Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж мэдэхээр байна
10 минутын өмнө

МАН УИХ-ын сонгуулиар 65 суудал авч, богинохон хугацаанд Засгийн газраа бүрдүүлж дууссан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим ажилдаа яаравчлан оров. Гэвч өнөөдөр "будаг нь ханхалсан" УИХ-ын гишүүд улсын төсөв бичиг хэргийн зардал үгүйн улмаас өөрсдөө бичгийн цаас, бас бус зүйлээ хувийнхаа мөнгөөр худалдан авч байгаа гэнэ. Улсын данс улайж, ямар хүнд бөгөөд ичгэвэртэй байдалд орсон нь ганцхан энэхүү жишээнээс тод харагдах биз ээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын хоёр компанийн нэг нь өнөөдөр хаалгаа барьж, ирэх жил орж ирэх төсвийн таван төгрөг бүрийн дөрөв нь гадаад өр, зээлэнд төлөгдөхөөр байгааг онцолж, Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг дахин мэдэгдэв. Олон улсын валютын сангаас бага хүүтэй зээл авч түр зуур хуваарийн дагуу төлөх ёстой фондын зээлийн эхний ээлжийн төлбөрийг хийж нэг хэсэг санаа амрах авч цаашид байдал улам хүндэрнэ хэмээн эдийн засагчид үзэж байна.
Хүндхэн Засгийн газрыг хүлээж авсан Ж.Эрдэнэбатын хувьд дөрвөн жил тогтвортой ажиллах эсэх нь эргэлзээтэй болжээ. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус намын дарга М.Энхболд улс төрийн албан тушаал буюу намын даргынхаа ажлыг өгч, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч болсон тохиолдолд намаасаа татгалзахад хүрэх юм. Тиймээс ирэх хавар МАН-ын ээлжит бус Бага хурлаар МАН-ын шинэ даргыг тодруулах гэнэ. Харин одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргад өрсөлдөх нь тодорхой бөгөөд УИХ дахь М.Энхболд даргын талыг баримтлагч 45 гишүүн өөрсдийн фракцийнхны хамт түүнийг намын даргад нэр дэвшихэд дэмжих нь тодорхой. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайдын суудлыг зүүдэлж байсан Шадар сайд У.Хүрэлсүх мөн л одооноос хүчээ базааж байгаа гэнэ. Хэрэвзээ У.Хүрэлсүхийн фракц буюу Зүүний хүчний холбооныхон идэвхтэй ажиллаж чадвал хямралын үед засгийн ажлыг явуулж буй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдлын суудлаас түлхэн унагах операци амжилттай хэрэгжиж мэдэх юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жамыг М.Энхболд дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд зөрчсөн болохыг тус намын идэвхтэй гишүүдийн нэг болох Ө.Энхтүвшин чуулганы танхимд шүүмжилж байсан билээ.
М.Энхболдын хувьд Ерөнхийлөгч болохын тулд бүхнээ дайчилж байгаа бөгөөд Засгийн газар болон нийслэл хотын бүхий л томоохон удирдах албан тушаалд өөрийн хүмүүсээ байршуулсан нь намдаа үнэнч зүтгэсэн гомдогсдын уур хилэнг барж буй. Тэд Бага хурлаараа У.Хүрэлсүхийг дэмжих нь тодорхой бөгөөд үүнээс харвал Ж.Эрдэнэбатын Засгийн газар ердөө нэг жилийн настай байж мэдэхээр болов. Тэгсэн тохиолдолд ирэх жилийн наадмын өмнө Засгийн газрыг унагаж мэдэх бөөн бужигнаан болж, АН-ынхны засгаа унагаж тоглодог байдлыг МАН-ын давтаж мэдэхээр байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment