Гүрж гээд хуучин соц 15 улс орох тул орос хэл маань өдөр тутмын ажилд маш их хэрэг болсон юм.
Монгол Улс маань мөн энэ бүс нутагт хамаарагддаг боловч тэр бүр Монголоос хүмүүс ирээд байдаггүй үе байв. Гэхдээ сайд, дарга, төлөөлөгчид, мэргэжил дээшлүүлэх гээд олон олон салбарын төрөл бүрийн улстай холбогдож, аль болох л туслах дэмжих тал дээр цаг зав гарган явдаг байлаа.
Ev.Parliament-ын дадлагын ажил ч дуусаж, гишүүний маань ч сонгогдсон хугацаа өндөрлөж байсан тул хамтарч сайхан ажилласан явдалд баярлаж, мөн анхны монгол хүн Ev.Parliament-ад дадлага хийсэн ажлыг онцсайн дүнтэй дуусгасан тул "Discover Mongolia" гэсэн үндэсний гишүүн маань 100 хувь дэмжиж нийт 550 гаран хүн ирж, Ev. Parliament-ын гишүүд нэг оройг Воrte хамтлагийн ятгын уянганд, бууз, хуушуур, цуйван, сүүтэй цай гээд монгол зоог амтлан монгол ёсоор үдшийг өнгөрүүлж билээ.

Ev.Parliament-ын гишүүдийн өмнө үг хэлж, улсынхаа төрийн дууллыг сонсож, улмаар ятгын дууны үргэлжлэлийг сонсохдоо монгол хүн болж төрсөндөө баярлаж, хамар маань өөрийн эрхгүй шархирч байж билээ.
Ev.Parliament дахь ажлаа дуусгаад өөрийн гэсэн компани байгуулж, түүндээ хүчээ сорин эмнэлгийн болон бусад салбар дээр Европ, Монголыг холбосон төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэн ажиллавал маш сонирхолтой санагдаж, одоо нийтдээ 13 жил дараалан энэ компанидаа зүтгэнэ, анх гурвуулаа байсан бол одоо 11-үүлээ болсон доо. Эмч, хуульч, инженер гээд манай компанид Монголыг дэмждэг мундаг улсууд бий.

Тэр үед нэгэнт сэтгэл шулуудаж, хөрөнгө гарган компаниа албан ёсоор байгуулж, татвар төлж эхэлсэн тул аль болох ажилдаа шамдаж ажиллах нь чухал болсон юм. Европын холбооноос зарлагддаг төслүүдээс гадна өөр сан, банк, улсын гээд бүх л боломжийн хувилбарыг судалж, унших юм маш их, бичих юм их, цаг зав үрэгдэх нь их ч гарах үр дүн нь надад маш чухал байлаа.
Мэдээж, мэргэжлийн тал дээр илүү түлхүү ажиллах сонирхолтой ч Монгол Улсыг дэмжих төсөв гаргах байгууллага тэр бүр байдаггүй, зарлагддаггүй байсан тул боломжтой гэсэн төслийн материалтай танилцаж, улмаар УБ, Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулж байж материалаа бэлдэж өгдөг байлаа.

ТАСИС твиннингийн дараа бид Tempus IMG буюу Erasmus Mundus гэсэн EU fund-аас Монголдоо Европын холбооны их, дээд сургуулийн солилцоог дэмжих үүндээ зөвхөн мастер чиглэлд суралцаж байгаа хүмүүсийг аль болох боломжийн үнээр сургах сургалтыг сурталчилахаар оролцож, энэ шугамаар төслөө батлуулж чадав. Улмаар Эдийн засгийн дээд сургууль анхны туршилтын төслийг хийхээр Европ талын төслийн хамтрагчтай 2003 ондоо очиж ажлаа эхлүүлж байв.
Энэ төсөл анхдагч байсан тул бид тэр үеийн Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголд бүртгэгдсэн бүх их, дээд сургуулиар орж сургалтын алба, гадаад харилцааны салбарт мастер курсын харилцан солилцоо ямар ямар улстай явагддаг, ямар программтай байдаг гээд олон судалгааг хийж ирсэн юм.
Тэр үед олон хувийн сургууль нээгдэж, зарим нэг нь огтын шаардлага хангахгүй, зарим нэг нь туршилтын хэлбэрээр гарч ирж, кредит систем рүү дөнгөж шилжиж байсан үе болохоор бидний хувьд бас тэр болгон мастер сургалтыг танилцуулаад байж болохгүй байлаа.

Европын хувьд бол хэрэв англи хэлний шалгалтад тэнцсэн, эсвэл тэр орны хэлээр сайн ярьдаг, тодорхой зорьсон сургалтад мастер шатанд 1-2 жил материалаа заасан хугацаанд бүрдүүлээд өгвөл сургалтын хөтөлбөрийг харьцуулж байгаад бакалавр зэрэглэлийн дундаж үнэлгээ хүрч байвал европ оюутны нэгэн адил мастер сургалтад бүртгэн авч төлбөрийн хувьд ч Европын оюутнуудын төлдөг төлбөрөөр суралцдаг юм. Энэ нь жилдээ Европын улсын сургуульд бол 835 евро буюу цэвэр сургалтын мөнгө, мөн ном, сурах бичиг, оюутны байр гээд ерөнхийдөө жилдээ 5000 еврод багтдаг. Үүнд, бас зарим сургууль, курс тэтгэлэг зарладаг тул Монголтой харьцуулахад боломжийн.

Төслийн явцад бид Монголд Боловсролын яамны сайдаас авахуулаад их, дээд сургуулийн захирал, сургалт хариуцсан алба гээд нэлээд олон улстай уулзаж байхад бүгд л хүүхдээ, эсвэл авгайгаа гээд Европт мастер сургалтад аль болох үнэ төлбөргүй суралцуулах талаар илүү их сонирхож байснаас уг төслийн материалтай танилцаж, сургуульдаа нэвтрүүлэх талаас нь асууж буй хүн ховор байсанд бид их гонсойж билээ.
Нэгэнт Европын холбооны төсөв, хөрөнгө мөнгө гарч байгаа тул төслөө төлөвлөгөөнд заасан ёсоор дуусгаж, буцаж ирэн явсан ажил, уулзсан хүмүүсийн дүгнэлтийг, төсөв зарцуулалтын хамтаар Европын холбооны аудитын газар гарган өгч улмаар цаашид үргэлжлүүлэх боломжтой, өө дутагдалтай байгаа, яагаад үргэлжлүүлж болохгүй талаар тодорхой илтгэл бичиж өгсөн.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment