Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин өргөн барьжээ
25 минутын өмнө

Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн байна. Уг нь 2016 оны тавдугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлэхээр байсан ч уг хуулийг Засгийн газар буцааж татсан билээ. Учир нь Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсантай холбогдуулан дагалдаж гарсан таван хуулийг мөн хойшлуулсан юм.
Ингэснээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг гишүүдээс шаардсан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын 26 дугаар тогтоол буюу Эрүү, Зөрчлийн хуулийг дагалдаж гарсан таван хуульд хориг тавьсан ч байнгын хороод хүлээж аваагүй юм. Харин өнөөдөр Хуульзүйн сайн уг хуулийн төслийг дахин өргөн барьжээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн тусгасан байна.
Хуулийн зорилттой уялдуулан,
Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
Нууцлалыг хамгаалах;
Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад танилцуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment