Sunday, July 24, 2016

Орос залууд Токиод тохиолдсон ер бусын адал явдал-2


Үргэлжлэл. Өмнөхийг ЭНДЭЭС...
Тэр Эзэн хааны гэр бүлийн ивээлээр эмч болсон юм. Тэр 1945 онд Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг анагааж байсан бол хожим Жак Ширак, Майкл Жексоныг ч эмчилж байв. Тэр Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас 100 сая иенийг шүүхдэлцэн авч чадсан. Тэр бол Японд үлдсэн хамгийн сүүлчийн "хөгшин оросуудын" нэг - Евгений Аксенов эмч байлаа.ОРОСЫН ЯПОН
- Дайны үеэр та юугаар амь зуудаг байв? Танд тусалдаг байсан уу?
- Аавын өгч явуулсан мөнгийг би шууд л банкинд хийсэн. Гэвч дайны инфляциас болж тэр мөнгө зүгээр л хайлж байв. Тэгтэл надад Японы жандармын нэгэн төлөөлөгч ирээд "Бидэнд ЗХУ руу мэдээ явуулах хүн хэрэгтэй байна. Байлдааны талаарх мэдээ унших болно" гэж хэлэв. Тосгоны нэгэн ноорхой байшингаар халхавчилсан тэдний нууц радиостанц Токиогоос нэлээд хол Коносуд байрладаг байлаа. Гэтэл би сурах хэрэгтэй байдаг. Хурдан галт тэрэг тэр үед байгаагүй. Цөцгийн тосны таван фунтаар сэтгэлийг минь татав-цалингаас гадуур шүү дээ. Над шиг ийм нөхцөлд амьдарч байсан хүнд татгалзана гэдэг амаргүй хэрэг байв. Ингээд намайг Японд батлан даасан гүнтэн рүү очив. Би сурах хэрэгтэй байна, гэтэл энэ ажил надад тохирохгүй байна гэж хэлэв. Тэр ч тэдэнтэй ярилцаад улмаар өнөө жандармууд надад хандаж: "Та бидэнд кинонд тоглож өгөх хэрэгтэй. Америк, англи гээд бүхий л дайсны тагнуулчийн дүрд" гэдэг юм байна.

Ингэж би жүжигчин болсон, нэлээд олон кинонд тоглосон. Үнэндээ би нэгийг нь ч үзээгүй, юуг нь ч үзэх билээ. "Хар усан онгоц" кинонд командлагч Перрид тоглосон. Юраку-за театрт намайг хог новшоор шидэж, олон түмэн хашгирч зандчиж байлаа. Сингапурыг ч би япончуудад "барьж өгөхөд" хүрсэн. Сингапурыг эзэлсэн генерал Ямасита гэгч байсан. Тайзан дээр тэр надад "Яриад байх юм алга. Yes or No?" гэхэд үзэгчид нижигнэтэл алга ташина. Би ч тэр даруйд "Яриад байх юу байхав. Мэдээж Yes, миний цэргүүд одоохон ухарна" гэж хариулна. Энэ өгүүлбэрийг хэлэхэд япончууд сэтгэл ханамжаасаа болж хөлөөрөө дэвсэлдэг байлаа. Харин надад сургалтынхаа төлбөрийг л олж байвал болоо. Би чинь тун тарчигхан амьдардаг байлаа шүү дээ.

- Тэр үед Японд олон орос байв уу?
- Токиод оросуудын томоохон колони байдаг байв. Бараг л зуугаад гэр бүл. Бүгд гол төлөв Гэгээн Николайн сүмд цуглардаг байлаа. Тэнд Японы үнэн алдартны шашинтнууд байдаг байв. Хувьсгалаас өмнө Орост боловсрол эзэмшсэн тэд орос дүрвэгсдэд тусалдаг байлаа. Бүх оросууд, бүр онцлоод хэлье, оросууд бүгдээрээ маш сайн ажил төрөлтэй болсон. Гол төлөв Оросын сэхээтнүүдийн төлөөлөгчид байсан тэдний дунд дуу, хөгжим, балет, орос хэлний олон сайн багш нар байв. Бусад нь цагаан армийн бутархайнууд. Янз бүрийн мэргэжилтэй, гэхдээ тэд бүгд тэнд дасан зохицож өөрсдийгөө "Варшавын оёдолчид" гэж нэрийдэх болов. Бүх зүйл тун амархан: бөөний агуулахаас зээлээр хувцас аваад, хэмжигч, хайч гээд бусад оёдолчны хэрэгслээр өөрсдийгөө зэвсэглээд улс орноор хөндлөн гулд явж наймаа эрхэлнэ. Японд тэр үед кимоногоос европ хувцас руу шилжиж байсан ид үе байв. Эмэгтэйчүүд нь өөрсдийгөө францчууд гэж нэрлэж байгаад л үнэртэн, гоо сайхны бараа зарна. Маш амжилттай. Тэр байтугай "Channel-№5" духи хүртэл байсан.

Оросын энгийн эмэгтэйчүүд Японд анх удаа зээлээр борлуулдаг системийг олов. Кандад бүр хувцас, гоо сайхны барааны 43 орос дэлгүүр байсан гээч. Ихэнх нь бөмбөгдөлтөнд шатаж үгүй болсоон. Тэр үед Америкийн флотынхон туслахаар ирж, орос цагаачдад Америк руу үнэгүй хүргэж өгөхийг санал болгож байсан. Тэр байтугай хөл дээрээ босох багагүй мөнгө хүртэл өгсөн. Зарим нь явсан бол зарим нь сүйрлийг үл тоон Япондоо үлдсэн юм. Оросууд англи хэл мэдэхгүй, харин Японд бол дассан, хүүхдүүд нь ч япон сургуульд сурч байсан. Миний найз домогт бейсболч Виктор Старухинд ч АНУ руу явахыг санал болгож байсан ч тэр Японд үлдсэн юм. Харин түүний хүү Америк руу яваапд хаа нэгтээ сураггүй болчихсон. Энд Америкийн цэргүүд ирэхэд оросууд маш том тусламж авч байсан. Макартурын 8-р армид орос гаралтай америкчууд олноороо байв. Японд тэр үед Оросын колони бараг гуйланчлалд ороод байхад америкчууд их тус болсон билээ.

ДҮҮЖЛҮҮЛЭХИЙН ӨМНӨ
- Харин танд юу тохиолдсон хэрэг вэ?
- Миний хувьд бүх зүйл хялбархан. Намайг эхлээд Макартурын штабт гол орчуулагчаар томилов. Тэр үед би анагаахын хоёр бил үү гуравдугаар дамжаанд суралцаж байлаа. Тэнд би америк эмч нартай танилцсан. Тэдний нэг нь надад" Та чинь галзуурчихаа юу? Орчуулагчаар ажиллах гэж? Та анагаахын боловсролтой, эмнэлэг рүү яваач" гэж билээ. Ингээд намайг Америкийн цэргийн ерөнхий эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Номын санчаар ажиллаж, лабораторид шинжилгээ авч, задлан шинжилгээ хийхэд тусалдаг байлаа.

Нью-Йоркийн хавдрын эмнэлгийн доктор, Америктаа маш алдартай мэргэжилтэн миний дарга байв, тэр үед. Тоног төхөөрөмж гэж янзтай, сайн ч хооллодог байв. Дараа нь цэргийн гэмт хэрэгтнүүдийг баривчилж Сугамо шоронд суулгасан. Олонхи нь хэдийнэ хөгширсөн, өвчтэй хүмүүс байсан бөгөөд манай эмнэлэгт ирдэг байлаа. Тэдэн рүү япон эмч нарыг ч, орчуулагч нарыг ч ойртуулдаггүй байв. Тиймээс тэнд бас л миний хэрэг болсон. Сургуулийнхаа хичээлийг таслахгүйн тулд би шөнийн ээлжинд ажиллахыг хичээж байлаа. Цалин ч сайн авдаг байв.

- Тэдний дунд дүүжлүүлэх ял авсан А зэрэглэлийн гэмт хэрэгтнүүд байсан биз?
- Тийм ээ. Маш олон сонирхолтой хүмүүс байсан. Квантуны армийн генерал, Солонгосын жанжин сайд, Ерөнхий сайд Коисо гээд л. Түүхэнд орсон бас нэг генерал Умэзу ч байсан. Тэр чинь хөлөг онгоцны тавцан дээр бууж өгөх тухай тушаалд гарын үсэг зурсан юм шүү дээ.

- "Миссури" хөлөг онгоц уу?
- Яг тийм. Бас Мацуи Иванэ гэх генерал байсан. Үнэн алдартны шашинтан. Энэ шашинд орохдоо Иван нэртэй болсон. Иванэ гэдэг нь япон руу орчуулсан нэр нь. Тэр Хятад дахь цэргийн ерөнхий командлагч байсан. Нанкиныг эзэлж байсан. Нанкин дахь аймшигт аллагын талаар та сонсч байсан уу? Энэ тухай "Зюкей" гэж кино ч бий, би тэнд тоглосон. Нанкин дахь тэр аллагаас болж түүнийг дараа нь цаазалсан юм. Дүүжлүүлэхийн өмнөхөн бид түүнтэй ярилцдаг байлаа. Тэр маш сонирхолтой хөгшин байв. Францад боловсрол эзэмшсэн, олон Элчин сайдын яамдуудад атташегээр ажилладаг байсан. Бас алдарт Мацуока Ёсукэ, Гадаад хэргийн сайд. Ширатори гэх Герман дахь Элчин сайдаар ажиллаж байсан нэгэн ч тэнд байсан. Түүний хүү саяхныг хүртэл Германд Элчин сайдаар ажиллаж байсан, тэгээд бөөн дуулиантайгаар албан тушаалаа орхисон. Сонссон уу? Бүх цагаан арьстнуудыг устгах хэрэгтэй гэж үздэг байсан гүн ухаантан, улс төрийн зүтгэлтэн Окава Сюиэй бас байсан.

Чухам тэр шүүх хурал дээр Тозег Японыг ялагдахад хүргэсэн хэмээн халзан толгой руу нь цохиж байсан юм. Энэ явдал түүнийг япончуудын дунд тун алдартай нэгэн болгосон бөгөөд америкчууд түүнийг цаазлахгүй байхаар шийдсэн юм. Сэтгэцийн өвчтэй гэж япон эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Тэр тархины тэмбүүтэй байсан. Би түүнийг шалгахаар очдог байсан, эхнэртэй нь ч уулзсан. Хэдийгээр өвчтэй байсан ч тэр коран судрыг япон руу орчуулсан, харин америкчуудыг явсаны дараа түүнийг эмнэлгээс гаргаж тэр маш удаан амьдарсан. Тэд бүгд л миний өвчтөнүүд байсан. Би бараг өдөр болгон эмнэлэг дээр уулздаг байв. Өөр тэнд хэн байсныг би тогтоогоогүй ээ. Тэдний тухай хожим нь дурсамж бичиж, судалгаа явуулна гэдгийг би яаж мэдэх билээ дээ.

ӨӨРСДИЙНХНИЙХӨӨ ДУНД ХАРИЙНХ
- Дайны дараа та Японы албат болсон уу?
- 1945 оноос хойш би америкчуудаас цалин авдаг болсон. Надтай хамт суралцдаг байсан япончуудаас би арав дахин их хөлс авна. Тиймээс надаас Японы албат болохыг шаарддаггүй байв. Тэгээд ч намайг үнэ цэнэтэй боловсон хүчин гэж үздэг байв. Олон хэл мэддэг учраас. Бүх оросууд болон Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтнууд Холбоотны цэргүүдийн төв эмнэлэг гэх нэг л газарт эмчлүүлдэг байв. Намайг тэр үед орчуулагчаар дууддаг байв. Дайны үеэр бид бүгд шатсан. Тиймээс америкчуудыг явсны дараа хаа нэгтээ амьдрах хэрэгтэй байв. Манжуурт би очих боломжгүй байв. Тэнд зөвлөлтийн цэргүүд байрлаж байлаа. Тэгээд би Төвд буюу Аоямад томхон газар худалдан авав. 1949 онд Энэтхэгээр дамжиж, миний эмчилж байсан Элчин сайдын тусламжтайгаар наашаа дүрвэн ирсэн эцэг, эхтэйгээ тэнд амьдрах болов.

- Танай эмнэлэг байрладаг газар бас л таных уу?
- Урьд нь энэ газар илүү том байсан юм. Том цэцэрлэгтэй. Үүгээр бас трамвай явдаг байлаа. Барилга маань Лондонгийн харшийн хуулбар юм. Энд Японы нэгэн банкны эзэн амьдардаг байлаа. Би Америк эмнэлэгт ажиллаад, дараа нь ер нь би яагаад "авга ах"-ын төлөө ажиллах ёстой гэж гэж бодов. Ингээд тэндээс холгүйхэн өөрийн эмнэлгийг байгуулсан. Тэгтэл нэг удаа Токарев Алексей гэгч Колчакийн унтер офицер над дээр ирдэг юм байна. Ямар ч боловсролгүй тэр эхлээд "Варшавын оёдолчин"-оор эхэлж, үүгээрээ их мөнгө олсон. Ингээд надад энэ газрыг түрээслэхийг санал болгосон. Намайг үхвэл бүх зүйл танд үлдэнэ гэнэ. Гэхдээ нэг болзолтой: намайг үхэн үхтэл та асарч, эмчилж, бас түрээсээ төлөх ёстой гэнэ. Дөрвөн жилийн дараа тэр нас барсан, би түүнийг оршуулж бүхнийг зохих ёсоор нь хийсэн. Тэр ч бүх зүйлээ надад шилжүүлсэн тухай гэрээслэл үлдээсэн.

Би түүний өмнөөс зуун сая иений татвар төлөх ёстой болсон. Бүх зүйл сайхан байсан боловч гэнэт Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас надад "Манай оросууд газар эзэмших эрхгүй. Бүх зүйл улсад хамаарагдах ёстой" гэлээ. Токарёв та хоёрын гэрээ Оросын хуулиар бол хүчингүй гээд намайг шүүхэд өгөв. Ингээд л надад Японы албат болох хэрэг гарав. Гэвч би хэнийг ч гомдоохгүйн тулд "Алив, залуус аа. Энэ газрыг ав. Надад тэгээд зуун саяар зарчих" Татварт зуун саяыг төлсөнтэй яг адилхан шүү дээ" гэж санал болгов. Гэтэл манайхан "Өө үгүй, манайд Венийн конвенци бий /Дараа нь тэд энэ конвенцид гарын үсэг зураагүй гэдэг нь тодорхой болсон юм/" гээд зөвшөөрсөнгүй.

Ямар нэг юмнаас айсан уу, яасан. Эсвэл хэн нэг консулд нь намайг зуу биш зуун тавин саяыг өгчихнө гэж бодож байсан ч байж магадгүй. Ер нь бол арван жил үргэлжилсэн шүүхийн шийдвэр тэдэнд таатайгаар эргэсэнгүй. Токарёвын гэрээслэлд бүх зүйл хууль ёсны байсан тул Японы шүүхээс газар минийх гэж тогтов. Би манай Элчин сайдын яамны залууст хэлж байсан шүү дээ. Оройтоогүй дээрээ зөвшөөр өө. Учир нь надад энэ хэрэг дээр япон найзууд минь тусалж байгаа. Тэр шугамаар л би Японд ирж байсан гэж.. Үгүй шүү. Ингээд тэд шүүхийн бүх зардлыг төлөх болов. Тэр нь бараг 80 сая. Хэрэв зөвшөөрсөн бол өөрсдөө зуун саяыг авах байлаа. Би бас ахин нэг удаа Зөвлөлтийн Элчин сайдын яамтай шүүхцэлдсэн юм.

Энэ бол 60-аад оны дундуур, Токарёвын хэргээс өмнө. Энд нэгэн баян чинээлэг еврей бүсгүй амьдардаг байлаа. Шиферблат гэх нэртэй тэрээр миний гар дээр амьсгал хураасан билээ. Тэрээр надаас эд хөрөнгөө захиран зарцуулаарай хэмээн гуйсан билээ. Ингээд таван саяыг шинэ сүм барихад, ахин таван саяыг Токио дахь Москвагийн хамба ламтаны сүмийн хэрэгцээнд зарцуулахаар тэр гэрээслэв. Элчин сайдын яамны өмгөөлөгч "Та захиран зарцуулах эрхгүй, тиймээс татгалз" гэж ирээд л намайг буруутгаж байлаа. Би яаж зүгээр суухав. Бас л ялсан. Гэвч энэ бүхний дараа тун таагүй уур амьсгал үлдсэн юм..

- Оросын клуб юм уу нийгэмлэг байсаар байгаа юу?
- Үгүй ээ, клуб хэдийнэ байхаа больсон. Хуучин удирдлагаас зөвхөн би, бас хэдхэн хүн л үлдсэн. Хамбатны сүмд амралтын өдрүүдээр цуглаж, хооллодог. Америкчуудад ажиллаж байсан болон бусад хүмүүст нийгэмлэг маань хуваагдсан. /Тэдэнд оросуудтай ажиллах нь ашиггүй байв/ Олонхи нь Зөвлөлтийн паспорт авсан. Гэхдээ би цаг ямагт өөрийгөө орос гэж боддог. Надаас асуусан хүн бүхэнд би орос хүн гэж хэлдэг. Бас Орост үе үе очдог. Сүүлийн үед жилд хоёр удаа очиж байгаа, гэр бүлтэйгээ, хүүтэйгээ. Москвад надад олон танил бий. Саяхан бас Хятадад очиж бүр багадаа нас барсан том ахынхаа шарилыг олсон.

Манай байшин байсан тэр газруудад очсон. 1924 онд төрсөн Яблоня өртөө байсан газарт очсон. Дараа нь Хятадын Засгийн газрын урилгаар Хятад-Японы найрамдлын 30 жилийн ойг тохиолдууулан бас ахин Хятадад очиж билээ. Бээжинд урьд өдөр нь Путины бууж байсан тэр л байранд байрласан. Хүлээн авалтыг тэд парламентын байшингийн өмнө улаан хивсний ёслолоор эхлүүлсэн. Би япончуудын төлөөлөгч болж японоор үг хэлсэн. Тэгтэл Кизумиг тэд уриагүй юм. Учир нь тэр А зэрэглэлийн цэргийн гэмт хэрэгтнүүдийн үр хойч нь залбирал үйлддэг Ясукуни сүмд очсон гэж тэр. Би тэдэнд хандаж "Хятадууд та нар агуу их үндэстэн. Та нар хамгийн аз жаргалтай ард түмэн. Учир нь та нар өдөр болгон дэлхийн хамгийн амттай хятад хоолыг идэх боломжтой байдаг" гэж хэлж билээ.

- Та эх орондоо эргэн очино гэж бодож байгаагүй юу?
- Юу гэж? Очихыг завдалгүй яахав. Зөвлөлтийн паспорт авч, ээжтэйгээ Москва руу нүүхийг хүсч байсан. Тэнд ах маань ч олдсон байсан. Нэлээд их мөнгийг Внешторгбанкинд хүүтэйгээр хадгалуулсан. Энэ ЗХУ задран унахаас өмнө юм шүү дээ. Харин эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсэхэд мөнгөө буцааж авахаар шийдсэн. Тэгтэл намайг анх удаа баривчилдаг байгаа.

- Юу гэсэн үг вэ?
- Мюнхен дэх хамаатныдаа зочилсоны дараа бид Чехословакаас гэр бүлээрээ усан онгоцоор харьж явлаа. Ээж, эхнэр /Кэйко Окуда, гэр бүл болсны дараа Катя гэгдэх болсон/, хүү Николай нартайгаа. Хүү маань одоо том бизнес эрхлэгч болсон. Кобэд өөрийн гэсэн пүүстэй, "Алмаювелирторг"-той хамт ажил хэрэг явуулж байгаа. Түүнчлэн Оростой газрын тосны наймаа хийдэг...

Ингээд Ленинградад буулаа. Тэгтэл гурван дүрэмт хувцастай хүн дөхөөд ирэв. Дагаад яв гэж байна. Хаашаа ч юм очив. Нэг л таагүй өрөөнд оров. Надаас байцаалт авч байна. Та Зөвлөлтийн эсрэг ухуулга сурталчилгаа явуулдаг, америкчуудын талд ажилладаг гэж тулгаж байна. Хаанаас газар, бас мөнгөтэй болдог юм бэ гэнэ. ТТГ-тай хамтран ажилладаг уу? Бүгдийг ярь, хэргээ хүлээ гээд зургаан цагийн турш зовоов. Дараа нь нотлох баримт хангалтгүй гээд суллав. Москвад очоод би Тагнуулын удирдах газрын дарга дээр очив. Генерал ч уучлал гуйсан юм.

- Мөнгөө авч чадсан уу?
- Эхлээд банк надад иен байхгүй тул доллараар авна уу гэж хэлсэн. Авлаа. Шереметьевод очоод намайг бас л саатуулав. Арван мянгаас дээш авч гарч болохгүй гэнэ. Гэтэл надад зөвшөөрлийн бүх бичиг баримт, төв банкны магадлагаа хүртэл байсан шүү дээ. Онгоц ч хүлээхгүй нь мэдээж. Бидэнд мөнгөө үлдээ гэнэ. Би ч үгүй гэлээ. Ер нь бол авч чадахаа л авч гарсан. За яахав, намайг танил маань үдэн гаргаж байсан, би түүнд үлдээсэн. Тэр ч үнэнч нэгэн байв. Хожим тэд намайг саатуулах эрхгүй байсан, би бүгдийг дүрмийн дагуу авч гарах боломжтой байсныг мэдсэн. Мэдэхгүйг нь далимдуулж дээрэмдэх гэж л дээ. Одоо Орост ямар ч хадгаламж, эд хөрөнгө эзэмшдэггүй. Надад орос хүмүүс, тэр дундаа настайчууд их өрөвдөлтэй санагддаг. Хэдэн удаа тэднийг ийн дээрэмдсэн бол. Хөөрхий хүмүүс, ядуу, бас ийм оронд амьдарч байх гэж...
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment